Монголчуудын соёлын өвийн асуудлаар гурван улсын эрдэмтэд чуулж байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн ба Олон улсын монгол судлалын холбоо хамтран “Монголчуудын соёлын өв: гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” дөрөв дэх удаагийн олон улсын хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

2013 оноос эхлэн Санк-Петербург, Улаанбаатар хотноо хоёр жил тутам зохион байгуулагдах болсон уг хурал нь дэлхийн улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын түүх, соёлын дурсгалуудыг судлах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж таниулах, хамтран хэвлэж түгээн сурталчлах, судалгааны цар хүрээг тэлж өргөжүүлэх, олон улсын эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулахад чиглэсэн хамтын ажиллагааны чухал арга хэмжээ ажээ.

Энэ удаагийн хуралд Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Монголын Үндэсний музей, МУИС, МУБИС, СУИС, “Их Засаг“ их сургууль, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн, Эдийн соёлын түүхийн хүрээлэн, Дорно дахины судлалын хүрээлэн,Сибирийн салбарын Монгол, төвд, буддын судлалын хүрээлэн, Оросын ШУА-ийн архивын Санкт-Петербургийн салбар, “Эрмитаж” музей, Оросын Угсаатны зүйн музей, Санкт-Петербургийн Тэнгисийн техникийн Их сургууль, Барилга-Архитектурын их сургууль, ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан улсын Казаны их сургууль, Казаны Инновацийн их сургууль, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйрын дээд сургууль, Хөх хотын “Чонос” өв соёлын сан зэрэг Монголын түүх, соёл, хэл утга зохиол, монгол судлалын салбарт судалгаа явуулдаг 21 байгууллагын 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.

Хурлын зорилго нь Монгол Улс, ОХУ, БНХАУ, Япон улсад хадгалагдаж байгаа гар бичмэл, сурвалж бичгүүд, монгол судлаач эрдэмтдийн сан хөмрөг, бүтээл туурвил, Монголын хэл, түүх, соёлын асуудлуудыг судлан шинжилсэн,шинэ баримт,эх хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцэж, судалгаа шинжилгээний өнөөгийн төлөв байдлын талаар санал солилцох, цаашдын хандлага, цар хүрээг тогтоох, харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа ажээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn