Гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд аудит хийхийг шаардав


Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2019.04.10/-ийн хуралдаанаар Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг Ажлын хэсэг танилцууллаа. Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийн нэрийг өөрчлөх, хугацаанд өөрчлөлт оруулах, тогтоолд ерөнхий нэрээр орсон аудитын сэдвүүдийг тодотгох, зарим аудитын сэдвийг тогтоолын төслөөс хасах, мөн аудитын шинэ сэдэв нэмэх зайлшгүй шаардлага гарчээ. Тухайлбал, Монголын цахилгаан холбоо ТӨХК-ийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа, үр дүн, Хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулалтын өр барагдуулалтын байдал, Төмөр замыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжүүлэлт, үр дүн зэрэгт аудит хийх шаардлагатай гэдгийг судалгааны явцад харагдлаа. Үүнээс гадна аудитын зардал нь батлагдаагүй Оюутолгой төслийн нэг болон хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөх өр төлбөрийн байдлын аудит, мөн улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр концессын барих, шилжүүлэх төрлөөр хэрэжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилт, Газрын тосны салбарт 2018 онд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалтын өртөг болсон нөхсөн зардлын хэмжээ газрын тосны экспорт борлуулалтын орлогын тооцоонд гэсэн энэ гурван чиглэлд аудит хийхийг хасах саналтай байна гэдгийг ажлын хэсгээс танилцууллаа. Үүний дараа гишүүд асуулт, хариулт авлаа. Тухайлбал,

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ:

-Оюутолгой төслийн нэг болон хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хийх аудитын шалгалтыг хойшлуулж байгааг дэмжихгүй байна. Өнөөдөр Оюутолгойн асуудалтай холбоотой олон асуудал нийгэмд үнэн, худал нь мэдэгдэхгүй яригдаж байгаа энэ цаг үед Үндэсний аудитын газар шалгаж, дүгнэлтээ гаргах ёстой. Шалгалтыг хойшлуулж оруулж ирж байгаа нь маш буруу. Цаг үеэ олоогүй санал оруулж ирлээ. Газрын тосны өртөг нөхөх зардлыг баталгаажуулаагүй бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Засгийн газартай гэрээ байгуулсан ААН-үүдийг шалгахыг хойшлуулах нь мөн буруу. Өртөг, зардлыг баталгаажуулах ажлыг Үндэсний аудитын газар зайлшгүй хийх хэрэгтэй. Мөн төрийн өмчийн оролцоотой ААН-үүдэд аудит хийх асуудлыг онцгой анхаарах шаардлагатай.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Өнгөрсөн оны нэгдүгээр сард энэ онд хийх аудитын сэдвүүдийг зардалтай нь оруулж ирээд батлуулсан. Сангийн яаман дээр хяналттай учраас дээрх гурван аудитын сэдэв хасагдсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН:

-Үндэсний аудитын газрын даргын асуудал бий. Энэ асуудлыг УИХ-ын даргатай ярилцаад шийдэх шаардлага бий. Эсвэл хуучин даргыг нь буцаад томилох боломжтой бол томилоод үгүй бол чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчийг нь томилох ёстой. Даргын асуудлыг нь даруй шийдэхгүй бол Үндэсний аудитын газрын үйл ажиллагаа доголдож байна. Хоёрдугаарт бид асуудлынхаа хойноос нь яваад байна. Уг нь тайланг нь эхлээд сонсмоор байна. Өнгөрсөн жил бидний баталсан аудитын сэдвийн хэрэгжилтийг сонсох ёстой. Өнгөрсөн жил аудитын сэдэвт санал болгож миний өөрөө оруулсан хоёр асуудал бий. Нэгдэх нь улсын хэмжээнд царцсан барилгууд олон бий. Үүнд аудит хийсэн үү, ямар дүн гарсан бэ. Хоёрдугаарт 2012-2016 онд концессын гэрээгээр БСШУС-ын салбарт 72 объект барина гэж оруулчихсан. Гэтэл нүх ухаж орхиод маш хариуцлагагүй хандсан. Гаднын зээл тусламжаар хийнэ гээд орхисноос үүдэж олон компанийн эрх ашиг хөндөгдөж байна. Энэ асуудлаар аудит хийх талаар сэдвийг нь баталсан. Шалгалтын дүнг танилцуулмаар байна. Гуравдугаарт Оюутолгой төслийн нэг болон хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтад аудит хийх гэсэн боловч үнэ өртөг нь өндөр гээд хийгээгүй юм билээ. Миний тооцооллоор 500 сая орчим төгрөгт багтаагаад аудит хийх боломжтой л гэж харж байна. Гэтэл манай аудитын байгууллага 1 сая ам.долларт хийх ёстой гээд байгаа юм л даа. Энэ асуудлыг нэг тийш нь болгох ёстой. Нэг сая ам.доллараар аудит хийнэ гэдэг нь шалтаг нь юм уу эсвэл шалтгаан юм уу. Энэ асуудалд байнгын хороо ч шахаж ажилламаар байна.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Нэг сая ам.долларт 2018 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрх түдгэлзсэнээс хойш гүйцэтгэлийн болон нийцлийн аудиторын тайлан өнөөдрийг хүртэл баталгаажиж гараагүй. Царцсан барилгын аудитад 46 объект хамрагдаж, аудитын тайлан хийгдэж дууссан боловч Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрх түдгэлзсэнээс үүдэж энэ тайлан баталгаажаагүй байгаа. Хэрэв Д.Тогтохсүрэн гишүүн та танилцах шаардлагатай байгаа бол албан бичгээр төслийг авч танилцах боломжтой байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БАТНАСАН:

-Төрийн хяналтын чиг үүргийг танай байгууллага хийх ёстой. Танайх хэр ачаалалттай ажиллаж байна вэ гэдгийг асуумаар байна. Хүн хүч хүрэлцэж байна уу, асуудал юундаа байна. Дубайн гэрээний шалгалтыг хийгээч ээ, хангалттай төсөв тусгасан. Гэтэл сангийн яам дээр гацчихлаа гэж хэлдэг. Ийм байвал энд ажил ярих хэрэг байгаа юм уу. Сангийн яам нь хийг л дээ. Байнгын хорооны хуралдаан дээр яригдсан асуудлыг Сангийн яам шийддэг хуулийн гарц байна уу. Хуулийн байгууллагуудын шалгаж байгаа том том хэргүүдэд танайх аудит хийж байна уу. Аудит хийх сэдэвтээ Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг оруулах хэрэгтэй.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Манай байгууллага маш ачаалалттай ажиллаж байна. Бид жилдээ 625 нэгжийн 6800 аудит дээр ажилладаг. Зөвхөн санхүүгийн аудит гэхэд үүний 51 хувийг нь хийж чаддаг. 100 хувь хийж чадахгүй байгаагийн шалтгаан хүний нөөцтэй шууд холбоотой. Нийт хийх аудитын 34 хувийг нь хувийн аудитын компаниар гэрээгээр хийлгэдэг. Зөвхөн Үндэсний аудитын газрын аудиторууд 50 мянган цаг илүү ажиллаж байна. Илүү ажилласан цагийн мөнгийг олгодоггүй, үнэхээр ачаалалттай ажилладаг. Хэрэв сэдэв нэмэх бол зарим сэдвийг нь хасах асуудлыг тавьж байгаа юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:
-Орон тоог нэмэгдүүлэх асуудлыг би дэмжиж байна. Төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр юу хийж байна вэ гэдэгт хүн нэг бүрчлэн шалгадаг. Бүтэн жилийн санхүүгийн асуудлыг нэг аудитор 2-3 хан хоногт бүтэн шалгаж дуусна гэж байхгүй.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn