Д.Бат-Эрдэнэ: СЕХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, нэг намаас нэг нэр дэвшигчийн материал хүлээж авна

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намын нэр дэвшигчид СЕХ-нд материалаа өгч байна. Энэ үеэр СЕХ-ны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ зарим эргэлзээтэй асуудлын талаар тайлбар өглөө.

-Өнөөдрийн байдлаар СЕХ-нд хэчнээн нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрсээ өгөөд байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу УИХ-д суудал бүхий нам эвсэл тус бүр нэг хүний нэр дэвшүүлээд хуульд заасан хугацаанд СЕХ-нд холбогдох баримт бичгээ өгөхөөр хуульчилсан байдаг. Хөл хориотой байгаа энэ хугацаанд тодорхой цагт ирэхийг урьдчилж мэдэгдсэн байгаа. Энэ дагуу МАН-аас болон Зөв хүн Электрот эвслээс нэр дэвшигчийн материалыг хүлээлгэж өгсөн.

Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-д суудал бүхий нам эвсэл зөвхөн нэг хүний нэр дэвшүүлнэ гэдгийг заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд ч заасан байдаг. Сонгуулийн Ерөнхий хороо бол иргэний сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх, эрхийг хангаж өгөх зохион байгуулалттай ажилладаг байгууллага. Ийм учраас сонгогдох эрх талаасаа УИХ-д суудал бүхий улс төрийн томоохон хүчин АН-ыг нэр дэвшүүлэх, сонгогдох эрхэд хүндэтгэлтэй хандаж байна. Нийтэд ил байгаа баримтаар мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах эрхтэй байдаг. Гэтэл СЕХ-нд 2 мөрийн хөтөлбөрөөр баримт ирж байна. Мөн 2 нэр дэвшигчийн материалыг бүрдүүлж өглөө. Тиймээс СЕХ-ноос хуулийн дагуу нэг материалыг бүрдүүлж өгөх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тиймээс хүлээж авсангүй.

Өнөөдрийн 24 цагийг өнгөртөл материал хүлээж авна. Харин энэ хугацаанд өгч чадахгүй бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, лавлагаа, материалыг үндэслэж нэг материал хүлээж авна. Хуулиар хүлээсэн үүргээ л биелүүлнэ.

-Мөрийн хөтөлбөрт аудитын байгууллагаас дүгнэлт хийдэг. АН-аас өгсөн мөрийн хөтөлбөрт аудитаас ямар дүгнэлт хийсэн бэ?

-Баримт бичгийн агуулга руу орох хуулиар заасан хугацаатай. Өнөөдрийн хувьд баримт бичгийн бүрдүүлбэрийн хувьд бүрэн гүйцэд байна уу, үгүй юу гэдгийг нягтлан шалгаж хүлээж авах ёстой. Харин энэ бүхний дараа буюу 3 хоногийн хугацаанд ирсэн баримттай нягтлан шалгах ажиллагаа явуулаад хуульд заасанд нийцэж байна уу гэдэгтэй танилцаад хорооны хурлаар бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Үндэсний аудитын хорооноос СЕХ-нд 2 мөрийн хөтөлбөр ирүүлсэн. Түүнээс бус СЕХ намын дотоод асуудлыг мэдэхгүй. Тиймээс Улсын дээд шүүх, тамга тэмдэгийн эрх бүхий байгууллага Улсын бүртгэлийн газар, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шүүхүүдээс лавлагаа авсан байгаа. Тиймээс энэ баримтад үндэслэж шийдвэрлэнэ.

-24 цагийн хугацаанд АН дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй нэг нэр дэвшигч гаргаж чадахгүй тохиолдолд яах вэ?

-АН УИХ-д суудалтай, улсын дээд шүүхэд бүртгэлтэй нам учраас нэр дэвшигч бүртгүүлэх эрхтэй. Тиймээс Үндсэн хуульд заасны дагуу дотоод асуудлаа цэгцлээд нэг нэр дэвшигч бүртгүүлээч ээ гэж хүсэж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn