ЖДҮХС-ийн зээлийн асуудлаар төрийн ДӨРВӨН алба хаагч яллагдагчаар татагджээ


ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдийн дуулиан үргэлжилсээр. Одоо ч шалгагдах шатандаа явж байна. Тодруулбал, ЖДҮХС-аас өөрийн болон хамаарал бүхий этгээддээ мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан бага хүүтэй зээл авсан дуулианы мөрөөр АТГ шалгаж, тогтоох ажлаа хийж буй. Одоогийн байдлаар таван гишүүн шалгагдаж яллагдагчаар татагдах шатандаа явж байгаа.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлээд буй. Гэвч прокуророос ямар нэгэн тодорхой хариу гараагүй нам гүм байгаа аж.

Нөгөө хоёр гишүүд буюу Б.Ундармаа, Б.Батзориг нарын тухайд одоо хүртэл шалгагдаж дуусаагүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж буй юм.

Тэгвэл тэдний араас төрийн албан хаагчид болох дөрвөн хүнийг яллагдагчаар татахаар болсон байна. Тодруулбал,

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат,

-“Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаяр,

-“Топ мах боловсруулах” үйлдвэрийн Б.Мөнхтулга,

-“Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн нарыг тус тус яллагдагчаар татахаар болсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хэдийн онцлогдоод эхэлсэн юм.

ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байсан Д.Энхбатыг зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан. Мөн түүнд хилийн хориг ч тавиад байсан юм. Тэгвэл ийнхүү АТГ-аас хэргийг шалгаж, яллагдагчаар татахаар болсон бололтой.

Мөн “Наму дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаярыг ч яллагдагчаар татахаар болсон байна. Тэрээр “Булган буудайн түрүү”, “Наму дэвжих” ХХК-иудыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас худалдаж авсан гэгдэж буй. Гэхдээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр Ш.Мөнхбаяр дээрх хоёр компанийг анхнаас нь үүсгэн байгуулсан байгаа юм. Энэ бүхний учир холбогдол удахгүй шалгалтаар тогтоогдох биз ээ.

-ЖДҮХС-ийн зээл авахад нөлөөлөөгүй, хэрэг нь хэрэгсэхгүй болсон гишүүдийн тоо нэмэгдээгүй хэвээр байна-

ЖДҮХС-аас зээл авахад нөлөөлсөн хэмээн хардагдаж байсан нэр бүхий 15 гишүүний буруугүйг тогтоож, хэрэгсэхгүй болгох саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Тодруулбал, тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна.

Төслүүдэд албан тушаалтан хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж шууд үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэсэн үг юм.

ЖДҮХС-гийн сонгон шалгаруулалт хууль, журмын дагуу байсан уу, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг, иргэд олон нийтийн яриад байгаа шиг ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлсан уу гэдгийг нотлох үүднээс АТГ ажиллаж байгаа гэв. Энэ хүрээнд зээл авсан 216 иргэн, аж ахуйн нэгжээс гадна төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа бүрдүүлж өгсөн 800 гаруй төслийн материалыг хураан авч шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, шалгарсан шалгараагүй бүх аж ахуйн нэгжүүдийг аль алийг нь үзэж нягталж буй.

Улмаар шалгараагүй үлдсэн 800 гаруй төсөл дотор шалгарах боломжтой 100 гаруй төсөл хүсэгч ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүд байсныг одоогоор тогтоогоод байна. Хэрэв төсөл нь шалгараагүй бол яагаад шалгараагүй вэ, шалгарах боломж байсан уу, шалгарсан бол тус сангийн журам зааврыг зөрчиж, албан тушаалтанд нөлөөлж авлига, хээл хахууль өгч хамрагдсан уу гэдгийг ч мөн шалгаж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn