Олон хүний амь авч одсон онгоцны ослууд – 2019

Нидерландын “Агаарын аюулгүй байдлын сүлжээ” /Aviation Safety Network/ байгууллагаас мэдээлснээр, өнгөрсөн 2018 онд нисэх онгоцны ослын улмаас 556 хүн амиа алджээ. Индонезийн “Lion Air” компанийн нисэх онгоцны осол хамгийн аймшигтай осолд тооцогдсон бөгөөд уг ослоор 189 хүн амиа алдсан билээ.

2019 он гарснаас хойш нисэх онгоц осолдож, олон хүний амь эрсэдсэн харамсалтай хэргүүд тасрахгүй байна. Энэ оны эхний таван сард гарсан онгоцны ослуудыг тоймлоё.

“САХА ЭЙРЛАЙНС”-ЫН ОНГОЦНЫ ОСЛООР 15 ХҮН АМИА АЛДАВ

Нэгдүгээр сарын 14. “Саха Эйрлайнс” агаарын тээврийн компаний “Boeing 707-3J9C” онгоц Ираны “Фатх Эйр” баазад осолдож, нэг хүн амьд үлдэж, 15 хүний амь хохирчээ.

Фатх хотын онгоцны буудлын хөөрч буух зурвас маш богино, “Пайаме”-гээс бараг дөрөв дахин бага бөгөөд онгоц бетон хашаа, орон сууцны барилга мөргөн сүйрсэн байна.

-BOEING 767-375 ОНГОЦ ТРИНИТИ-БЭЙ ОРЧМЫН УСАНД УНАЖЭЭ-

Хоёрдугаар сарын 23. АНУ-ын “Атлас Эйр” агаарын тээврийн компанийн Boeing 767-375 онгоц Техас муж, Хьюстон хотын Жорж Бушийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал орчимд осолджээ. Энэ талаар хоёрдугаар сарын 23-ны өдөр Холбооны нисэхийн ерөнхий газраас мэдээлсэн байна.

Тус онгоцонд нисэх багийн хоёр гишүүн, нэг зорчигч, нийт гурван хүн байсан бөгөөд бүгд амиа алджээ. Холбооны агаарын удирдлагын төвөөс мэдээлснээр, онгоц Техас мужийн Тринити-Бэйн усанд унасан байна. АНУ-ын Холбооны тээврийн аюулгүй байдлын газраас онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулав.

ДУГЛАС ДИ-СИ–3 ОНГОЦНЫ СҮЙРЭЛ

Гуравдугаар сарын 9. Колумбын Ла Вангуардиа нисэх онгоцны буудалд Дуглас DC-3 онгоц газардах үедээ осолдож, 11 зорчигч, нисэх багийн гурван гишүүн бүгд амиа алджээ.

Тус улсын Иргэний нисэхийн удирдах газраас мэдээлснээр, Колумбын зүүн өмнөд хэсэгт байрладаг, Тарайра суурингийн дарга Виллегас Чара Дорис Лизет, нөхөр Альберто Араке болон охины хамт тус онгоцоор зорчиж явсан аж.

АНУ-ын “Douglas Aircraft” компаний “Дуглас DC-3” нисэх онгоц 1935 оны аравдугаар сарын 17-нд анхны нислэгээ үйлджээ. Нийтдээ 16 мянган ширхэг үйлдвэрлэгдсэн тус онгоц 18-32 зорчигч тээвэрлэх багтаамжтай, нислэгийн дээд хурд нь 368 км/цаг аж.

ЭТИОПТ 149 ЗОРЧИГЧТОЙ “BOEING-737” ОНГОЦ ОСОЛДОВ

Гуравдугаар сарын 10. Этиоп улсын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing-737 Max-8” онгоц осолдож, 149 зорчигч, нисэх багийн найман гишүүн бүгд амиа алджээ.

“Boeing-737 Max-8” загварын нисэх онгоц нь 2016 оноос нислэг хийж эхэлсэн, харьцангуй шинэ загварын нисэх онгоц юм. “Ethiopian Airlines” компани өнгөрсөн оны сүүлээс уг онгоцыг үйлчилгээндээ ашиглаж эхэлжээ.

Африк тивийн олон чиглэлд нислэг хийдэг тус компани аюулгүй байдлын үнэлгээгээрээ харьцангуй дээгүүрт тооцогддог. Хамгийн сүүлд 2010 онд Бейрутаас хөөрсөн онгоц нь Газар дундын тэнгист осолдож, 90 хүн амиа алджээ.

Үүнээс гадна Индонезийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max-8” нисэх онгоц өнгөрсөн онд Явагийн тэнгист осолдож, 189 хүн амиа алдсан билээ.

“BOEING 737” ОНГОЦ ХӨӨРЧ, БУУХ ЗУРВАСААС ГАРЧ, ГОЛ РУУ УНАЖЭЭ

Тавдугаар сарын 4. АНУ-ын Флорида муж улсын Жексонвилл хотод “Boeing 737” арилжааны нисэх онгоц газардах үедээ хөөрч, буух зурвасаас гарч, хотын ойролцоох гол руу унажээ. Уг нисэх онгоцны бүхээгт 136 зорчигч, багийн долоон гишүүн байсан аж.

Ослын үеэр амиа алдсан хүн байхгүй гэж хотын эрх баригчид мэдээлжээ. Одоогоор нисэх онгоцыг голоос татаж гаргаагүй, голын гүехэн хэсэгт байгаа аж.

Онцгой байдлын ажилтнууд онгоцонд сууж явсан хүмүүсээс 21-ийг нь эмнэлэгт хүргэжээ. Тэдний дотор Америкийн цэргүүд, гэр бүлийн гишүүд нь, мөн Пентагоны ажилтнууд байсан аж.

Хүний амь эрсдээгүй тухай мэдээллийг Жексонвилл хотын дарга Ленни Керри нотолсон байна. Тэрбээр “Бүгд эсэн мэнд, бүх зүйл хяналтад байгаа” гэж “Twitter” хуудастаа жиргэжээ.

Уг нисэх онгоц нь захиалгат нислэг үйлддэг “Miami Air” компанийн онгоц бөгөөд Америкийн тэнгисийн цэргийн Гуантанамо баазаас ирсэн аж.

“АЭРОФЛОТ”-ЫН ОНГОЦНЫ ОСЛООР 41 ХҮНИЙ АМЬ ЭРСДЭВ

Тавдугаар сарын 5. ОХУ-ын нийслэл Москва хотоос Мурманскийн чиглэлд ням гариг /2019.05.05/-т хөөрсөн “Sukhoi Superjet 100” нисэх онгоц хагас цагийн дараа техникийн саатлын улмаас Шереметьевогийн нисэх онгоцны буудалд ослын буулт хийв.

Онгоц маш хүчтэй газардсанаас болж хөдөлгүүр нь шатаж эхэлсэн байна. Тус онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явснаас 41 нь амиа алджээ. Албаныхны мэдээлж буйгаар, амиа алдагсдын дотор хоёр хүүхэд байсан бол амьд үлдсэн хүмүүсээс гурвынх нь биеийн байдал маш тааруу байгаа аж.

Зарим зорчигчийн мэдээлснээр, онгоц аянганд цохиулсны улмаас шатжээ. Цаг уурчдын мэдээлснээр, ням гаригийн орой “Шереметьево” орчимд үүлэрхэг, салхитай байсан тул цахилгаан цахих, аянга буух магадлал өндөр байсан аж. Мурманскийн бүс нутагт гурван хоногийн гашуудал зарлав.

“BOMBARDIER CHALLENGER 601” ОНГОЦОНД СУУЖ ЯВСАН БҮХ ХҮН АМИА АЛДЖЭЭ

Тавдугаар сарын 6. Мексикийн хойд хэсэгт орших Коауила мужид “Bombardier Challenger 601” нисэх онгоц унаж, онгоцонд сууж явсан бүх хүн амиа алджээ. Бүс нутгийн аюулгүй байдлын яамны мэдэгдсэнээр, ослын улмаас онгоцны багийн гурван гишүүн, 10 зорчигч амиа алдсан байна.

Ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Урьдчилсан мэдээллээр, нисэх онгоц аянганд цохиулж, нисгэгч ослын буулт хийхийг оролдсон байна.

Зорчигчид Лас Вегас хотод болсон боксын тулааныг үзсэнийхээ дараа Нуэво-Леон мужийн Монтеррей хот руу буцахаар уг агаарын тээврийн хөлөг онгоцонд суужээ. Онгоц өнгөрсөн ням гаригийн 18:30 цагт газардах ёстой байсан аж.

2018 онд болсон нисэх онгоцны томоохон ослууд:

-Аравдугаар сарын 29-нд агаарын тээврийн Lion Air компанийн зорчигч тээврийн “Боинг-737 MAX” нисэх онгоц Жакарта хотоос хөөрснийхөө дараа Ява тэнгист унаж, онгоцны бүхээгт байсан 189 хүн бүгд амиа алджээ. Комиссын гаргасан урьдчилсан дүгнэлтээр, уг нисэх онгоц техникийн хувьд агаарт хөөрөх ёсгүй байсан бөгөөд ашиглалтаас гаргах ёстой байсан байна.

-Тавдугаар сарын 18-нд Cubana de Aviacion компанийн “Боинг-737-201” нисэх онгоц Гавана хот орчимд осолдож, 112 хүн амиа алдсан байна. Ослын шалтгаан нь хүний хүчин зүйл болжээ.

-Хоёрдугаар сарын 11-нд “Саратовын агаарын тээвэр” компанийн “Ан-148” нисэх онгоц Москва орчимд осолдсоны улмаас 71 хүн амиа алджээ. Уг онгоц багийн бүрэлдэхүүний буруугаас болж осолдсон байна.

-Хоёрдугаар сарын 18-нд Iran Aseman Airlines компанийн ATR-72-212 нисэх онгоц Ираны Загрос ууланд осолджээ. Нисэх онгоцны багийн гишүүд цаг агаарын хүнд нөхцөлд алдаа гаргасны улмаас эсвэл навигацийн төхөөрөмжийн үйл ажиллагаанд саатал гарснаас осолдож сүйрсэн байж магадгүй гэж үзэж байгаа уг ослоор 66 хүн амиа алдсан байна.

-Гуравдугаар сарын 12-нд Катманду хотын нисэх онгоцны буудлын ойролцоо Bombardier Dash Q-400 нисэх онгоц осолдсоны улмаас 51 хүн амиа алджээ. Уг нисэх онгоцонд техникийн саатал гарсны улмаас осолдсон байна.

Эх сурвалж: CNN, BBC, Tass, Reuters
www.news.mn Д.Эрдэнэтуяа

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ

2019-05-18

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn