СУРВАЛЖИЛГА: Өргөн хэрэглээний нийлэг уут “ЗҮСЭЭ” хувиргаж дахин хэрэглээнд нэвтэрчээ


-НИЙЛЭГ УУТЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭР “ОБ ПЛАСТИК” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ БАЙНА УУ-

2019 оны гуравдугаар сарын 01-нээс өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Тодруулбал, 0,035 мм-ээс нимгэн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг дээрх өдрөөс хойш хилээр оруулж ирэхгүй, дэлгүүр, үйлчилгээний газрууд түүгээр үйлчлэхгүй байх шийдвэр гарсан.

Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, МХЕГ болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллаж байгаа. Шийдвэр хэрэгжиж эхэлсэн эхний өдрүүдэд хүнсний дэлгүүр, супермаркетууд гялгар уутаар үйлчлэхгүй, иргэд ч даавуун тор идэвхтэй худалдан авч байсан. Гэвч монголын хууль гурав хоног гэдэг шиг өнөөдөр томоохон худалдааны төвүүд болон зах, супермаркет, хүнсний дэлгүүрүүд “ОБ Пластик” ХХК-д үйлдвэрлэсэн “ЗҮСЭЭ” хувиргаж зузаан болсон гялгар торыг өдөр тутамдаа хэрэглэж буй дүр зураг “Бөмбөгөр” худалдааны төвөөр сурвалжилга бэлтгэхээр явж байхад ажиглагдаж байв.

Бид тус худалдааны төвийн худалдагч нараас Засгийн газрын шийдвэрийг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа талаар асуухад “Би махны худалдаачин өглөө эрт “Хүчит шонхор” захаас мах худалдаж авахад гялгар торонд савлаж өгдөг. Би энэ уутнуудыг 200 төгрөгөөр худалдаж авахаас өөр арга алга. Энд ирээд угааж цэвэрлээд мах худалдаж авсан хүмүүстээ зүгээр өгч байна. Хамгийн гол нь гялгар уутыг хэрэглээнээс хасахад иргэдийн оролцоо маш чухал байна. Хүмүүс мах худалдаж авахаар ирэхдээ торгүй ирдэг. Тэгээд албатай юм шиг “Тор өг” гэж уурладаг. Ийм хүмүүст тор өгдөг. Шүүсийг нь гоожуулаад алган дээр нь тавьж болохгүй биз дээ.

Одоо бидний хэрэглэж буй уут өмнө нь 100 төгрөгөөр зарагддаг байсан уутнаас үл ялиг зузаан болоод үнэ нь нэг дахин нэмэгдсэн. Махны наймаачид бид Засгийн газраас гаргасан шийдвэрийг ердөө ч ойлгохгүй байна. Нимгэн уутыг хэрэглээнээс хассан мөртлөө зузаан уутыг нь яагаад хасахгүй байгаа юм бэ. Бүгдийг нь хориглох хэрэгтэй биз дээ. Өмнө бид 100 ширхэг уутыг 6500 төгрөгөөр авдаг байсан. Харин одоо 50 ширхэг зузаан уутыг 6500 төгрөгөөр худалдаж авдаг. Өнгө хэмжээ нь өмнөхтэйгөө ижилхэн боловч зузаан болоод 50 ширхэг уут нь хасагдсан. Энэ уутыг 200 төгрөгөөр мах худалдан авч буй хүмүүст зарах гэхээр авдаггүй. Махныхаа үнэд шингээх гэхээр мах зарагдахгүй. Наймаачид өөрөөсөө мөнгө гаргаад эдийн засгийн хувьд хохирч байна. Бидний хэрэглэж буй бүх уутнуудыг “ОБ ПЛАСТИК” ХХК зузаан болгоод үйлдвэрлэж, өндөр үнээр зарж борлуулж эхэлсэн” гэв.


Цагаан идээний худалдагч: “Засгийн газраас гаргасан шийдвэр өнөөдөр хэрэгжихгүй байгаа. Өмнө нь хэрэглэж байсан бүх нийлэг уутнуудыг “ОБ ПЛАСТИК” ХХК өнгийг нь өөрчлөн зузаан болгон үйлдвэрлэж нэг дахин өндөр үнээр худалдаалж байгаа. Иргэд ч гэсэн гялгар уутнаас татгалзаж чадахгүй юм авахаар ирэхдээ байнга гялгар уут нэхэж уурлана. Урдаас нь 100 төгрөгийн уут 200 төгрөг болсон гэхээр мөнгөө шидэж өгдөг. Хэрэв гялгар тор худалдаж авахад хүндрэлтэй хэцүү байгаа бол 2500 төгрөгөөр даавуун тор худалдаж авах хэрэгтэй биз дээ. Гялгар торыг зузаан, нимгэн гэж ангилан хориглож байхаар бүгдийг нь хориглох хэрэгтэй” гэж байв.

Нийлэг уутнаас татгалзаж чадахгүй, нимгэн уутыг зузаан болгон үйлдвэрлэж дахин хэрэглээнд нэвтрүүлсэн нь харамсалтай. Тиймээс улс орнууд гялгар уутнаас яагаад татгалзах болсон бэ гэдэгт эхлээд хариулт эрье. Хар тугалга хайлуулж, химийн бодисоор хийдэг, гялгар уутанд хүнсний бүтээгдэхүүн хийхэд урвалд орж, бензол, формальдегид, тлоул зэрэг органик уусгагч бодис ялгаруулдаг нь чимээгүй аюул тээдэг. Цаашлаад гэдэсний савханцар, хорт хавдартай болох эрсдэлтэй гэдгийг эмч нар анхааруулдаг. Хамгийн нимгэн гэж хэлж болох 0,025 мм зузаантай гялгар уут л гэхэд газрын хөрсөнд 100-500 жилийн дараа уусч алга болдог нь хөрс, ус, агаарыг бохирдуулж, байгаль дэлхийг чимээгүй хордуулдаг.

Манай улс 2009 онд “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хууль боловсруулж, хэсэг хугацаанд иргэд гялгар уутнаас татгалзан, дэлгүүрүүд хүртэл цаасан болон даавуун тор худалдаалж байсан үе бий. 10 орчим жилийн өмнө батлагдсан энэ хууль харин өнөөдөр ор тас мартагдаж, цаасан дээр бичигдсэнээс өөр бодит үр дүн харагдахгүй болжээ. Иргэд, олон нийт ч эрүүл мэнд, байгаль дэлхийд халтайг мэдсээр байж гялгар уутыг хэрэглэсээр байгаа нь харамсалтай. Тоог мэдээллийг харахад манай улсад жилд 2.3 сая тонн хог хаягдал гардагийн 100 гаруй мянган тонныг нь нийлэг уут, хуванцар сав, эдлэл эзэлдэг гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газраас мэдэгдсэн байдаг. Өмнө нь хэрэглэж байсан уутаа зузаан болгон дахин хэрэглэх биш бүр мөсөн татгалзах цаг болсон. Үүнд МХЕГ, БОАЖЯ болон бусад холбогдох албаны хүмүүс хатуу хяналт тавих цаг болжээ.

Дэлхий дахинд:

АНУ-д 2014 оноос гялгар уутыг томоохон супермаркетуудад эхэлж хорьж, хоёр жилийн дараа гэхэд эмийн сан, жижиг дэлгүүрүүд ч цаасан уутыг хэрэглээнд нэвтрүүлж хэвшсэн байна.
Ирланд улс 2002 оноос эхлэн гялгар уут болгонд 15 центийн торгууль бодож худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хуулийн хариуцлага тооцож эхэлсэн бөгөөд хоёр жилийн өмнөөс 22 цент болгож нэмэгдүүлжээ. Ингэснээр олон зуун сая еврог улсынхаа эдийн засагт төвлөрүүлж, энэ үзүүлэлтээрээ европын улсуудыг манлайлжээ. Тус улсын энэ жишгийг өнгөрөгч оноос Бельги, Швейцарь, Герман улсууд хуулбарлан хэрэгжүүлэх болжээ
Мавритан, Мозамбик зэрэг өмнөд африкийн орнууд нийлэг гялгар уутыг тэр чигээр нь хэрэглээнээс хасах шийдвэрийг саяхан гаргажээ
АНУ-д жилд 100 тэрбумыг хол давсан гялгар уут хэрэглэдгээс 12 сая тонныг нь дотооддоо үйлдвэрлэж, мөн үүний таван сая орчим тонныг нь огт хэрэглэхгүйгээр байгаль дээр хаядаг гэнэ
Дундаж амьдралтай америк гэр бүл жилд 1500 удаа дэлгүүрээс гэртээ гялгар уут авчирдаг бөгөөд нэг авчрахдаа гураваас доошгүйг авчирдаг аж
Хүн төрөлхтөний далайд хаяж буй нийт хог хаягдлын 80 хувийг хуванцар материалаар хийгдсэн сав, нийлэг уут эзэлдэг. Үүний дотор 267 өөр төрлийн гялгар уут багтдаг байна
Жилд 100 мянган далайн амьтан гялгар уут, хуванцар хог хаягдлаас болж амиа алддаг болохыг америк эрдэмтэд судалж тогтоожээ.

www.medee.mn
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn