Дэлхийн 30 гаруй орон руу Монгол бүтээгдэхүүнийг ГАРГАХ ажлын эхлэл тавигдлаа

 

-МОНГОЛЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СИНГАПУРААР ДАМЖУУЛАН ЗҮШН ӨМНӨД АЗИЙН 30 ГАРУЙ ОРОН РУУ ГАРАХ СУВАГ НЭЭГДЭЖ БАЙНА-

Монгол-Сингапурын хамтарсан хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдаа, экспорт-хөрөнгө оруулалтын форум гуравдугаар сарын 07-12 ны өдрүүдэд анх удаа зохион байгуулагдаж байна. Энэ үеэр “Эрина Солюшнс” компанийн менежер н.Наранцогттой ярилцлаа.

-Монгол-Сингапурын хамтарсан хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдаа, экспорт-хөрөнгө оруулалтын форумын гол ач холбогдол юу вэ?

-Монгол-Сингапурын форум анх удаа зохион байгуулагдаж байна. Сингапур дахь Азийн Бизнес инженерүүдийн группээс Монголын бараа бүтээгдэхүүнийг Сингапураар дамжуулан Зүүн өмнөд Азийн 30 гаруй орон болон Энэтхэг рүү гаргах сувгийг нээж өгч байгаагаараа онцгой ач холбогдолтой. Дан ганц экспортод гаргаад зогсохгүй жижиг дунд үйлдвэрлэгчдэд 200 гаруй хөрөнгө оруулагчдыг холбож өгөх юм. Мөн үйлдвэрлэл үйлчилгээгээ дэлхийн стандартад хүргэхэд, менежментийн болон бусад бүх төрлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх компаниар “Эрина Солюшнс” ажиллаж байгаа. Том компаниуд болон жижиг дунд үйлдвэрлэгч гэсэн хоёр ангилалттай. Том компаниудад буюу Монголдоо хэдийнээ хөлөө олчихсон экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргахад бэлэн болчихсон үндэсний үйлдвэрлэгчид багтсан. Энэхүү форумд ийм томоохон 30 компани оролцох боломжийг олгосон ч 20 гаруй компанийн төлөөлөл ирлээ. Энэ нь том компаниуд хэдийн зах зээлээ олчихсон, өөрийн гэсэн хөрөнгөтэй болчихсон, өөрсдөө экспортод гаргах хэмжээний чадал байгаа тул форумд оролцох хэрэгцээ бага байсан гэж харж байна.

Харин ЖДҮ-чдэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаагаас гадна, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл, экспортлох гарц гүүр яалт ч үгүй хэрэгтэй. Иймд тус форум жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд илүү үр нөлөө ихтэй.

-Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэгчдийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Тэдгээр үйлдвэрлэгчдэд ямар хүндрэл бэрхшээл байна, тэрхүү бэрхшээлийг давах ямар гарцууд байгаа вэ?

-Манай компани 2018 оны есдүгээр сараас эхлээд компаниудаар явж бараа бүтээгдэхүүнтэй нь танилцсан. Ялангуяа орон нутгийн үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнийхээ чанар стандартыг сайжруулах хэрэгцээ нэн шаардлагатай байна. Мөн бүтээгдэхүүнээ байнгын борлуулалтын эргэлтэд оруулах хэрэгцээ бий. Одоогийн байдлаар Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид цагаан сар, наадам, намрын ургацын баярын үеэр гэхчлэн зөвхөн улирлын чанартайгаар л борлуулалтаа хийж байна. Энэ жижигхэн хүрээнээс гарч Зүүн Азийн орнуудын хэмжээнд бараа бүтээгдэхүүнээ эргэлдүүлэх тэр хэмжээнд хүрсэн чанар стандартадтай болох зорилго бий.

Тус форум экспортод гаргаад зогсохгүй хөрөнгө оруулалт, менежмент, стандартын шаардлага хангах хэмжээнд хүргэх зөвлөгөө, сургалтад хамруулж дэмжиж ажиллах давуу талтай. Экспортод гарч чадвал дэлхийн 30 гаруй орны 650 сая хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэх боломж бий. Сингапурын төдийгүй Зүүн хойд Азийн хамгийн том флатформ, онлайн зах зээл болох Redmart-д багтаж өөрийн гэсэн хаягтай болох боломж байгаа.

-Жижиглэн худалдаа эрхлэгчид бараагаа олноор үйлдвэрлэх хэмжээний хүчин чадалгүй тул, дэлхийн байтугатай Монголын зах зээлд гарч чадна гэсэн наад захын төсөөлөл, итгэл найдвар байдаггүй шүү дээ?

-Яг үнэн. Жижиг дунд үйлдвэрлэгчид олноор үйлдвэрлэж чадахгүй учир экспортод бараагаа гаргаж хэрэглэгчдийг бараа бүтээгдэхүүнээр хангаж чадахгүй байх гэсэн хамгийн том айдастай байдаг. Тэгвэл тус форумаар жижиглэн худалдааг анхаарч байгаа нь хамгийн таатай. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэгч та өөрт байгаа бараа бүтээгдэхүүнээ redmart-д гаргаж үзээд хэр сайн яваагаа шалгаж болдог. Таны бүтээгдэхүүн онцгой бөгөөд хэрэгцээтэй байж чадвал экспортоор дамжуулан хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой. Монголд жижиг дунд үйлдвэрлэгчид их байгаа бол дэлхийн өнцөг булан бүрт тэр хэмжээний хөрөнгө оруулагчид бий. Үүний гүүр болох холбоос нь Сингапурын дахь Азийн Бизнес инженерүүдийн групп болж байгаагаараа онцлогтой форум болж байгаа юм.

-Экспортод гаргах, хөрөнгө оруулалт татах, чанар стандартаа сайжруулах бүх гарц гаргалаа нь бэлэн байгаа бол нөгөө талаар жижиг дунд үйлдвэрлэгчид өөрсдөө ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

-Хамгийн эхлээд цагаан сарын, наадмын, ургацын баярын хэрэгцээг хангаж хэдэн бүтээгдэхүүн борлуулаад л болоо гэсэн үзэл бодлоосоо салах хэрэгтэй. Дараа нь дор хаяж Монголд тавигддаг чанар стандартыг хангахын төлөө хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд хөрөнгө оруулалтын төслийн санал, гаргалгаагаа зөв бичих нь чухал. Хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах нь хөгжлийн томоохон гарц юм.


-МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ ДЭЛХИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААН ОРОЛЦУУЛСНААР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТАХ ОЛОН ТОМ БОЛОМЖУУД НЭЭГДЭНЭ-

Сингапур дахь Азийн Бизнес инженерүүдийн группийн Бизнес хөгжлийн захирал Кантибан Ражасегран

-Монголын жижиглэн худалдааны бизнест, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөрөнгө оруулалт хийхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ. Ямар гарц гаргалгаа байна гэж бодож байна вэ?

-Бид жижиг дунд үйлдвэрийн маш олон боломжит бүтээгдэхүүнүүд байгааг олж харсан. Тэдгээр бүтээгдэхүүнүүд үнэхээр онцгой байсан. Хөрөнгө оруулагчид онцгой цорын ганц бүтээгдэхүүнийг үргэлж эрж хайж байдаг. Бүтээгдэхүүнийг гаргаж ирэхэд тодорхой хэмжээний бэрхшээл тулгарна. Тэрхүү бэрхшээл нь биднийг тодорхойлох тодорхойлолт болдог.

Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад суваг хоолой хэрэгтэй байгаа. Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг Сингапурын зах зээл болон Зүүн Азийн бусад орнуудад таниулах хэрэгцээтэй байна.

-Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид, ААН-үүд та бүхэнд төслөө танилцуулж байгаа. Голчлон ямар төслүүд орж ирэв. Үүнээс хөрөнгө оруулагчдын сонирхлыг аль нь илүү татаж байна вэ?

-Бид хоёр төрлийн бүтээгдэхүүнийг илүү анхаарч харж байна. Нэг нь өргөн хэрэглээний бараа, нэг нь онцгой бараа бүтээгдэхүүн гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байгаа. Тухайлбал, сүү өргөн хэрэглээний бараа, хүн бүр хэрэглэдэг. Нөгөө онцгой тусгай хэрэглээний бараа гэдэгт ноос ноолуур, кашмерэн бүтээгдэхүүнүүд багтана. Гэхдээ бид өргөн хэрэглээний болон онцгой барааны балансыг тэнцвэртэй байдлыг хангах зорилго тавин ажиллаж байна. Тийм болохоор жижиг дунд үйлвэрлэгч компаниудаар зочилж ямар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг харж байгаа. Бидний хамгийн гол зорилго жижиг дундын бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад оршинж байгаа.

-Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахад өөрийн тань ажиглаж байгаачлан ямар бэрхшээл, гацаа саад тулгарч байна вэ. Бодит байдал дээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн тийм ч борлуулалттай байдаггүй шүү дээ?

-Миний хувьд маш олон орнуудад жижиг дунд бизнесийг дэмжиж ажилласан. Хамгийн гол саад бэрхшээл нь тухайн орны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн оюуны хязгаарлалт байдаг. Өөрөөр хэлбэл бодол санаагаа өөрчилж өөрөөр сэтгэхүй бол болохгүй. Яагаад бодол санаа оюуны хязгаарлалт гэж яриад байна вэ гэвэл үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг чинь худалдаж авах сонирхолтой хүн энэ дэлхийн хаа нэгтээ байж л байдаг. Гэтэл зөвхөн Монголдоо зориулаад үйлдвэрлэж байна гээд сууж байж болохгүй гэсэн үг юм. Үүнийг л оюун санааны хязгаарлалт гээд байгаа юм. Дэлхийн бүх хүмүүст зориулж тодорхой стандартад нийцүүлж үйлдвэрлэх нь зүйтэй.

Монголын бараа бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээлд танигдахгүй байна. Таниулахын тулд тодорхой стратеги төлөвлөгөөтэй үйл ажиллагаа хэрэгтэй. Тэрнээс биш гэнэтхэн нэг бүтээгдэхүүн цоороод гараад ирнэ гэж байдаггүй. Тухайлбал, Сингапурт гурван том компани үйлдвэрлэл эрхэлдэг байлаа гэхэд тэдэнтэй адил үйлдвэрлэл эрхэлдэг жижиг компанийг хэн ч мэдэхгүй байх жишээтэй. Тэр нь компаниа таниулах стратегийн төлөвлөгөө байхгүйтэй холбоотой.

-Та өргөн хэрэглээний болон онцгой бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулагчид сонирхож байгаа тухай дурдаад өнгөрсөн. Манайд хэдийн байр сууриа олчихсон Говь, Гоёо зэрэг компаниудын ноос ноолууран онцгой бүтээгдэхүүнийг Сингапурын зах зээлд гаргалаа гэж бодоход хүлээж авах зах зээл бэлэн бий юу?

-Кашмер бол онцгой бүтээгдэхүүн. Эхлээд боловсрогдоогүй түүхий эдийг нь экспортолдог байсан бол одоо эцсийн бүтээгдэхүүн болж нэмүү өртөг шингэснээр илүү боломжууд нээгдэж байгаа. Нөгөө талаар экспортод гаргахад тодорхой хэмжээний эрсдэл үүрэх хэрэгтэй болдог. Тухайн эрсдлийг даваад гарах юм бол маш том боломж нээгддэг.

-Тухайлбал ямар эрсдлүүд гарч ирэхээр байна вэ?

-Бизнест төдийгүй амьдралд ч эрсдэл үүрэх шаардлага гардаг. Экспортын хувьд менежментийн хувьд эрсдэлүүд гарч байдаг. Эдгээр эрсдлийг хамгийн бага түвшинд барихын тулд бид Монголд “Эрина Солюшнс” компанитай хамтран ажиллаж үйлчлүүлэгчдэд эрсдэлээ багасгах тал дээр зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

-Тэгвэл өргөн хэрэглээний ямар бараа бүтээгдэхүүн гадны зах зээлд гарах хамгийн өндөр найдлагатай харагдаж байна вэ?

-Монголоос дэлхийн зах зээлд гарсан бүтээгдэхүүн байхгүй байгаа нь харамсалтай. Онцгой бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах боломж бий. Хамгийн гол нь хязгаарлагдмал оюун санаанаас болж урагшаа хойшоо гаргахад төвөгтэй байгаа.

-Та бүхний хувьд онцгой бүтээгдэхүүн дээр л гол анхаарлаа хандуулж байгаа гэж ойлгож болох уу?

-Үгүй. Өргөн хэрэглээний болон онцгой бараа бүтээгдэхүүн хоёуланд нь анхаарч байна. Нэн түрүүнд богино хугацаанд гадаад зах зээл рүү гарах боломжтой бүтээгдэхүүнүүд дээр төвлөрч байгаа. Мөн зарим нэг зүйлд менежментийн өөрчлөлт хийж дэвшүүлэн дэлхийд гаргах боломжтой жижиг үйлдвэрлэлүүд харагдаж байгаа шүү. Хамгийн гол нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарч байгаа. Гол нь чадваржуулж, сургаж, байж өндөр түвшинд буюу дэлхийн түвшинд хүртэл дасгалжуулж сайжруулахын төлөөх явдал юм.

-Нийслэлийн хэмжээнд аймгийнхаа хэмжээнд бараа бүтээгдэхүүнээ гаргадаг жижиг дунд үйлдвэрлэгчид Монголд хангалттай олон байгаа. Тэдгээрээс сонгох шалгуур, тогтоох гол босго нь юу байх вэ?

-Жижиг дунд үйлвэрлэгчдийг хилийн дээс алхуулж дэлхийд гаргахын тулд зөвхөн бүтээгдэхүүнийг нь харах биш үйлдвэрлэл үйлчилгээ, бодол санаа, менежментийг нь хардаг. Хоёрдугаарт, тухайн ААН зөвхөн компаниа биш Монголоо дэлхийд төлөөлж байгаа учир стандартыг илүү өндөр түвшинд байлгахад анхаарна.

-Хөрөнгө оруулагчдын сонирхлыг өөрийн эрхгүй татсан ч, тодорхой хэмжээний хориг саадтай учраад байгаа бүтээгдэхүүн байгаа юу?

-Бүх улсад тодорхой нэг хязгаарлалт заавал байдаг. Тухайлбал нэг газар руу тахианы мах гаргалаа гэж бодоход маш олон тусгай зөвшөөрөл шаардагддаг. Үүнд хугацаа ч шаардагддаг. Иймд бид ойрын хугацаанд аль болох гарахад бэлэн болчихсон ямарваа нэгэн хориг саадгүй бараа бүтээгдэхүүнийг гаргах сонирхолтой байгаа. Үүний дараа Засгийн газартай ЖДҮ-ийн тал дээр зөв гаргалгаа гаргаж, зөв тохиролцоонд хүрэх юм бол илүү олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох талаар гүнзгий ярилцах болно.

-Манай засгийн газраас хэрхэн анхаарах шаардлагатай вэ?

-Одоохондоо Засгийн газар болон холбогдох яамдуудтай уулзаагүй байна. Гэхдээ ЖДҮ-ийг дэмжиж экспортод гаргах тал дээр болон хөрөнгө оруулалтын саналуудыг үйлдвэрлэл эрхлэгчдэд тавих тал дээр хамтран ажиллах нэн түрүүний шаардлага бий.

Бид дэлхийн өнцөг булан бүрт маш олон үзэсгэлэн худалдаануудад очиж байсан. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний худалдаанд хамгийн их очсон. Тэнд Монголын гэх нэг ч бүтээгдэхүүн байдаггүй. Монголын Засгийн газар ЖДҮ эрхлэгчид, баялаг бүтээгчдээ цуглуулж тодорхой хэмжээний төлбөрийг нь төлөөд дэлхийн үзэсгэлэн худалдаануудад оролцуулдаг байвал аль аль талдаа маш том хөрөнгө оруулалт, гарц гаргалгаа болох юм л даа. Энэ бол хамгийн энгийн жишээ.

Жишээлбэл, Сингапурын засгийн газар гэхэд л дэлхийн хэмжээний үзэсгэлэн худалдаанд компаниудаа идэвхитэй оролцуулдаг. Үзэсгэлэнд оролцох төлбөрийн 75 хувийг нь төлж өгдөг. Ингэхдээ заавал үйлдвэртэй байна гэсэг шаардлагыг тавиад байдаггүй. Харин түүнээс туршлага судал, боломжуудыг олж хар гэсэн л чиглэл өгч компаниудаа дэмждэг.

-Жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжсэн нь магадгүй Азийн бар болтлоо хөгжсөний түлхүүр байж болох уу?

-Энэ бол зөвхөн Сингапурын жишээ биш. Япон, Солонгос, Тайланд зэрэг олон орны жишээ. Компаниудаа хэдий олон үзэсгэлэнд оролцуулна тэр хэмжээгээр туршлага хуримтлуулж, экспортыг нэмэгдүүлж байгаа хэрэг. Экспортоор дамжсан хөрөнгө оруулалтаар хөгжил дэвшлийн гарцууд нээгдэж байдаг.

-Монгол-Сингапурын хамтарсан хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдаа, экспорт-хөрөнгө оруулалтын форумын талаар нэмж тодотгох зүйл байна уу?

-“Эрина Солюшнс” компанитай хамтраад монголоос аль болох олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаргах тал дээр хамтран ажиллаж эхлээд байна. Бүх компаниуд ямар нэгэн цэгээс эхлэдэг. Энэхүү форум Монголын баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тааламжтай нэг цэг юм. Засгийн газрын хэмжээнд болон бусад байгууллагуудтай хэлэлцээрт хүрч чадвал үүгээр дамжуулан Сингапурт гарах өргөн зах зээл нээгдэж байгаа. Энэ тал дээр бид илүү их анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэгчид үүнийг ойлгоод хамтран оролцвол том боломж нээгдэх юм шүү гэж хэлмээр байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ

2019-05-18

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn