img

НИХТ З.ТӨМӨРТӨМӨӨ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ НЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ ОРОХ ОРОНГҮЙ БОЛГОХ НЬ ЭЭ !!!

img
Улаанбаатар хотын төв, Нэгдсэн Үндэстний гудамжинд Горькийн нэрэмжит номын сантай байр гэдгээрээ алдартай гоёмсог арктай, урт барилга бий. Энэ нь албан ёсны бүртгэлээр Бага тойруугийн 6-р байр гэж явдаг. Энэхүү байрны өмчлөгч оршин суугчид барилгаа Дахин төлөвлөлтийн төслөөр шинэчлүүлэхээр 2019 оноос эхлэн хөөцөлдсөн ажээ. Гэвч тэдний энэ хүсэл ашиг хонжоо харсан хүмүүсийн олз болно гэж даанч төсөөлсөнгүй. Өнгөрсөн жилийн 5-р сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргээс НИТХ-д сонгогдсон З.Төмөртөмөө энэ байранд сүр бараатай ирж, НИТХ-ын тогтоолоор байгуулагдсан гэх “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноо сайрхаж, хөгшид голдуу сууц өмчлөгчдийг “Төрдөө итгэ, төлөөлөгчдөө итгэ хурдан санал асуулгын хуудас бөглөж өг” гэх мэтээр ятган сэнхрүүлсэнээр 6-р байрны сууц өмчлөгчдийн хувьд эрх ашиг нь зөрчигдөж эхэлсэн байна. Тухайн байрны сууц өмчлөгчдийн хүсэн хүлээж байсан шиг шударга Сонгон шалгаруулалт болсонгүй, З.Төмөртөмөөгийн нутгийн буюу Баянхонгор аймгийн бараа ч үгүй, сураг ч үгүй “Хөх бүрдний эх” гэдэг компанийг ямар ч өрсөлдөгчгүй төсөл хэрэгжүүлэгчээр сонгосон байна. Баянхонгорын компанийг ийнхүү сонгосон Үнэлгээний хороог нь бас л Баянхонгор аймгийн уугуул Ж.Амгалан гэх тэтгэвэрт гарсан цагдаагийн хурандаа даргалсан гэхээр ямархуу “шударга” Сонгон шалгаруулалт болсон нь ойлгогдож байгаа биз ээ. Санхүүгийн чадавхитай, барилгын ажлын туршлагатай хамгийн гол нь өмнө нь дахин төлөвлөлтийн төсөл амжилттай хэрэгжүүлж байсан түүхтэй компанитай хамтарч ажиллахыг хүсч байсан 6-р байрны өмчлөгчид “Улаанбаатар орон сууцжуулалт” компанийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөөд хандан удаа дараа “Ахин Сонгон шалгаруулалт зарлаж өгөөч, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай компаниудыг урьж өрсөлдүүлэн сонгуулъя” гэдэг хүсэлт гаргасан боловч З.Төмөртөмөө болон түүний доор ажилладаг “Улаанбаатар орон сууцжуулалт” компанийн хэлтсийн дарга нар сууц өмчлөгчдийн хүсэл сонирхол, санал бодлыг үл харгалзан харин ч бүр нийслэлийн нэрээр далайлган “Хурдан гэрээ хий” гэж шахаж эхэлсэн байгаа юм. “Хөх бүрдний эх” компани нь дахин төлөвлөлтийн төсөл амжилттай хэрэгжүүлж байсан туршлагагүй, тэр ч бүү хэл өндөр барилга барьж байсан туршлага ч үгүй юм байж гэж бодоход 6-р байрны доод талын газрын тал хэсэгт нь өөрийн өмчийн зочид буудлыг барихаар төлөвлөсөн зураг хийж ирсэн нь иргэдийг бүр ч их бухимдуулсан аж. Улаанбаатар хотын төвд асар том, бараг 3000 м.кв газрыг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэрээр дээрэмдэн авах гэж байгааг иргэд сууц өмчлөгчид эсэргүүцэж нийслэлийн засаг дарга руу удаа дараа хандаад сүүлдээ өчнөөн сая төгрөгөөр өмгөөлөгч хөлслөн шүүхдэж эхэлсэн байна. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж орон байраа шинэчлэх нь байтугай харин ч эдийн засгаараа хохирч эхэлсэн нь энэ. Нэг нутгийн найз З.Төмөртөмөөгийн ивээл доор давуу эрх эдлэн ямар ч өрсөлдөгчгүй төсөл хэрэгжүүлэгч хэмээх Төмөртөмөөгийн гарын үсэгтэй батламж авсан “Хөх бүрдний эх” компанийг 6-р байрны сууц өмчлөгчид эсэргүүцсэн хэвээр жил тойрч байгаа бөгөөд яг нэг жилийн дараа 6-р байрны иргэдийг айлган сүрдүүлэх арга хэрэглэж тухайн байрны цөөнгүй иргэдийг турхиран цонхнуудыг нь авч эхэлсэнээр ямархуу бохир арга барилтай үл бүтэх газар вэ гэдгээ батлан харуулж эхэлжээ. “Улаанбаатар орон сууцжуулалт” ч энэ бусармаг үйлдлийг нь хараагүй үзээгүй мэт үл тоомсорлож байгаа юмсанж. Барилгын компаниуд Нийслэлийн нэр барьчихаад иргэдийн өмчийн эсрэг ажилладаг, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэрээр иргэдийн орон сууц, газрыг булааж авдаг бохир технологитой болсныг ард иргэд хэдийнэ мэддэг болсон. Хамгийн гол нь олон зуун иргэний орон гэр амь амьжиргаатай холбоотой асар хариуцлагатай дахин төлөвлөлтийн төслийг туршлагагүй, найдваргүй компаниудад танил талаараа түрий барьж өгөөд мянга мянган иргэнийг гудамжинд гаргаад хаячихсан нийслэлийн удирдлагууд ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа билээ. Нийслэлийн нэрийг барьж иргэдийн өмч хөрөнгөөр гараа угаасан З.Төмөртөмөө мэтийн хүмүүс эцсийн эцэст огт хариуцлага хүлээдэггүй. Хуучин байраа төслөөр шинэчлүүлэх юмсан гэсэн хүслээсээ болж ашиг хонжоо харсан З.Төмөртөмөө мэтийн албан тушаалтнууддын олз болж, хамгаалах төргүй мухардаж аргаа барсан 6-р байрны иргэд одоо хөгшид хүүхэдгүй энд тэндээсээ сэглүүлсэн байрандаа айдас түгшүүртэй зовж амьдарч байна.
Би Бага тойруугийн унаган иргэн. Өнөөдөр хүртэл миний амьдарч буй Горькийн номын сантай 6-р байр бол яадагаа алдсан хүн амьдрах аргагүй болсон орон сууц биш ээ. Хотын төвийн түүхэн барилгуудын нэг. Монгол улсын хамгийн анхны бетон цутгалттай байр ч гэж явдаг. Харин энэ барилгыг маань өнөөдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК балгас болгох ажил хийж байна. Улаанбаатар хотын төвийн тэр тусмаа Бага тойрууд 7 давхраас дээш барилга бариулахгүй, хотын хүн амын төвлөрөлийг сааруулахаас гадна хотынхоо үүх түүхийг хамгаалж хуучны барилгуудыг сэргээн засах, хүчитгэн сайжруулах бүрэн боломжтой гэдгийг Д.Сумъяабазарын үеэс эхлэн Хот төлөвлөлтийнхөн ярьж, энэ ч үүднээсээ хэрвээ дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх бол 7 давхар барилга бариулах болно хэмээн зураг төслийг нь боловсруулсан байв. Гэтэл нийслэлийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК гэдэг нэр гэнэтхэн гарч ирэн 6-р байрыг 16 давхар болгон шинэчлэх эрхийг “Хөх бүрдний эх” ХХК гэх компани өгсөн байлаа. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь 6-р байранд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарласнаа байрны өмчлөгчдөд огт мэдэгдээгүйгээр барахгүй олон нийтэд нээлттэй зар тавиагүй байв. Тиймээс хотын төвийн байрлалд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх боломжтой, сонирхолтой, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг барилгын компаниуд энэ талаар огт мэдэлгүй өнгөрсөн байв. Гэтэл хаа байсан Баянхонгор аймгийн компани яаж ч олж мэдсэн юм бэ гэмээр ганцаараа ороод төсөл хэрэгжүүлэх батламж авчихсан нь эргэлзээ төрүүлдэг. Харин тэрхүү компани нь оршин суугчдыг хагалган бутаргаж хоёр тал болгож хэрүүл тэмцэл хийлгэж зохих шаардлага тавьсан оршин суугчдыг шахаж хавчих, хаалга цонхыг нь эвдэн авах зэргээр янз бүрийн бусармаг арга хэрэглэж байна. Ашиглалтын шаардлага хангахгүй байр гэдэг үгийг муна болгон иргэдийг орон гэрээ орхин зугтахаас өөр аргагүй байдалд хүргэх гэж улайрч байна. Энэхүү илтэд хууль зөрчсөн үйлдлийг хот дүүрэг, тэр бүү хэл Цагдаагийн байгууллага ч хайхарч үзэхгүй байгаа нь Монгол улсад хууль үйлчилдэггүй, иргэдийн эрх ашиг гээч юм хөлийн улан доор хаягдсаны жишээ юм. Ямар арга замаар Бага тойрууд 16 давхар барилга барих зөвшөөрөл авсан нь тодорхойгүй (хамгийн сонирхолтой нь ганцхан энэ компанид л 16 давхар барилга барих эрх олгохоос биш өөр компаниудад бол боломж олгохгүй 7 давхрын хязгаарлалттай гэж УБОС-ынхан ам ангайх тоолондоо хэлж байгаа) “Хөх бүрдний эх” гэх эрх мэдэлтнүүдийн халаасны компани хуульд заасны дагуу 6-р байрны сууц өмчлөгч эзэмшигч иргэдийн 80-аас доошгүй хувьтай тохиролцож гэрээ хийгээгүй байж, мөн барилга буулгах нураах албан ёсны зөвшөөрөл гараагүй байхад байрны бүтэн бүтэн байдлыг алдагдуулж иргэд оршин суугчид гэр орондоо тайван амьдрах аргагүй болгож байгааг төр засаг болон нийслэлийн засаг дарга, НИТХ-д хандан мэдэгдэж байна. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү. Нийслэлийнхэн “Ашиглалтын шаардлага хангахгүй” гэж сүржин мэдэгдэл хийдэг. Харин ч “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК гэх газар чинь бүрэн бүтэн байгаа барилга байшинг хувийн компанитай нийлж хаалга цонхыг нь мулт татаад ашиглалтын шаардлага хангахгүй болгох гэж улайрч байгаа юм биш үү. “Улаанбаатар Орон сууц ХХК гэж ямар учиртай компани вэ. Нийслэлийн нэр барьсан Нийслэлийн иргэдийн хурлын хэдэн төлөөлөгчийн ашиг сонирхлыг хангадаг компани уу.
Иргэд чинь хохирч эрх ашиг нь зөрчигдөж байна. Хотын шинэ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАА
Иргэдийн Хурлын ТӨЛӨӨЛӨГЧИД ӨӨ...
Бид хамгаалалт хүсч байна. Бидний дуу хоолойг сонсоно уу.
ОРШИН СУУГЧИД БИД дахин төлөвлөлтийн төсөл дээр хамтран ажиллах компаниа өөрсдөө олж сонгон шалгаруулалтад оруулахыг хүсч байна.
ХҮНИЙ ӨМЧИЙГ СҮЙТГЭДЭГ БИШ САЙЖРУУЛДАГ КОМПАНИТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСЧ БАЙНА.
“УБОС” ХХК гэх газартай хамтран ажиллахгүй, “Хөх бүрдний эх” компанийг манай байрнаас зайлуулж өгөхийг шаардаж байна

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