Хэд хоногийн өмнө такси барив. Очих газраа хүртэл 1500 төгрөг гарч байсан 5000 төгрөгөө сарвайлаа. Жолооч залууд задгай мөнгө байхгүй байснаас болоод жижигхэн хүндрэл үүсэв. Гэнэт л нөгөө залуу маань орилоод дайраад эхлэв. Би амьдрах гээд зовж байна, түрүүн байсан бүх мөнгөөрөө бинзен хийсэн, надад 5000 төгрөг ч алга гэх мэтээр урсаж өгөв … Би дэлгүүр орж өнөөхөө задлуулж мөнгийг нь өгчихөөд яагаав ийм зүйл болов гэж нэлээн удаан бодлоо.
Ер нь л хүмүүс стресстэй байна. Улс төр хүмүүсийг стресстүүлж байна, боломжийн тэгш бус байдал, нэг нь үхтлээ зүтгэж зүтгэж өндөр хувийн зээл аван махаа идэн зээлээ төлж байхад нэг хэсэг нь зүгээр дээрэм хийж баярхаж амьдардаг явдал, хэвлэл мэдээлэл үргэлж л болж бүтэхгүй аллага дээрэм … Бүх зүйл хүмүүсийг стресстүүлж байна. Энэ бүхнийг өөрчлөөд шударга ёсыг авчирцгаая гээд тэсэрч дэлбэрч талбай дээр гарч жагссан ч тэр нь энэ улсын төлөө биш тэр л хүмүүсийн хувийн эрх ашгийн төлөө байсанд бас бухимдаж … Үүн дээр гэр бүлийн асуудал бүр улирлын асуудал ч хүмүүсийг стресстүүлж байна. Утас мааждаг, тэр утсан дотор байгаа цаазла ал гэдэг мянган хашхираан ч энд хамаатай. Энэ бүхний үр дүнд хэзээ ч тэсрэхэд бэлэн хэдэн мянган хүмүүс энэ хотод ямар нэг зүйл хийгээд явж байна. Тэсрэнэ, зөвхөн хэзээ хэн дээр вэ ? гэдэг л асуудал бий. Над дээр тэсэрсэн таксины жолооч шиг … Та нарт тийм явдал тохиолдож байсан уу ? Ерөөсөө том асуудал биш шалихгүй зүйл дээр пизда наахуугаараа дуудуулж, бараг цохиод авч байгаа гарууд тааралдаж байв уу ? Тэр бол зөвхөн танд тэр үед уурласандаа биш ерөөсөө олон хоногийн турш олон зүйлд бухимдаж явсан стресс дэлбэрч байгаа юм. Бид нар ч гэсэн өөрсдийн мэдэлгүй хэн нэгэнд өөр нэгнээс авсан бухимдлаа гаргачихаж байгаа. Энэ нийгэм өөрөө ийм стресстэй байна. Энэ яван явсаар хүчирхийлэлтэй шууд холбоотой. Яагаад залуус нэгнийгээ 13 давхраас шидтэлээ харгис болж, аав шигээ хүнийг чи муу манаач хэмээн дэвсэлж байна вэ ?
Гарц ? Энэ их цаг хугацаа орох үйл явц юм шиг байна. Соён гэгээрүүлэх, үлгэрлэн манлайлах, зөв хүмүүс илүү тод гарч ирэх, сайн гэгээлэг мэдээг илүү түгээх их чухал болж байх шиг байна. Бид маш том туулах ёстой нэг давааг туулж яваагаа ойлгох хэрэгтэй. Энэ өөрөө амаргүй, маш хэцүү ч шийдэгдэж болох асуудал. Угаасаа энэ хэцүү асуудал учраас үүнд бухимдаж стресстэх хэрэггүй. Үүнийг өөрчилөхийн төлөө хамтдаа нэгдээд урагшилж байх ёстой. Зөв хүмүүс амбицлалаа, пи ардлаа гэж арьсаа хамгаалж чимээгүй суух хэрэггүй. Одоо илүү чанга тод дуугарах оролцох цаг мөн, үгүй бол муу зүйлс улам гаарч бид өөрсдөө идүүлнэ, хүүхдүүд маань энэ нийгэмд үлдэнэ. Яарах хэрэггүй гэхдээ зогсож болохгүй. Хамгийн сүүлд нь бид нар энэ хэцүү цаг үед ороо бусгаа нийгэмд амьдарч байгаа хүмүүс бие биендээ жаахан ч гэсэн хайртай, хүнлэг баймаар байна. Нэг л амьдрах хорвоод хүний тавилангаар Монгол хүн болж төрөөд ийм гунигтай амьдрах ёсгүй гэж бодож байна. Бидний сонгосон “Сонголтгүй” төр системийн хямралд гарцгүй хэвтэж байгаа энэ үед бид ядаж бие биедээ хүнлэг байх ёстой бус уу ? Монголчууд аа, амьддаа биенээ хайрлацгаая !
Ч.Ганжавхлан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.