Төрийн албаны “ус”-ыг шахъя

Засгийн газраас Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай хэмээх сүржин нэртэй тогтоол гарч, төсвийн албан хаагчдын зүрхэнд шар ус хуруулж байснаас хойш таван жил өнгөрчээ. 140, 150 мянган хүнтэй ажиллаж болоод байсан төрийн аппарат 200 мянга гаруй ажилчидтай болоод байсан учраас энэ тогтоол нүдээ олсон шийдвэр байсан.

Гэтэл жилийн дараа шийдвэрээсээ буцаж, орон тоо цомхотгохын оронд цалин нэмэхгүй байхаар болсон нь албан хаагчдаа бодсон гэхээсээ илүү эвсэлд багтсан намуудын “шахаас”-ны хүмүүсийг авч үлдэх санаатай үйлдэл болсон юм. Тиймээс 40 хэдхэн албан тушаалтнуудыг цомхотгосон гэж сүржин зарласан мөртлөө орон тоо улам нэмэгдэж, төрийн данхагар толгой улам занхайсаар ирэв.

Гүйцэтгэх ажил, үүргээрээ “Танк, алим хоёр шиг” ялгаатай салбарт ээлжлэн ажилладаг “улс төрийн томилгоо” дарга даамлын зиндаанаас доошилж, төрийн үйлчилгээний албан хаагчдын хэмжээнд хүрчээ.

Төрийн захиргааны ямар ч байгууллагад ажлын ямар ч дадлага туршлагагүй хэрнээ ажилд орсон “амьгүй албат”-уудын тоо багадаа л 10 хувьд хүрсэн байна.

Хэн нэг даргын шахаасаар ажилд орсон ийм нөхдүүд зүгээр суугаад цалин авч, ард түмний хурааж хуримтлуулсныг шулан мөлжиж байгаа нь шударга явдал гэж үү. Өмнө нь хэзээ ч байгаагүй, эсвэл цөөхөн хүн хийж болдог орон тоон дээр өдий төдий хүн авч ажиллуулдаг дампуу байдал өнөөгийн Монгол төрийн албаны ердийн дүр төрх болсон байна.

Төрийн алба шинэ боловсон хүчнээр сэлбэгдэх нь буруу биш. Хамгийн гол нь төрийн алба нийтээрээ чанаржих ёстой. Гэтэл зарим байгууллага чадвар муутай ажилчдынхаа ажлыг хийлгэхийн тулд чадварлаг залуусыг авч, гүйцэтгэх ёстой үүргээс нь гадна өөр олон ажлаа хийлгэн дарамталдаг байдал хавтгайрсан байна. Даргын өгсөн үүрэг даалгаврыг доод ажилтнуудад дамжуулж хэлдэг, ажилтнуудын гүйцэтгэсэн ажлыг авч, “Би даргад танилцуулчихъя” гэдэг хурган дарганцарууд төрийн албыг муухай харагдуулж байна.

Хэдэн жилийн өмнө “Яам болгонд нэг аймаар авгай байдаг” гэсэн нийтлэл гарч, анхаарал татаж байсан. “Миний дүү энийг хийгээд өгөөч”, “Миний дүү тэрийг хийгээд өгөөч, шагнана шүү” гэх маягаар ажлаа бусдаар хийлгэдэг, компьютерийн наад захын мэдлэггүй авгайчууд бусдын хөдөлмөрийг шулж мөлжөөд сурчихсан байдаг талаар өгүүлсэн энэ нийтлэлийн үнэ цэнэ одоо ч буураагүй байна.

“Болдог бол халчихмаар байна, даанч тэр даргын хүн. Өөрөө талхнаасаа салчих гээд байна” гэж ярьж байгаа дарга нар захаас аван тааралдана. Бид өөрсдөө ямар гээч улс бий болгоо вэ. Өнөөдөр төрийн албаны хамаг ажлыг чадварлаг цөөхөн хүн хийж, олонх нь давхар хувийн бизнес эрхэлсэн шиг сулдаа ганхаж явдаг болсон байна. Ажлын хажуугаар давхар бизнес эрхэлж болох ч эхлээд ажилдаа эзэн болох ёстой шүү дээ.

