Мэргэжлийн эмчгүйгээр гоо сайхны өөх соруулах хагалгаа хийсэн “ТОД КАННАМ” эмнэлгийг хаана


-БҮТЭН МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭЛТТЭЙ ХАГАЛГААНЫ ХҮНДРЭЛ ГАРСАН УЧРААС УЛСЫН ЭМНЭЛЭГ РҮҮ ХҮРГЭГДЖЭЭ-

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь ачааллаа дийлээгүйн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ.

Учир явдлыг тодруулбаас, талийгаач эмэгтэй гуравдугаар сарын 26-ны өдөр “Тод Каннам ХХК” гэх хувийн эмнэлэгт гоо сайхны тураах хагалгаа болох биеийн бүхий л хэсгийн өөх соруулах хагалгаанд орсон байна. Уг хагалгааны үеэр талийгаач хүндрэлээ дийлэхгүй зүрхний цохилт тасалдаж эхэлсэн аж. Талийгаачийн бие огцом муудаж эхэлмэгч тухайн хувийн эмнэлгийн эмч нар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт рүү тээвэрлэн шилжүүлсэн байна. Улсын эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт нийтдээ гурван хоног эмчилгээ хийлгэж байгаад дөрөвдүгээр сарын нэгний өдөр хүртэл ухаан оролгүй харамсалтайгаар нас баржээ.

Гоо сайхны өөх соруулах хагалгааг хийхдээ бүтэн мэдээгүйжүүлэлттэй /наркоз/ хийдэг. Мөн бүтэн мэдээгүйжүүлэлт /наркоз/-той хагалгааны үеэр ямар нэг хүндрэл гарах юм бол ухаан орох найдлага тун бага байдаг аж. Учир нь бүх биений өөх соруулах хагалгаа маш хүнд төрлийн хагалгаанд тооцогддог бөгөөд тухайн хүний биеийн онцлог, хагалгааны үеийн хүндрэл зэргээс шалтгаалж өвчтөний зүрх зогсох тохиолдол гардаг байна.

Улаанбаатар хотын хэмжээнд эмчилгээний гоо сайхны мэс засал хийх тусгай чиг үүргийн зөвшөөрөлтэй хувийн 57 эмнэлэг байдаг. Эдгээр эмнэлгүүдэд сүүлийн үед хэт их таргалттай эмэгтэйчүүд хандан мэс засал хийлгэж байгааг эх сурвалжууд хэлж байгаа юм.

Бид тухайн эмнэлэг рүү холбогдож тодруулга авах гэсэн боловч “Манай эмнэлэг дээр хүн нас бараагүй” гэх тайлбараас өөр мэдээлэл өгсөнгүй. “Тод Каннам ХХК” эмнэлэг нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд нэг жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд хаягыг харвал “Эрэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг” хэмээн бичжээ.

Энэ талаар мэргэжлийн эмч хэлэхдээ:

Гоо сайхны өөр соруулах хагалгаа хүнд бөгөөд хүндрэл нь нас барах байдаг. Хүний биеийн өөх нь мэдрэл, зүрх судастай зэрэг бүхий л эд эрхтэнтэй холбоотой байдаг ба хүндрэл нь ихэвчлэн нас бардаг гэв.

-ЭМНЭЛЭГ ХАГАЛГААГ МЭРГЭЖЛИЙН ЭМЧГҮЙГЭЭР ХИЙСЭН-

Нийслэлийн мэргэжлийн хяналтаас өгсөн мэдээллээр: Тухайн эмнэлэг нь эмчилгээний гоо сайхны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх чиглэл авсан эмнэлэг юм. Энэхүү гоо сайхны өөх соруулах хагалгаа хийх зөвшөөрөл үйл ажиллагааны чиг үүрэгт заагдаагүй.

Энэ эмнэлэг шалгалт хийхэд хагалгаа хийх зөвшөөрөл эрхгүй, хаягын зөрчилтэй, мэргэжлийн эмчгүйгээр хагалгаа хийсэн гэх гурван зөрчил илрүүлсэн учраас тухайн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт холбогдох байгууллагад хүргүүлсэн байгаа.

Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж. Ажлын 21 хоног хүртлэх хугацаанд Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарах бөгөөд үхлийн шалгааныг эцэслэн тогтоосны дараагаар хэрэгт холбогдогчийг татан шалгах юм.

www.medee.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn