Д.Сүхжаргал: Миний охиныг нас барахаас гурав хоногийн өмнө хана мөргүүлж зодсон байсан


Энэ сарын 9-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн сэжигтнээр түүний найз залуу Б гэгчийг татан шалгаж байгаа ба хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Болсон явдлын талаар талийгаач Ц-ийн аав Д.Сүхжаргалтай ярилцлаа.

-Хүнд хэцүү үед тань ярилцах хүсэлт гаргасанд уучлаарай. Та охиныгоо нас барсан тухай хэзээ мэдсэн бэ?

-Ах нь хэрэг болдог шөнө хотод байгаагүй, хөдөөгүүр ажилтай явж байсан. Тэр өдөр орой хот руу 10:00 цагийн үед орж ирсэн. Гэрийнхээ гадаа иртэл манай давхрын шатан дээр дүү маань тамхи татаад сууж байсан. Хэзээ ирсэн бэ, юу болов гэхэд дүү маань “Ахаа ийм юм болсоон. Дүү өнгөрчихлөө” гэсэн. Энэ тухай сонсоод ухаан алдах шахсан. Тэр шөнийн болсон явдлыг тухайн үедээ ойлгох сөхөө байгаагүй. Тэгээд цагдаа дээр очиход, мөрдөгч надад болсон явдлыг тайлбарлаж өгсөн. Мөрдөгчийн хэлж байгаагаар анхны мэдүүлгээр Боргил гэдэг нөхөр бол хэрэлдэж маргалдсан, маргаан болж байхад цонхоор өөрөө үсэрчихсэн гэж мэдүүлсэн байна лээ.

-Охиныг амиа хорлосон гэдэгт та хэр үнэмшилтэй хандаж байгаа вэ?

-Тэгэхэд би мөрдөгчид хэлсэн. Ийм хэмжээний маргаан болох үед миний охин хаана ч амиа аваад гарчих сэргэлэн хүүхэд, хүний гарт зүгээр л өртчихөөр хүүхэд биш, өөрийгөө хаа ч аваад явчихдаг хүүхэд. Энэ хэрэгт ямар нэгэн гадны нөлөө орсон. Амь насаа өөрөө хохироох тийм ухамсартай хүүхэд биш. Манай амьдрал яахаа алдчихсан хэцүү биш ээ. Хүн ирээд хоноход идэж уух зүйлгүй, олон ам бүлээрээ биш. Миний амьдрал ч тийм муу биш. Дундаж л тэгш сайхан айл. Үр хүүхдүүдээ өлсгөж цангаахгүй, өмссөн зүүсэн бүрэн бүтэн байлгахын төлөө амьдралыг авч явж байгаа хүн шүү дээ.

Манай хүн өнгөрсөн арванхоёрдугаар сард бурхан болсон. Гэтэл ээжийгээ өнгөрлөө гээд сэтгэл санаагаар унаад амиа хорлосон гэдэг мэдээлэл гадуур гарчээ. Хэний ч гэсэн аав ээжий бурхны жам ёсоор өнгөрдөг. Тэгээд л аав ээжийгээ өнгөрсний төлөө хүн болгон сэтгэл санаагаар унаад амь насаа хохироогоод байна гэвэл энэ улсад хүн байхгүй болно шүү дээ. Ийм хэмжээний ухамсар дорой, сэтгэлийн хатуужилгүй хүүхэд биш юм.

-Хэргийн сэжигтэн Боргилтой талийгаач ямар холбоотой байсан юм бэ? Зөвхөн үерхдэг байсан уу эсвэл гэр бүл болох хэмжээнд байсан уу?

-Миний охин мэдлэг боловсролтой. Хичээлээ маш шаргуу хийдэг охин. Ирэх таван сард сургуулиа төгсөх байсан. Шалгалт шүүлэг гээд завгүй гүйж явсан. Тэгээд л орой сургууль дээрээ 6, 7 хүртэл суух гэхээр нөгөө этгээд зургаан цагаас ажлаа тарж хүрч ирээд л “чи наанаа хэнтэй заваараад юу хийгээд байгаа юм, хурдан гарч ир” гэдэг. Миний охинд бол тийм завхай зайдан зүйл байхгүй. Нэг ч удаа миний зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гадуур хонож үзээгүй . Гэтэл жилийн өмнө нэг удаа хоносон. Утсаар ярихад “Аав ээжээ би та хоёртой очиж уулзая. Найз залуутай болсон. Тусдаа амьдрахаар болж байнаа” гэсэн. Юу яриад байгаа юм, битгий ийм юм ярь. Тэр хүнээ гэртээ авч ирээд бид хоёртой уулзуул гэхэд Боргилыг дагуулж ирээд танилцуулсан. Ирэх жилээс хурим найраа хийнээ гээд гуйгаад явсан. Би ч одоо 22, 23 настай хүүхдийг хориод байхгүй шүү дээ.

-Таныг хэргийн газарт ороход ямар нөхцөл байдалтай байсан бэ? Сэжигтэй зүйлс ажиглагдсан уу?

-Шүүхийн шинжилгээ, цагдаагийн дөрвөн хүнтэй хамт би хэргийн газарт орсон. Яг үүдээр нь ороход миний охин гэрээсээ авч явсан том цүнх, бүтээлэгт хувцас хунараа хийчихсэн, айлаас хөөгдөж байгаа хүн шиг гарах гэж байсан байна лээ. Маргалдсан болохоор л “Би харилаа” гэсэн бололтой хамаг юмаа үүдэндээ овоолчихсон байсан.

Тэр гэрт ороод харахад бүх зүйл ойлгомжтой байсан. Хууль мэдэхгүй би ч хараад энэ бол гадны нөлөөтэй гэдгийг мэдэж байсан. Яагаад вэ гэхээр, охины маань унасан цонхны урд талд нэг метр орчим өргөнтэй цагаан өнгийн буйдан байгаа юм. Тэр өндөрт байгаа цонхоор охиныг өөрөө үсэрсэн гэж яриад байгаа. Энэ цонхоор үсрэх гэж байгаа хүн буйдан дээр нэг хөлөөрөө ч гэсэн заавал гишгэнээ дээ. Гэтэл тэр буйдан дээр хүн гишгэсэн гэх ямар ч ул мөр байхгүй. Тэр цонх руу гарахын тулд цонхны урд талын буйдан дээр гишгэлгүйгээр гарна гэдэг боломжгүй зүйл байгаа юм. Боргилын анхны мэдүүлэг бол “Гал тогоонд ус уугаад байж байхад өөрөө үсэрчихсэн” гэсэн байгаа юм. Мэдээж хэрэг хүнийг зодоод юм уу түлхээд алчихсан хүн би алчихсан гэж хэзээ ч мэдүүлэхгүй. Иймэрхүү хэргийн байдлууд байхад 72 цаг саатуулаад архийг нь гаргангуутаа, Баянзүрх дүүргийн н.Ариунсанаа батлан даалтаар гаргаад явуулчихсан байгаа юм.

-Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас, сэжигтэн Боргилыг тухайн үед эрүүл байсан гэж мэдээлсэн. Гэтэл сэжигтнийг тухайн өдөр эрүүлжүүлэх байранд хонуулаад, 72 цагийн дараа батлан даалтад гаргасан гэдэг хоёр мэдээлэл зөрүүтэй байна. Таныг очих үед дуудлагын цагдаа нар Боргилыг согтуу байсан талаар хэлсэн үү?

-Хэрэг болсны маргааш өглөө шууд цагдаа дээр очсон. Тэгэхэд хэргийг мөрдөж байсан байцаагч хэлэхдээ, Боргил согтуу байсан учраас эрүүлжүүлэхэд хийсэн байгаа. Одоо доод давхарт эрүүлжүүлэхэд байгаа гэж хэлсэн. Үдээс хойш манай охины найз талийгаачийн явуулж байсан зургуудыг цагдаад нь өгөхөөр очих үед Боргил байцаалт өгөөд сууж байсан байгаа юм. Тэр өдөр согтуугаар баригдаж хоригдсон нь үнэн. 72 цаг л хоригдоод батлан даалтад гарсан. Хэрвээ жирийн иргэний хүүхэд байсан бол өдийд 461-т сууж байх байсан. Хэргийн газар очих үед миний охин гэрлүүгээ ирэх гээд хувцас хунараа цуглуулчихсан байсан. Унасан гээд байгаа цонхны хүрээгээр гарын хээг бэхжүүлэх гээд хүрэн зүйлс түрхсэн байсан. Би тэр газарт очоод юу анзаарсан гэхээр, тэр байр маш жижиг зайтай. Гал тогоо том өрөө хоёр нь хамтдаа байдаг. Гэтэл ус уугаад зогсож байх үед нь үсэрчихсэн гэж байгаа юм. Хэрвээ үнэхээр л ус уугаад зогсож байсан бол үсрэх гэж байхад нь харна. Гүйж ирээд татаж аваад хориглохгүй яасан юм бэ.

Би хэлээд байна шүү дээ. Миний охин бол үсрээд уначих тийм хэмжээний сэтгэхүйн доройтолтой хүн биш ээ.

-Надад байгаа мэдээлэл, таны хэлж байгаа мэдээлэл хоёр хоорондоо зөрөөд байна. Боргил цагдаад мэдүүлэхдээ “Би талийгаачтай муудалцсан. Хэрүүл хийхгүй гээд комьпютер тоглоод сууж байтал нөгөө өрөөний цонх дуугарсан, очоод хартал уначихсан байсан” гэсэн байгаа юм. Тэгэхээр таныг хэргийн газарт очих үед нөгөө өрөөнд нь комьпютер байсан уу? Та анзаарсан уу?

-Мэдэхгүй, би тэр талаар анзаараагүй юм байна. Ямартай ч анхны мэдүүлэг дээр “Эхлээд маргалдсан. Гал тогооны өрөөнд ус уугаад зогсож байх хойгуур өөрөө үсэрчихсэн” гэсэн байгаа юм. Гал тогооны өрөө зочны өрөө хоёр бол нэг өрөө. Ямар тагтны хаалга онгойлгоод шууд унаж байгаа биш дээ. Тэр цонх наанаа буйдантай, хүн тэр өөд авираад цонхоор үсрэх гээд ноцолдож байхад харахгүй байна гэж бол байхгүй.

Гэтэл энэ хоёр мэдүүлэг зөрөөд байна шүү дээ. Хэргийн процессыг өөрчилж нөхцөл байдлыг өөр болгож байна шүү дээ. Эхний мэдүүлгээ яаж өгсөн байна тэр бол 60-70 хувь үнэн байдаг. Гэтэл энэ хоёр мэдүүлэг зөрж байгаа нь гадуур байцааж байгаагийн л гай болж байна. Гадуур байхдаа хуулийн мэдлэгтэй өмгөөлөгчтэй уулзаж, үг яриа заалгаж байна шүү дээ. Чи ус ууж байсан биш, комьпютерийнхээ урд байсан, хараагүй өөр өрөөнд байсан гэж зааж өгсөн бололтой.

Ямар ч байсан ажил явдлаа дуусгасан. Одоо хууль цагдаагаар явна. Өнөөдрөөс эхлээд би прокурортой уулзаад эхэлнэ гэж бодож байна.

-Талийгаач охин бүжиглэдэг байсан гэсэн. Ямар мэргэжлээр суралцаж байсан бэ? Зан араншингийн хувьд ямархүү охин байсан бэ?

-“Улаанбаатар Эрдэм Оюу” дээд сургуулийг нягтлан бодох мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хүний нөөцийн удирдлагын академид суралцаж байгаад энэ тавдугаар сард сургуулиа төгсөх байсан. Урлаг уран сайхан, спорт гээд авьяастай охин байсан. Бүжгийн хамтлагтай байсан, сагс, волейбол теннис гээд хичээллэдэг байсан.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ? Талийгаач айлын хэд дэх хүүхэд байсан бэ?

-Эх эцгээсээ дөрвүүлээ, айлын гурав дахь охин. Дээрээ нэг эгч, нэг ахтай. Доороо нэг дүүтэй. Дөрвөн хүүхэдтэй тэгширсэн айл гэдэг. Ах нь тэгж л бодож явдаг байлаа. Өнгөрсөн жил би ханийгаа алдсан. Удаагүй байтал миний охинд ийм аймшигтай зүйл тохиолдлоо.

-Гар утсыг нь шалгаж үзсэн үү? Хамгийн сүүлд бичсэн захидал харилцааны тухайд?

-Миний охин унахдаа гар утасгүй байсан. Утсаараа үргэлж ар гэрийнхэндээ мэдээлэл өгч байдаг хүн чинь утасгүй байсан. Унасных нь дараа Боргил эгч рүү нь утасдаад “Дүү чинь уначихлаа” гэсэн. Одоо гар утсыг нь цагдаа нар шалгаж байгаа.

-Хэн анх цагдаад дуудлага өгсөн юм бэ?

-Боргил өөрөө өгсөн.

-Талийгаач Боргилтой жил гаруй хугацаанд үерхсэн гэлээ. Энэ хугацаанд та хэдэн удаа уулзсан бэ? Уулзах үед ямар зүйл ажиглагдаж байсан бэ?

-Надад бол манай охин үргэлж магтдаг байсан. Зан ааш нь эвдрээгүй, боловсролтой, надтай муудалцахдаа хүний урманд цохиж авдаггүй гэдэг байсан. Надад худлаа яриад байж л дээ. Гэтэл өмнө нь дөрвөн удаа зодсон байгаа юм. Хэрэг гарахаас гурван өдрийн өмнө зодуулсан болов уу гэмээр цээж хэсэг нь хөх няц болчихсон байсан. Дараа нь уруулыг нь сэтэлчихсэн. Өөрөө орон дээр суугаад хөнжил даавуу нь цус болчихсон тийм зургаа амьд байхдаа найз руугаа явуулж байсан байна лээ. Боргилд харуулж болохгүй, утсан дээрээсээ устгалаа, та нарт байж байг хэрэг болж магадгүй гээд явуулсан байсан.

-Талийгаач Боргилтой муудалцах болсон шалтгаанаа найзууддаа юу гэж хэлж байсан юм бол?

-Өмнө нь Боргил авгай хүүхэдтэй байсан гэдэг нь үнэн юм билээ. Би сүүлд л мэдлээ. Ердөөсөө хардалтын л шалтгаантай. Талийгаачийн сургуулийн найзууд нь хэлж байгаа юм. Хичээл хийгээд суух гэхээр л сургуулийн гадаа ирээд өлсөөд байна цангаад байна гээд утасдаад л байдаг гэсэн. Сургуульд хэнтэйгээ заваартаад байна гэх мэтээр дарамталдаг байсан байгаа юм. Би эндээс харахдаа, өөрөө тэр хүн ямар байна хүнийг өөр шигээ бодож л байдаг байж. Тийм учраас энэ хүн боож юм уу ямар нэг байдлаар амь насыг нь хохироочихоод хэргээ нуух гэж шидсэн байх л гэж бодож байна. Түүнээс биш миний охин Боргилд шидүүлэхээргүй хүүхэд. Би хүүхдүүдтэйгээ их тоглодог. Охиноо гижигдэж бариад тоглоход би бол дийлдэггүй, хэдий туранхай ч гэсэн их шөрмөстэй охин.

-Охиныг нас барахаасаа өмнө зодуулсан байсан гэсэн. Энэ талаар?

-Сүүлд гэртээ орж ирэхдээ завжнаас нь цус гарсан орж ирсэн. Би учрыг асуухад, Боргил бид хоёр муудалцаад би ширээ мөргөчихсөн чинь ийм болчихлоо гэсэн. Тэгэхэд л надад үнэнээ хэлчихсэн бол би хэзээ ч охиноо явуулахгүй байсан.

Намайг хөдөө явах гэж байхад нэг юм хэлэх гэж байгаа юм шиг байсан. Тэгэхээд би ухаад асуусан чинь “Боргил намайг барьж байгаад хана руу мөргүүлчихсэн” гэж хэлсэн.

Үүнийг мэдээд л би охиноо гаргахгүй гэртээ бай гэсэн. Гэтэл нас барахынх нь өмнөх орой талийгаач “Боргил танаас ирж уучлалт гуйна гэсэн. Одоо дахиж хэрүүл зодоон хийхгүй. Гэрийн гадаа сүү аваад ирчихсэн тантай уулзана гэж байна. Би гараад ирье” гэсэн. Гэтэл утас нь холбогдохгүй болчихсон. Өглөө нь ярихад “Боргилтой хоносон, одоо хичээлдээ явж байна” гэхээр нь би хөдөө явсан. Гэтэл буцаад ирэхэд л ийм аймшигтай зүйл болсон байна.

Бүрэн эхээр нь “ӨГЛӨӨНИЙ СОНИН”-оос унших боломжтой!

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn