ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ

ЭЕШ болон МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn  цахим хуудсаар, орон даяар өнөөдөр 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
2. Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
3. Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл
4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
5. И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/

Боловсролын үнэлгээний төвийн “ЦАХИМ ЗӨВЛӨХ” портал сайт http://help.eec.mn нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид болон багш нарт туслах зорилготой цахим зөвлөх хуудас юм.

Хэрэглээ: Интернетэд холбогдсон гар утас, компьютертэй бол хаанаас ч хэзээ ч ашиглах боломжтой. Өөрийн компьютер дээр нэмэлт программ суулгах шаардлагагүй. Утсаар ашиглах бол ДАТА үнэ төлбөргүй.

Ач холбогдол: Шалгуулагчид ЭЕШ-тай холбоотой бүхий л мэдээллийг хамгийн хялбар, энгийн ойлгомжтой хэлбэрээр нэг дороос авах боломжтой.

Тус цахим зөвлөх хуудсанд хандсанаар:

  • Өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулгад илүү төвлөрсөн Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл,
  • 12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим хичээлүүд үзэх;
  • 2018, 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын 11 хичээлийн жишиг даалгаварууд (түлхүүр үгтэй)-ыг ашиглан мэдлэг чадвараа сорих;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хэрхэн хамрагдах, ЭЕШ-ын блюпринт зэрэг заавар зөвлөмжүүдтэй танилцах;
  • Түгээмэл асуулт хариулт хэсгээс өөрт тулгамдаж буй асуултад хариулт авах;
  • Цаг үеийн мэдээ мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авах  боломжтой юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn