Сүхбаатарын талбайг 18 жил “Манасан” А.Батжаргал


ӨВӨЛ ЦАХИЛГААНААР ХАЛДАГ, ЗУН СҮҮДЭРТ НЬ СУУХ САРАВЧТАЙ БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ

Монгол Улсын нийслэлийн төв талбайн баруун талд “Монгол орноо мандуулъя” гэсэн бичигтэй байшингийн буланд урдуур нь алхах хүн бүрт хандан “Гутлаа тослуулаарай” хэмээн хэлэх энэ эрхмийг А.Батжаргал гэдэг. Тэрбээр өвлийн хахир хүйтэн, зуны бүгчим халуун өдрүүдийг үл хайхран 18 жилийн турш Жанжны талбайг үнэнч “Манаж” настай ээж, дүү нараа тэжээдэг гэв. А.Батжаргал “Орбит”-ын тойрог гэх газар амьдардаг бөгөөд өглөө 08:00 цагт гэрээсээ яаран гарч Сүхбаатарын талбайд 10:00 цагийн үед ирж орой нар жаргатал эндээ суудаг аж.
Бид түүнтэй ярилцах хүсэлтэйгээ хэлтэл “Би группийн жаахан мөнгө авдаг юмаа. Намайг гутал тосолж мөнгө олдог гээд халамжийг маань хасчихгүй байгаа” гээд их л санаа зовсон байдалтай хэлэв. А.Батжаргал эмэгтэй гутлыг 2000 төгрөг, эрэгтэй гутлыг 1500 төгрөгөөр гялалзтал зүлгэж өнгө оруулдаг. Түүний тосолсон гутал 14 хоногтоо өнгөө алдахгүй гялтганадаг байв. Түүнээс манай зурагчин өглөө тосолсон гутлаа харуулаад “Би гутлаа өнгө оруулж чадаж уу” гэтэл “Өө тослох гэж гурилдсан байна” гээд тас тас хөхрөв. Түүний өдрийн орлого харилцан адилгүй хамгийн багадаа 6000 төгрөгийн орлоготой орой гэр рүүгээ буцдаг. Зуны улиралд жуулчид гутлаа тослуулаад овоо хэдэн бор төгрөг олдог гэдгээ хуучилж байв.
А.Батжаргалаас төв талбайд 18 жил суухдаа улс төрчид, алдартай хүмүүсийн гутлыг тосолж байв уу гэхэд “Нэлээд хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр надаар үйлчлүүлж байлаа. Би хэдхэн секунтын дотор гутлыг нь гялалзтал тослоод өгтөл “Хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг юм байна. Баярлалаа” гээд цоо шинэ таван мянгатын дэвсгэрт өгч байсан нь санаанаас ер гардаггүй юм. Улс төрчид хааяа гутлаа тослуулнаа, гэхдээ заримынх нэрийг мэдэхгүй. Ямар ч байсан байнга л мэдээгээр гардаг хүмүүс шиг л харагддаг. Миний хувьд нэг гутлыг 60 секунтын дотор тосолдог учраас ам хөдлөх завгүй ажилладаг. Хүмүүс “Баярлалаа” гэж хэлээд л яваад өгдөг учраас царайг нь тогтож харсан удаа тун цөөхөн байдаг. Сая ингээд хуучин дурсамжаа хуваалцсан чинь нэг дурсамж тод санагдлаа. Одоогоос 10 гаруй жилийн өмнө гадаадын нэг жуулчин их сонин гутал өмсчихсөн байж билээ. Гарын таван хуруунд өмсдөг бээлий шиг хар өнгийн гутал байсан. Тийм гутал өмнө нь тосолж үзээгүй болохоор их сандарсан гэдгээ инээдээ барин байж бидэнд хуучлав.

А.Батжаргалын мөрөөдлийг асуутал “Дээхэн үед хамгийн хурдан гутал тосолсон хүнд саравч өгнө гэсэн уралдаан зохион байгуулагдсан ч би түрүүлж чадаагүй. Их дэлгүүрийн хажууд гутал тосолдог нэг хүн авч байлаа. Миний өдрийн орлого хоол ундандаа яваад дуусчихдаг учраас өвөл нь цахилгаанаар халдаг, зуны нарнаас хамгаалах саравчтай болох юмсан гэж олон жил мөрөөдөж байна. Дараа жилээс орцны жижүүрийн ажил хийх бодолтой байгаа. Гэхдээ намайг тоож авах хүн олдох болов уу даа. Би өнөөдрийг хүртэл эцэгийнхээ захиасыг санан архи тамхинаас хол явлаа. Намайг хүүхэд байхад аав минь “Хүнд гай бололгүй урдах ажлаа чин үнэнчээр хийж яваарай. Архи, тамхинаас хол яв, амьдралаа сүйтгэв” гэж сургадаг байсан” гэв. Ийнхүү биднийг хуучилж суух зуурт үйлчлүүлэгч ирж ажилдаа идэвхийлэн оров.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА www.medee.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn