Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар сүүлийн өдрүүдэд тун барцадтай байна. Хэр баргийн хүнийг хэл амаараа давчихдаг тэрээр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай тангараг тасран муудалцаж байгаа бөгөөд тэд эвлэлдэхээсээ нэгэнт өнгөрсөн бололтой. УИХ-ын чуулганы нээлт болсон өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар хоёуланг нь өрөөндөө дуудаж, аль болох асуудалд эвээр хандахыг уриалж, намын эв нэгдэл, эр хүмүүсийн нүнжиг ярьсан ч үгэнд нь орсонгүй. Маргааш нь Төрийн ордонд “Өст хүн өлийн даваан дээр” гэгчээр тааралдахад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Би юу ч эхлээгүй байгаа шүү” хэмээн хэнхэлзэв. Тэдний хэрүүл дундаас хамгийн ноцтой нэг мэдээлэл байсан нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Х.Нямбаатарын эхнэр рүү мессэж илгээсэн гэх яриа. Х.Нямбаатар энэ талаар “Хэрүүл хиймээр байвал надтай л хий, эхнэр рүү мессэж бичдэгээ боль” гэж сануулсан. Гэтэл үүний хариуд Э.Бат-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Би Х.Нямбаатарын эхнэр И.Баярмаа руу ямар ч мессэж бичээгүй” гэхэд нэгэн сэтгүүлч “Хамтран амьдрагч Солонгоо руу нь бичсэн юм уу” гэж лавлахад “Би албан ёсны эхнэрийг нь И.Баярмааг л гэж боддог” хэмээв. Үүнээс хөөж үзвэл Х.Нямбаатар хар бага наснаасаа ханилсан гэргийгээ “сэлгээнд” суулгаж, залуу эхнэрээр гоёж байгаа бололтой. Нэгэн цагт Х.Нямбаатарыг ЖДҮ-гийн асуудлаар нэр нь цохогдож явахад эхнэр, хадам дүү хоёр нь галыг өөр дээрээ авч “Бид байраа барьцаалж, зээл авсан. Нөхрийн маань ажил төрөлтэй огт холбоогүй” хэмээн түүнээс холдуулж байсан удаатай. Гэтэл гал ус руу өмнөөс нь ороход буцахааргүй эхнэрээ тэрээр голж орхисон бололтой. Амьдралд ам гарч болохгүй, аль хүмүүс салж нийлэхийг тэр гэхэв. Харин хотын дарга маань зөвхөн эхнэрээсээ салсангүй, эд хөрөнгөө хүртэл салгаж эхэлжээ.
Нэгэн баримт дэлгэе. Х.Нямбаатар эхнэр И.Баярмаагийн хамтаар 5419786 бүртгэлийн дугаар бүхий “Хамаг монгол групп” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд саяхныг хүртэл буюу 2026 оны 02 дугаар сарын 11 хүртэл эхнэр И.Баярмаа нь захирлаар нь ажиллаж байжээ. Гэтэл тус компанийн талаарх мэдээллийг opendatalab.mn -ээс лавлаж үзэхэд 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бүртгэлээ шинэчилсэн байх бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Х.Нямбаатар өөрийгөө компанийхаа захирлаар томилжээ. Ингэснээр “Хамаг монгол групп” ХХК нь 100 хувь хотын даргын мэдэлд очжээ. Салж нийлж буй хүмүүс хөрөнгөө хуваах нь зүйн хэрэг ч гэлээ хамгийн ноцтой асуудал нь хотын даргын албан тушаалыг хашиж буй Х.Нямбаатар хувийн компанийхаа захирлыг давхар хашиж болохгүй билээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-д зааснаар “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заажээ. Ийнхүү хуульд заасаар байхад тэрээр компанийхаа удирдлагыг гартаа атгаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг ч мөн давхар зөрчиж байгаа юм. Нэг гараараа нийслэл хотын асуудлыг шийдээд нөгөө гараараа хувийн компанийхаа ажлыг зохицуулж яваа бололтой. Хүн хөрөнгө чинээтэй, албан тушаалтай, эрх мэдэлтэй байж болох ч хуулийн дор амьдардаг гэдгийг Х.Нямбаатар ийнхүү уландаа арчиж явна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нээлтэд оролцох үеэрээ “Хүн засагладаг биш хууль засагладаг байх ёстой” хэмээн алдарт үгээ дахин давтан намын гишүүддээ анхааруулж хэлсэн ч гишүүд нь ийнхүү түүний үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг бололтой.