Асуудлын гол учир чадваргүй хүнээр дарга тавьдаг тогтолцооноос л болж байна. Мэддэг, чаддаг хүнээр дарга тавьбал шаардлагаа хэнд ч тавиад чадваргүй хүмүүсийг халж солиод явж чадна. Чадваргүй, хөгийн бэртэгчингүүдээр дарга тавьж, тэд нь өөрөөсөө дор хүмүүсийг ажилд авдгаас болж төрийн алба хүчгүйдэж байна.

Өнөөдөр нэг байгууллагад жинхэнэ мэргэшсэн, аль ч төрийн үед байж л байдаг хүмүүс 80 хувь байхад мэргэжлийн бус, байнга солигддог, даргын татаасны буюу 1-2 жилийн настай “нүүдлийн шувууд” баттай 20 хувийг эзэлж байна.

Төсвийн байгууллагад орон тоо дур мэдэн нэмж, тодорхой хийсэн ажилгүй нөхдүүдэд сул цалин олгодог, үр хүүхэд, төрөл саднаа хоосон орон тоон дээр ажилуулсан нэрээр дансны аргаар мөнгө цохидог явдал байсаар байгааг АТГ-д шалгагдсан хэргүүдээс харагддаг. Гэвч нийтээр нь шалгаж, таслан зогсоох талаар довитой ажил явагдаагүй.

Зай бөглөж байгаа хүн төрд ямар нэмэргүй. Мэргэжлийн бус хүн тул тэртэй тэргүй ажил хийдэггүй. Магадгүй тэр хүн өөр газар, дуртай ажлаа хийгээд явсан бол илүү амжилт ч гаргаж, улс орондоо ч өөртөө ч тус нэмэр болж болох шүү дээ. Гэтэл төрийн албанд шигдэн өөрийгөө ч бусдыг ч хохироож байгаа юм. Төсвийн албан хаагчдад зарцуулж байгаа нийт цалингийн багаа л 20 хувь нь ийм бэртэгчингүүдэд зарцуулагдаж байна гэхээр үнэхээр харамсмаар.

Сэтгүүл зүйд материалын усыг шахах гэдэг хэлц бий. Нийтлэлээс утга санааг бүдэгрүүлсэн, сунжруулж хүчгүйдүүлсэн хэрэггүй үг, өгүүлбэрийг нь авч хаяхыг ингэж хэлдэг. Хэрэггүй үг, өгүүлбэр хасагдсанаар сонины зай талбай хэмнэгдэхээс нийтлэлийн утга төгөлдөржиж, хүч нь нэмэгдэн уншигчийн сэтгэл илүү тод, хүчтэй буух боломжтой болдог. Уншигчийн цагийг ч хэмнэдэг. Тэгвэл төрийн албан хаагчийг цөөлж, цомхон, чадварлаг бүтэцийг бий болгох нь ижил нөлөө үзүүлнэ. Гол нь энэ ажлыг маш оновчтойгоор, эзнийг нь олж, аажмаар хийх ёстой юм.

Хувийн хэвшилд ажиллаж хөдөлмөрлөж байгаа ямар ч хүн ажилдаа эзэн болж чаддаг. Чадваргүй, хэрэггүй хүнийг хэн ч сул цалинжуулахыг хүсэхгүй шүү дээ. Харин төрийн байгууллагад байдал эсрэгээрээ. Ширээний ард мануухай болж суудаг ийм нөхдүүд олшрохын хэрээр улсаас асар их хөрөнгө үргүй урсан гарч байгаад хэн ч дуугарахгүй байна.

Нийслэл, дүүргийн хэмжээнд, яам агентлагийн хэмжээнд гамшиг болж байгаа энэ асуудлыг хөндөж гаргах цаг нь болжээ. Амьгүй албатуудыг илрүүлэн гаргаж ирж, төрийн албанд бугшсан идээ бээр, усыг нь шахъя.

www.eagle.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn