ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан: Мал аж ахуйн үйлдвэрлэлд тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн ашиглана


Мал аж ахуй нь Монгол орныг үеийн үед авч ирсэн уламжлалт салбар боловч үйлдвэрлэлийн дийлэнх ажиллагаа нь гараар хийгддэг, нүүдлийн хэлбэрээ хадгалсаар өнөөг хүрчээ. Иймд мал аж ахуйгаа анхаарч, байгаль цаг уураас хараат байдлыг багасгаж, өгөөж үр ашгийг дээшлүүлэх нь чухал юм. Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн процессоос мал услах, угаах, ноос хяргах, гэх мэт 70 гаруй ажиллагааг механикжуулах боломжтой гэж судлаачид тодорхойлжээ. Иймээс нэн тэргүүн ээлжид механикжуулах шаардлагатай ажил үйлдлүүдийг судалж, малчдын болон мал эмнэлгийн ажилчдын ажил үйлчилгээг хөнгөвчлөх ажлын хүрээнд хэд хэдэн орчин үеийн тоног төхөөрөмж Мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрээд байна.

МУ-ын Засгийн газраас мал, амьтны халдварт, гоц халдварт, шимэгчлэх өвчнөөс нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх бодлого баримталж байна. Энэ ч үүднээс жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байх шийдвэр гарсан.

Орон нутагт мал угаалгын арга хэмжээг суурин баннад умбуулах болон шүрших хэлбэрээр зохион байгуулдаг бөгөөд жил бүр нийт мал сүргийн 45 орчим хувийг угаах арга хэмжээнд хамруулж байна. Харин 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн дэвшилтэд технологийг ашигласан, монгол инженерүүдийн зохион бүтээж, үйлдвэрлэсэн мал угаалгын зөөврийн 225 ширхэг тоног төхөөрөмжийг яам худалдан авч, 21 аймгийн 225 суманд хуваарилж, орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулсан. Энэхүү ажлыг гүйцэтгэсэн “Тэш агь констрашн” ХХК-ний үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Сайдын зөвлөх Р.Жадамбаа, МААБХЗГ-ын дарга Д.Батмөнх болон албаны бусад хүмүүс мал угаалгын зөөврийн төхөөрөмж болон олон үйлдэлт бог малын конверийн үйлдвэрлэлтэй танилцав.

Компанийн захирал Д.Төгсбаяр шинээр үйлдвэрлэж буй олон үйлдэл бог малын конверийн системийн талаар танилцуулга хийв. Энэхүү төхөөрөмж нь мал аж ахуйн салбар өндөр хөгжсөн Шинэ Зеланд, Австрали зэрэг улс оронд анх 2005 оноос үйлдвэрлэлд нэвтэрсэн бөгөөд тус компанийн инженерийн багийн туршилт судалгааны үр дүнд 2018 оноос мал аж ахуйн салбарт нэвтрүүлж буй шинэ технологи юм.

Конверийн систем нь зөөврийн угаалгын баннтай холбогдож малыг автоматаар зөөвөрлөн оруулах боломжтой бөгөөд эм, тарилга, туулга олгох, мал хөнгөлөх, эвэр тайрах, туурай засах, им, тэмдэг тавих ажлыг автомат нэг урсгалаар хийж гүйцэтгэх зориулалт бүхий төхөөрөмж юм.

ХХААХҮ-н Сайд Ч.Улаан мал аж ахуйн үйлдвэрлэлд өндөр технологийн тоног төхөөрөмжийг өөрсдийн хүчээр эх орондоо үйлдвэрлэж байгаад талархаад, цаашид мал аж ахуйн үйлдвэрлэлд өргөнөөр тус тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн ашиглахад хамтран ажиллах болохоо илэрхийлэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn