Нууцын зэрэглэлтэй материалыг байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюутолгойд өгсөн ХЭРГИЙН ЭЗЭН ХЭН БЭ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн жил Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг гаргаад аль хэдийн нэг жил орчмын хугацаа өнгөрсөн бөгөөд саяхныг хүртэл холбогдох бичиг баримтыг бусдаас нуун хав дарж байв. Энэ хугацаанд дүгнэлтийг эцсийн байдлаар дүгнэж УИХ-д мэдүүлэх байсан ч ажлын хэсэг нь ирц бүрдэхгүй гэх шалтгаанаар хуралдаж чадахгүй өдрийг хүргэсэн билээ. Харин саяхандаа хуралдаж эцсийн байдлаар дүгнэлтийн талаар олон нийтэд мэдээлсэн. Ингэхдээ “ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ШААРДЛАГАТАЙ” гэх дүгнэлтийг гаргасан.

Мөн тус ажлын хэсэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар дээрх дүгнэлтээ хэлэлцүүлсэн гэдэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Дубайн гэрээг цуцлах шаардлагатай гэх дээрх дүгнэлтийг дэмжээгүй бөгөөд одоо байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцээд л өнгөрнө гэх мэдээлэл байгаа юм. Үүнээс цааш уг асуудлыг газар авахуулахгүй гэх мэдээлийг эх сурвалжууд өгч байна.

НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ МАТЕРИАЛ БАЙНГЫН ХОРООГООР ХЭЛЭЛЦЭГДЭХЭЭС ӨМНӨ ОЮУТОЛГОЙ ХХК-ЫН ГАРТ ОЧСОН НЬ АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА

Одоо тус дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна. Гэтэл нууцын зэрэглэлтэй хэмээн сэтгүүлчид болон гишүүдээс нууж хав дарж байсан дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээс өмнө хэн нэгэн нь Оюутолгой ХХК-ынханд өгсөн нь зарим баримтаар нотлогдоод байна. Угтаа бол чухал баримт бичгээ байнгын хороо, чуулганы хуралдаанаараа хэлэлцэх ёстой баймаар, өнөөдөр УИХ-ын гишүүд ч дүгнэлттэй танилцаж амжаагүй байна. Цаашлаад уг материалд хөрөнгө оруулагчдаас нууцлах зөвхөн Монголын төр шийдвэр гаргах түвшинд хэлэлцэх ёстой баримтууд байгаа юм.

Энэ дагуу Оюутолгой компани мөн аль хэдийн дүгнэлтээ гарган Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн байна. Тэд УИХ-ын дүгнэлттэй зэрэгцүүлэн өөрсдийн тайлбар, дүгнэлтийг мөн гаргаж УИХ-д хүргүүлжээ.

“НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ДҮГНЭЛТИЙГ” УИХ-аар хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанид аваачиж өгсөн ХЭРГИЙН ЭЗЭН ХЭН БЭ

Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Байнгын хорооны дарга Г.Дамба-Очир өнгөрсөн тав дахь өдөр Оюу толгойн хөрөнгө оруулагчдад дүгнэлтийг хүргүүлсэн. Нэг их нуугаад байх юм байгаагүй” гэж мэдэгдсэнээр хэргийн эзэн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир болж таарав.

Гэтэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Би дүгнэлтийг Оюутолгой-д өгөөгүй” гэж гүрийсээр байсан.

УИХ-аас гарсан ажлын хэсгийн Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хийсэн ШАЛГАЛТЫН ДҮНД

Зэсийн баяжмал борлуулах гэрээгээ “бизнесийн нууц” гээд манай төрд үзүүлдэггүй
Зэс, алт, бусад дагалдах эрдэс баялгийн орцыг зөвхөн өөрсдийн лабораториор тодорхойлдог. Манай Геологийн төв лаборатори, Гаалийн лабораторийн шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрдөггүй.
Уурхайн нийт зардлын зургаан хувийг “Рио Тинто” менежментийн зардал нэрээр шууд авдаг.
Дубайн гэрээгээр Рио Тинто компани санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө 1.9 хувийн шимтгэл авдаг.
Гэрээнд төслийн нийт үр ашгийн 53%-ийг Монгол улс хүртэнэ гэж тусгасан ч өнөөдөр үр ашгийн 56% -ийг хөрөнгө оруулагч тал хүртэж байна. 2055 он гэхэд Монголын талын хүртэх ашиг 31%, хөрөнгө оруулагч талын хүртэх ашиг 69% болох тооцоо гарчээ.
Гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулан татварыг 70 жилээр тогтворжуулснаар өнөөдөр татварын ачаалал нь манай бусад аж ахуйн нэгжээс 5 хувиар бага байна.
Төрөөс өнгөрсөн жилүүдэд нийт 4 удаа татварын шалгалт орж, зөрчилд нь акт тавьсан ч 4-үүлэнг нь хүлээн зөвшөөрөөгүй.
2009-2015 онд татварын 3,2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443,5 тэрбум төгрөгийн төлбөрийг зөвшөөрөөгүй шүүхэд гомдол гаргасан. гэх мэтийн засч залруулах ёстой зүйлүүдийг дурджээ.
Энэ мэт чухал асуудлыг бид дотооддоо хэлэлцэж ярилцахаас өмнө Оюутолгойд хүргүүлсэн нь НОЦТОЙ АСУУДАЛ юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn