Айлын эцэг хүн ямар байхаас шалтгаалж тухайн айлын дэвжих дээшлэх нь хамаардаг. Ардчилсан нам О.Цогтгэрэл гэж “аав”-тай болсноос хойш тулгаа тойроод хэрэлддэг айл шиг л боллоо. Ямар ч эцэг хүний нөмөр нөөлөг, дэм тус байхгүй айл аяндаа урууддаг шиг О.Цогтгэрэлээр овоглуулснаас хойш хийморь сүлд нь доройтож, улстөрийн том сөрөг хүчин бус ууж идэх донтой хэдэн нөхдийн хүслийг хангадаг газар болж хувирсан нь эмгэнэлтэй.
Өнөөдөр хуралдсан АН-ын бүлгийн
хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахгүй бол Ерөнхий сайд
Н.Учралыг огцруулах болно хэмээн өвчигнөжээ. Гайхалтай нь үүнийг АН-ын бүлгийн
20 орчим гишүүн уухайлан дэмжсэн гэх бөгөөд тэд үүгээрээ улстөрийн талаарх ямар
ч ойлголтгүй гишүүд болохоо баталлаа. Сүүлийн үед цэргийн ангиудад гарсан гэмт
хэргийн хоёр нь дотоодыг хамгаалах ангиуд буюу Хууль зүй, дотоод хэргийн яаманд
харьяалагддаг. Товчхондоо, Д.Батлутын бус С.Амарсайханы тэргүүлж буй яамны
харьяа цэргийн ангиудад болсон хэргүүд юм. Тодруулбал, хамгийн сүүлд Дорнод
аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангид долоон байлдагчийг эрүүл мэндийн
шалтгаанаар халсан гэх асуудал бий. Гэтэл үнэн хэрэгтээ долоон байлдагчийг
зодсон гэх асуудал байгаа бөгөөд тэднээс хоёр цэрэг нь маш хүндээр гэмтэж,
Улаанбаатар хот дахь Цэргийн нэгдсэн эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Бусдад зодуулсны улмаас эрүү нь хугарсан гэх байлдагчийг дарамталж, жагсаалын
үеэр ухаан алдаж унасан хэмээн тус ангийн удирдлагууд гүрийсээр байгаа. Харин
зодуулсан хүүгийн ар гэрийнхэн болон ангийн хамт олон нь Улаанбаатар хотод
ирсэн даруйд нь очиход бэртэж унаснаас гэмтсэн бус зодуулсан нь илтэд байсан
гэнэ. Эрүү нь хугарснаас гадна шанааны
яс нь үйрчихсэн, хоол унд идэж чадахгүй зовиуртай учир ядарч туйлдсан, юм ярьж
чадахгүй, амаа хөдөлгөж ч чадахгүй, нүд нь эргэлдэж, аврал эрсэн царайтай хүн
байжээ. Гэтэл ийм хүнд ирсэн цэргийг ар гэрийнхнээс нь сахиур авахуулахгүй
хэмээн хорьж, эмчлэх нэрийн дор дарамталж байгаа талаар ойр дотныхон нь санаа
зовж сууна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар, эдгээр долоон байлдагч бүгд ямар
нэгэн зодуур нүдүүрийн шарх, сорвитой байсан бөгөөд бүх эрүүл мэндийн үзлэгээ
даваад цэргийн албанд тэнцээд очсоныхоо дараахан эрүүл мэндийн шалтгаанаар
халагдаж байна гэдэг бол тэнд их бага хэмжээгээр цэргийн дэглэлт амь бөх
оршсоор байгаагийн баталгаа билээ. Энэхүү цэргийн анги нь Хууль зүй, дотоод
хэргийн яамны харьяа байсаар байхад хаа хамаагүй Батлан хамгаалахын сайдыг
огцруулах акц хийж байна гэдэг ичмээр үйлдэл. Шатрын өрөг дээр ярих юм бол
буруу нүүдэл хийж, ялагдал хүлээж байна гэсэн үг. Харин улстөрийн өрөг дээр ийм
наад захын мэдлэггүй, мэдээлэлгүй нүүдэл хийж байгаа нь О.Цогтгэрэлийн хувьд
сөрөг хүчний том удирдагч бус орцны үүдэнд хов базаж суудаг хийх ажилгүй хэдэн
нөхдийн хэмжээний ядруухан улстөрч гэдгийг харууллаа. Ер нь О.Цогтгэрэл
харизмтай удирдагч биш бөгөөд сандал суудлын төлөө АН-ын нэрийг ашиглаж явдаг
арчаагүй эр болохоо өмнө нь ч харуулсан билээ. Г.Занданшатарын Засгийн газрыг
огцруулна хэмээн сүржигнэж, бас л баахан гарын үсэг цуглуулж явсан ч амин хувийн
эрх ашгийнхаа төлөө “Тэсо” компаниа “Сүү” хөтөлбөрт багтаагаад нам жим болсон.
Засаг огцруулж, сайд болно хэмээн албан тушаалд дуртай хэдэн нөхдийг баярлуулан
гомдоосон түүний нэр дээрх албан бичиг шургуулганых нь хаа нэгтээ тоосонд дарагдан
хэвтэж байгаа байх. Энэ мэтчилэн удаа
дараа О.Цогтгэрэл эх орныхоо хөгжлийн төлөө бус өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө
АН-ын нэр хүндээр шал арчиж дууслаа. Ерөнхий сайд Н.Учрал анх засгаа
байгуулахдаа л “АН-тай хамтрахгүй ээ” хэмээн тэнэг хүн ч ойлгохоор хэлсэн
байхад сайдын тамга атгах санаархлаа дийлэхгүй намынхаа нэр хүндийг дахин
ашиглаж, Засгийн газрыг огцруулна хэмээн өвчигнөж байгаад АН-ын гишүүд нь
өмнөөс нь ичиж байна. Ийм л явуургүй, ядчихсан улстөр хийж байгаа
О.Цогтгэрэлдээ эхлээд хариуцлага тооцсон нь илүү амьдралд ойр, алсдаа хэрэгтэй
шүү, АН-ын гишүүд ээ!
