“Стандарт” банк, “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэхээ мэдэгдлээ

“Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх нийт өр 115 сая ам долларт хүрсэн байна.

“Стандарт” банкнаас уг мөнгийг нэхэмжилсэн албан бичгийг Засгийн газарт ирүүлжээ. Тус банкнаас хоёр хувь албан бичгийг Монгол улсын Засгийн газар болоод “Монголын Зэс Корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинд хаяглан ирүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Стандарт” банкнаас ирүүлсэн бичигт “ “Эрдэнэт” үйлдвэрийг тав хоногийн дотор өрөө барагдуулахыг сануулсан. Хэрвээ өрөө төлөхгүй бол үйлдвэрийг битүүмжилнэ” гэж бичжээ.

Энэ талаар Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар ажиллаж байна. Ярвигтай асуудал. 115 сая долларыг төлөхтэй холбоотой бичиг ирсэн нь үнэн. Хувийг Ц.Пүрэвтүвшинд гэсэн байсан. Уг бичгийг хуурамч эсэхийг тогтоолгохоор холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Засгийн газар тодорхой арга хэмжээг авч ажиллана. Уг хэргээр арбитрын шүүхэд хэргээр ялагдсан байх магадлалтай байгаа. Үүнийг шалгаж байгаа” гэсэн юм.

Эргэн сануулахад, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэж тус үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан нь өнөөдөр хүү, алдангийн хамтаар ийнхүү нэхэгдээд байгаа юм.

Мөн энэ өдрүүдэд Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал тогтоогоод байгаа билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn