ТУУЛ ГОЛД ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛД АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаясан асуудлаар Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран газар дээр нь ажиллаж, хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “ДЦС-III” ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг газар дээр нь таслан зогсоож, малын сэг зэмийг халдваргүйжүүлж устгалын арга хэмжээг авч ажиллалаа. Мөн Туул голын далан давуулан хаяж буй үнс зайлуулсан ус болон хөрснөөс дээж авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид дээжүүдийг өгөөд байна. Шинжилгээний хариу гарсны дараа Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана.

Үүссэн учир шалтгааныг “ДЦС-III” ТӨХК-ийн инженерүүдээс тодруулахад зууханд үүссэн үнсийг шүүлтүүрээр шүүж, усаар тээвэрлэн үнсэн санд үнсийг хүргэж, саарал усыг тунгаан хуримтлуулж станцруу шахаж дахин ашигладаг байна. Эдгээр шаталсан сангуудын ажиллагаа доголдсоноос болж станцын үнсний шугамд бөглөрөл үүсч, үнсэн сангийн түвшин өндөр гарч далан сэтрэх аюулд хүрснээс үүдэн аваарын шугам хоолойгоор тунгаагдсан үнс зайлуулсан усыг голд хаясан байна. “ДЦС-III” ТӨХК-ийн инженер техникийн ажилтнуудад дахин Туул голын далан давуулан үнс зайлуулсан ус хаяхгүй байх талаар нь шаардлага тавьж анхааруулга өгч ажиллав.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn