Ерөнхийлөгчийн “халаасанд” хоёр, Ерөнхий сайдад нэг томилгоо үлдлээ

Эрх баригч төдийгүй Ерөнхийлөгчийн хуулийн байгууллагын удирдлагыг томилох томилгооны “хүсэл” хараахан биелж дуусаагүй байна. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, өөрсдийн хүнээ тавьсан. АТГ-ын даргад Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Л.Оюун-Эрдэнэ нарын хүн томилогдсон бол дэд даргад Ерөнхийлөгчийн хүн томилогдсон гэх яриа улс төр, хуулийн хүрээнд яригдаж байна. Тэгвэл энэ томилгоо бас нэгэн хуулийн байгууллагын удирдлагын түвшний томилгоог хийх шаардлага үүсгэв. Тодруулбал, АТГ-ын даргад томилогдсон З.Дашдаваа нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм. Тиймээс ЦЕГ-ын дэд даргыг шинээр томилно.

Хуулийн байгууллагад хийгдэх томилгооноос Ерөнхийлөгчийн “халаасанд” хоёр, Ерөнхий сайдын “халаасанд” нэг чухал томилгоо үлдээд байна.

ЕРӨНХИЙ САЙД ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ТОМИЛНО

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сарын 25-нд дуусгавар болсон. Тиймээс түүний орны хүний томилгоог МАН-ынхан хийнэ. Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй бөгөөд гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ-аас, гурвыг нь Улсын дээд шүүхээс томилдог. Харин бүрэн эрх нь дуусгавар болоод буй Д.Ганзоригийн хувьд УИХ-аас томилогдож байсан. Тиймээс энэ удаад Цэцийн шинэ гишүүнийг УИХ-аас санал болгож, томилно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Цэцэд хүнээ томилох юм. Энэхүү томилгоо хийгдсэнээр ҮАБЗ дээр хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагыг тохирч, УИХ зөвхөн батламжлах үүрэгтэй шинэ хуулийн зохицуулалтыг Цэц дээр унагах боломж бүрдэнэ гэж зарим хуульчид хэлж буй. Гэхдээ УИХ-аас дараагийн гишүүнийг томилох хүртэл Д.Ганзориг үүрэгт ажлаа хийх бөгөөд УИХ-ын даргын хүрээнд хэд хэдэн хүний нэр Цэцийн гишүүнд яригдаж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж буй.

Сануулахад, 2019 онд дахин хоёр Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй. Тодруулбал, Цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох бөгөөд тэднийг 2013 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Улсын дээд шүүхээс санал болгосноор томилж байсан юм.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ УДАХГҮЙ ТОМИЛНО

Ерөнхий сайдын “халаасанд” Цэцийн гишүүний томилгоо байгаа бол Ерөнхийлөгчийн “халаасанд” Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн томилгоо бий. Улсын дээд шүүхийн шүүгч нараас шүүгч Д.Ганзоригийг нэр дэвшүүлээд буй. Хуулиараа улсын дээд шүүхийн шүүгч нар хуралдаж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлдэг. Ерөнхийлөгч түүнийг нь батламжилж, Улсын дээд шүүхийн шүүгчээр томилох зарлиг гаргана. Гэхдээ Ерөнхийлөгч нэг удаа татгалзаж, дахин өөр хүнийг дэвшүүлэх боломжтой юм. Ерөнхийлөгчийн хүрээнд Улсын дээд шүүхийн шүүгч нарын санал болгосон Д.Ганзориг шүүгчийг дэмжихгүй гэх яриа ч бий. Тиймээс ч түүнийг томилох зарлигаа гаргахгүй өдийг хүрсэн болов уу. Ойрын өдрүүдэд хийгдэх гол томилгооны нэг нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч байх болов уу.

Ерөнхийлөгчийн “халаасан” дахь хоёр дахь чухал томилгоо бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа удахгүй дуусгавар болж буй. Түүнийг 2016 оны тавдугаар сарын 25-ны өдөр томилсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 2019 оны тавдугаар сарын 25-ны өдөр дуусгавар болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 61 тоот зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Нанзаддоржийн Лүндэндоржийг улируулан томилж байсан юм.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 13.1-т “Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно” гэж заасан байдаг билээ. Ингэхдээ Д.Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн дөрвөн гишүүн буюу давж заалдах шатны шүүхээс Д.Эрдэнэчулуун, Улсын Дээд шүүхээс О.Зандраа, Хууль зүйн яамнаас П.Батсайхан нартай хамт томилсон байдаг. Тиймээс Н.Лүндэндоржтой хамт дээрх дөрвөн хүний эрх дуусгавар болж, дараагийн удирдлагатай хамт зөвлөлийг бүрдүүлнэ.

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛЬ

13 ДУГААР ЗҮЙЛ. ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА:

13.1.Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.
13.3.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд нь орон тооны байх бөгөөд бүрэн эрхийн хугацаа ГУРВАН жил байна.
13.4.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг нэг удаа улируулан томилж болно.
13.7.Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, эсхүл хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн бол дараагийн гишүүнийг эрх бүхий этгээд сул орон тоо гарснаас хойш 30 хоногийн дотор нөхөн томилно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь гурван жил бүрэн эрхээ хэрэгжүүлэх бөгөөд нэг удаа улиран сонгогдож болдог албан тушаал билээ. Н.Лүндэндорж даргын хувьд нэг удаа улиран сонгогдсон юм. Томилгоог Ерөнхийлөгч эцсийн байдлаар батламжилдаг. Ямар ч гэсэн хуулийн байгууллагад хийгдэж буй халаа, сэлгээ Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, зөвлөл, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нарын томилгоо ойрын хугацаанд хийгдэнэ гэсэн мэдээлэл байна.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn