Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хүлэмжийн аж, ахуйн 90 хувийг БНХАУ-ын Таньжинь Фүүдс компанид өгөх лоббиг хийсэн үү


Монгол улсын 50 га газарт хүлэмжийн аж, ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын төрийн өмчит Тяньжинь фүүдс компанид олгох асуудлыг өнгөрсөн сарын 27-ны өдрийн /2019.03.27/ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд дэмжээгүй. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх О.Бат-Найрамдалаар ахлуулсан ажлын хэсгээс НИТХ-д чиглэл өгсний дагуу Хотын дарга С.Амарсайхан өөрийн нэр дээр тус асуудлыг оруулж хэлэлцүүлсэн ч дэмжлэг аваагүй юм.

Олон нийтээс дэмжлэг аваагүй уг асуудлыг Хотын дарга С.Амарсайхан нууцаар зүтгүүлж Таньжинь фүүдс компанид зөвшөөрөл өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл, Таньжинь фүүдс компани Монголд үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон гэсэн үг.

Тодруулбал, Хотын дарга С.Амарсайхан тэр өдөртөө /2019.03.27/ шийдвэр гаргаж хуучин байгуулагдсан байсан төрийн өмчит компанийн нэр дээр Хятадын Таняжин фүүдс компанитай гэрээ байгуулах зохицуулалтыг хийсэн. Өөрөөр хэлбэл, шинэ компани байгуулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж зөвшөөрөл авна гэж зовохгүйгээр хуучин компаниар дамжуулж Таньжин фүүдс компанийг оруулж ирэх юм.

Тэрбээр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас дэмжлэг аваагүй олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад буй уг асуудлыг УЛАЙРАН ЗҮТГҮҮЛЭХ шалтгаан юу вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЖ БУЙГААР тус асуудлыг Хотын дарга С.Амарсайханаар дамжуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна. Хамгийн ноцтой нь тэдний лобби Монголын аж, ахуй нэгжүүдийг татан унагах, Хятадуудад нарийн ногооны зах зээлээ алдахад хүргэж байгаа юм.

Монгол улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Улаанбаатар, Таньжин хот хооронд 10 ажил хийхээр төлөвлөсний нэг нь Монголын 50 га газарт хүлэмжийн аж, ахуй эрхлэх бөгөөд бусад есөн ажил нь юу болох нь одоогоор тодорхойгүй байгаа гэдэг.

Нийслэлээс 50 га газраа 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэн Таньжинь фүүдс компанид олгох юм. Харин Таньжинь фүүдс компани энэхүү 50 га газарт 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хүлэмж байгуулна.

БНХАУ-ын 96.4 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдах энэхүү хүлэмжид хятадууд хүнсний ногоо тариалан, нийслэлийн хүн амыг хангах, улмаар гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой бөгөөд тус компани хүлэмжийнхээ ажилд монгол ажилчид ажиллуулах аж.

-50 ГА ГАЗАР МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮЛЭМЖИЙН 90 ХУВЬТАЙ ТЭНЦЭНЭ-

50 га газар нь Монгол улсын нийт хүлэмжийн 90 хувьтай тэнцэнэ. Тэгэхээр хүлэмжийн аж, ахуйн 90 хувьд нь хятадууд үйл ажиллагаа явуулбал дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгч, аж, ахуй нэгжүүдийг татан унагах эрсдэлтэй учраас уг асуудал НИТХ-ын тэргүүлэгчдээр дэмжигдээгүй байна. Гэтэл Хотын дарга С.Амарсайхан өөрөө дур мэдэн Таньжин фүүдс компанийг Монголд оруулж ирэхийг зөвшөөрлийг баталсан нь зарим хүмүүсийн лоббинд орсонтой холбоотой байж таарав.

Тус компани эхний 1-2 жилд тарьсан ногоогоо маш хямдаар борлуулна. Энэ нь манай жижиг аж, ахуй нэгжүүдийг татан унагах эрсдэлтэй байгаа юм. Харин үүний дараа Монголын зах зээлд зарагдах хүнсний ногооны үнийг зах зээл дангаараар тогтоож, монополь үйл ажиллагаа явуулна гэж НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун нарын хүмүүс мэдэгдээд байна.

www.medee.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ

2019-05-18

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn