Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, УИХ-ынхыг хасчээ

УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Үе, үеийн УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлт хийх асуудлыг хөнддөг ч баталж чадаагүй. Харин энэ удаагийн парламент нэг нам хэт олонх болсон давуу байдлаа ашиглан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж мэдэх нөхцөл байдал үүсээд байна.

Ингэхдээ чухам яаж өөрчлөх вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна. Учир нь Үндсэн хуулиар засаглалын хэлбэрийг өөрчлөх болон Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын эрх хэмжээний асуудлыг хүртэл өөрчлөх боломжтой болох юм. Энэ удаад Үндсэн хуульд долоон багц асуудлаар 42 заалтад өөрчлөлт оруулахаар байгаа юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нь хэвээр үлдээж Засгийн газрын тэр дундаа Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн байна. Харин УИХ-ын эрх мэдлийг тэр хэрээс хасч өгчээ. Тодруулбал, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрхтэй болох, УИХ тухайн жилийн улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглож өгчээ. Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж ирэхдээ дараагийн Ерөнхий сайдыг тодруулж УИХ-д оруулж хэлэлцүүлэх гэх мэтээр эрх мэдлийг нь нэмжээ. Мөн Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр ажиллах буюу “давхар дээл”-тэй байх хязгаарыг өгсөн байна. Шинэ Үндсэн хуулийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны долдугаар сарын 1-ны өдөр хэмээн тэмдэглэжээ.

УИХ-ын гишүүний хариуцлага, ёс зүйг нэмэгдүүлэх чиглэлээр маш олон өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаа суухгүй бол эргүүлэн татах, бусдын өмнөөс санал өгөх зэргийг хоригложээ.

Цаашлаад сонгуульд нэр дэвших насны хязгаарыг нэмж 30 нас болгосон байна.

ҮНДСЭН ХУУЛЬД оруулах өөрчлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Нэг. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАРИУЦЛАГАТАЙ ХОЛБООТОЙ ЗААЛТ

1.1.Санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглох

27.7.Улсын Их Хурлын гишүүн чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд биеэр оролцож, өөрийн итгэл үнэмшлээр санал өгнө.

1.2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүнийг эгүүлэн татах

29.4.Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь түүнийг гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.

1.3.Улсын Их Хурлын гишүүний насны доод хязгаарыг нэмэх

21.3.Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын гучин нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.

Хоёр. УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ЗААЛТ

2.1. Улсын Их Хурал хууль тогтоох байнгын буюу тасралтгүй ажиллах байгууллага байх нөхцөл шалгуурыг хангах

27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.

2.2. Асуудлыг олонхиор шийдэх ардчиллын зарчмыг хангаж, төлөөллийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх

27.6.Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.

Хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ.

2.3.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах

29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалинавна. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

II. УЛСЫН ИХ ХУРАЛ ЗАРИМ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ

Нэг. УЛСЫН ИХ ХУРАЛ САЙД НАРЫГ ТОМИЛДОГ ТОМИЛГООНЫ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ ЕРӨНХИЙ САЙДАД ШИЛЖҮҮЛЖ БАЙГАА ЗААЛТ

1.1.Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх боломж бүрдэх

39.3.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлснээс хойш 72 цагийн дотор Ерөнхийлөгч батламжилна.

Хоёр.ТӨСВИЙН ТАЛААРХИ УЛСЫН ИХ ХУРЛЫН БҮРЭН ЭРХИЙГ ТОДРУУЛАХ ЗААЛТ

2.1.Улсын төсвийн төлөвлөлтийн талаар Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх:

25.1.7.Улсын Их Хурал тухайн жилийн улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно.

Гурав.УЛСЫН ИХ ХУРЛЫН БҮРЭН ЭРХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ДУУСГАВАР БОЛОХ АСУУДЛЫГ ТОДРУУЛЖ БАЙГАА ЗААЛТ:

22.2.Дараахь тохиолдолд Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тарна:

1/Улсын Их Хурлын чуулганы хуралдааны санал хураалтаар Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн;

2/Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс хойш дөчин тав хоногийн дотор, Ерөнхий сайдын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсноос хойш хорин нэг хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй.

22.3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана. Ийнхүү шийдвэр гаргаснаас хойш 10 хоногийн дотор Улсын Их Хурал сонгуулийг товлон зарлах бөгөөд сонгуулийг 60 хоногийн дотор явуулна.

22.4.Улсын Их Хурлын шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Дөрөв. ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ПРОЦЕССИЙГ НАРИЙСГАЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН “ТАНХИМААР АЖИЛЛАХ ЗАРЧИМ”-ЫГ ТОГТООСОН ЗААЛТ

43.1.Улсын Их Хурал дахь олонхи нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дотор хэлэлцэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар уг асуудлыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

43.2.Улсын Их Хурал дахь цөөнхийг төлөөлж байгаа гишүүдийн санаачлагаар Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал арван тав хоногийн дотор хэлэлцэж, нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

43.3.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

44.1.Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч тогтоолын төсөл оруулбал Улсын Их Хурал арван тав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.

44.2.Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай тогтоолыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батлаагүй бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно.

Тав. ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР ДАВХАР АЖИЛЛАХЫГ ХЯЗГААРЛАХ

39.1.Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд, гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно.

Зургаа. УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ ЗААЛТ

21.4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно.

Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УлсынИх Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

III.УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ

Нэг. Улсын Их Хурал хяналтын чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх заалт:

28.3.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь, эсхүл Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийн хүрээний тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулж болно.

28.4.Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах эрхтэй. Тус хорооны дүгнэлт шүүх, эрх бүхий бусад байгууллагад үүрэг хүлээлгэхгүй.

28.5.Хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахгүй.

28.6.Хянан шалгах түр хороо байгуулах, ажиллах журмыг хуулиар тогтооно.

IV. НАМЫН ЧИГ ҮҮРЭГ, САНХҮҮЖИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМД СУУРИЛСАН ХАРИУЦЛАГАТАЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ

Нэг. Намын санхүүжилт, чиг үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой заалт:

191.1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна.

191 .2.Нам Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан, эсхүл бусад хуулийг зөрчсөн бол Улсын дээд шүүх хуульд заасан үндэслэлээр намыг тараах хүртэл хариуцлага хүлээлгэнэ.

191.3.Намын үйл ажиллагаа, санхүүжилтийн үндсэн зарчим, журам, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно.

V. ШҮҮГЧИЙН ТОМИЛГООГ УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУС БАЙЛГАХ, ШҮҮГЧИЙН ХАРИУЦЛАГА, ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

Нэг. Шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх заалт:

1.1. Шүүгчийн томилгоог ил тод болгож, хугацаа зааж, Ерөнхийлөгч шүүгчээр батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлдэг, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг “томилох” бус шүүгч нар өөрсдөө “сонгодог” болох заалт:

51.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлэхийн өмнө Улсын Их Хуралд танилцуулна. Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ.

51.5.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно.

6 1.2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тоо, эрх зүйн байдал, чиг үүргийг хуулиар өөрчлөх замаар улс төрийн нөлөө оруулдаг эрсдэлийг хаах заалт:

49.6.Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараахь журмаар байгуулна:

1/Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана;

2/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг Улсын Их Хурал, хоёрыг Ерөнхийлөгч тус тус томилох бөгөөд тэдгээр нь хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй байна;

3/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, хоёрыг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс сонгоно;

4/Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчөөс томилсон гишүүд дотроос нэр дэвшүүлж, нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

1.3. Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх заалт:

51.3.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын дөчин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно. Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна.

VI. ТӨРИЙН УЛС ТӨРИЙН АЛБАН ХААГЧААС БУСАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ УЛС ТӨРИЙН ШАЛТГААНААР БОЛОН СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР ТӨРИЙН АЛБАНААС ХАЛАХ, ЧӨЛӨӨЛӨХИЙГ ХОРИГЛОХ, ШАТЛАН ДЭВШИХ, ЧАДАХУЙН (МЕРИТ) ЗАРЧИМД СУУРИЛСАН ХАРИУЦЛАГАТАЙ ТОМИЛГООГ БИЙ БОЛГОХ

46.4.Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно. Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, эгэх хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавина.

VII.ОРОН НУТГИЙН ТҮВШИНД НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ

Нэг.Хотыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болгох:

Тавин долдугаар зүйл

57.1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот (орон нутгийн харьяалалтай)-д, сум нь багт, хот (орон нутгийн харьяалалтай) нь хороонд, нийслэл болон хот нь дүүрэгт, дүүрэг нь хороонд тус, тус хуваагдана.

57.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Тавин наймдугаар зүйл

58.1.Аймаг, нийслэл, хот, сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлагатай, засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бүхий, иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцох эрхтэй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж мөн. Баг, хороо бол засаг захиргааны анхан шатны нэгж мөн.

Хоёр.Олон нийтийн санал авах үеэр эхний ээлжинд сум, дүүргийн Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлдэггүй байх санал давтамж өндөртэй тавигдсаныг үндэслэн нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах журамд оруулж байгаа өөрчлөлт:

Тавин есдүгээр зүйл

59.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, хот, сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тухайн Хурлын чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.

59.3.Аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно. Сум, дүүрэг, хот (орон нутгийн харьяалалтай)-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг тухайн нутаг дэвсгэрт оршин суугч иргэд сонгоно. Сум, дүүрэг, хот (орон нутгийн харьяалалтай)-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд гагцхүү иргэн өөрийн нэрийг дэвшүүлэн оролцоно.

59.4.Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн нэгж нь сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд татвар тогтоох, өмчөө захиран зарцуулах эрхтэй байна.

59.5.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан болон сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргана.

Гурав.Олон нийтийн санал авах үеэр сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг сонгодог, аймаг, нийслэл, хот, баг, хорооны Засаг даргыг томилдог байх санал давтамж өндөртэй тавигдсаныг үндэслэн бүх шатны Засаг даргыг томилох, сонгохтой холбоотой оруулж байгаа өөрчлөлт:

Жардугаар зүйл

60.2.Аймаг, нийслэл, хотын Засаг даргыг тухайн нутгийн Хуралд танилцуулснаар Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар тус тус томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна.

60.3.Сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэл, хотын Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргын сонгуульд иргэн хуульд заасны дагуу бие даан нэр дэвшинэ. Сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

Дөрөв.Хурал, Засаг даргын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангахтай холбоотой заалт:

60.4.Хуульд заасан үндэслэлээр аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар аймаг, нийслэл, хотын Засаг даргыг огцруулах саналыг Ерөнхий сайдад, баг, хорооны иргэдийн дөрөвний нэгээс доошгүй нь баг, хорооны Засаг даргыг огцруулах саналыг сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргад өргөн мэдүүлсэн бол арван тав хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэнэ. Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан тохиолдолд нөхөн томилох асуудлыг арван тав хоногийн дотор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

60.5.Сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг хуульд заасан үндэслэлээр огцруулах саналыг аймаг, нийслэл, хотын Засаг дарга сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Хуралд оруулсан бол арван тав хоногийн дотор уг асуудлаар Хурал шийдвэр гаргаж, хариу мэдэгдэнэ. Хурал сум, хот (орон нутгийн харьяалалтай), дүүргийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан тохиолдолд бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэл, хотын Засаг дарга томилно.

www.medee.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn