40 мянган иргэн УИХ-ыг тарахыг шаардан жагсаж байна

Ардчилсан намаас зохион байгуулж буй эсэргүүцлийн цуглаан Сүхбаатарын талбайд эхэлж байна. Уг жагсаалд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн дүүргүүдээс иргэд, дэмжигчид хүрэлцэн ирж оролцож байгаа юм.

Жагсагчид гартаа “60 тэрбумын УИХ тар”, ЖДҮ-чдэд хариуцлага тооцьё”, “Бид ЖДҮ-г жигшиж байна” гэсэн бичигтэй лоозон барьжээ.

Орон нутгаас Өвөрхангай аймгаас хамгийн олон төлөөлөл ирсэн гэсэн бол нийслэлийн Баянзүрх дүүргээс өнгөрсөн сарын 29-нд болсон ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас иргэдийн саналыг 50-100 мянган төгрөгөөр худалдан авсан гэж үзэж байгаа тул бухимдлаа илэрхийлэхээр өргөн бүрэлдэхүүнээрээ ирсэн гэж байлаа.

“Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, эдийн засгийн тулгуур бодлогыг ганхуулж, төрийн институци хоорондын уялдааг зөрчилдүүлж, Үндсэн хууль, эрх зүйн актуудыг дур зоргоороо зөрчиж, явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ ард нийтийг айдас, бухимдлаар хөглөн турхирч, Монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал газар авч байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна” хэмээн тус намаас мэдэгдээд буй. МАН-аас 2016 онд дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрөө биелүүлэх, ЖДҮСангаас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нартаа хариуцлага тооцох, өнгөрсөн 3 жилийн хугацаанд юу хийснээ тайлагнахыг Ардчилсан намаас энэ жагсаалаар дамжуулан шаардаж байгаа аж.

Ардчиллын тулгуур зарчмуудыг уландаа гишгэж буйг үл зөвшөөрч, Ардчилсан Монгол Улс, Ардчилсан Үндсэн хуулийг хамгаалж тэмцэн,хадгалж үлдэх нь Ардчилсан намын үүрэг мөн гэдгийг тэд хэлж байна.

Яг одоо Төв талбайд болж буй жагсаалд оюутнууд нэгдэн ирж байна. Оюутнууд Үндэсний тэтгэлэг болох 70200-г сэргээх, нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих, сургалтын төлбөрийн нэмэгдэл, “Оюутан цэрэг” хөтөлбөр зэрэг оюутан залууст тулгараад бэрхшээлийн талаар мэдээлэл хийж, яаралтай засч, залруулахыг эрх баригчдаас хүсч байгаа юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn