ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТУУЛ ГОЛЫН АМИЙГ ТАСЛАХ БОЛОЛТОЙ


Туул гол дагуу баригдах хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 33 километр урт, 6 эгнээ авто зам юм. Нийслэлийн төсөв болон Замын сангийн 2.3 их наяд төгрөгөөр Туулын хурдны замыг барих бөгөөд энэ онд 780 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ. Ирэх жилийн 7 дугаар сард ашиглалтад орох энэ зам нь түгжрэлийг 30 хувиар бууруулна хэмээн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нээлтийн үеэр онцолсон. Гэвч түгжрэлийг бууруулна хэмээх сайхан үгийн цаана асар их хэмжээний мөнгө угаалт явагдаж болзошгүйг хэвлэлийнхэн сануулсаар байгаа. Нэг км замыг 70 тэрбум төгрөгөөр барих нь хэт өндөр үнэ хэмээн мэргэжилтнүүд сануулж байгаа юм.
Ийнхүү хэл амтайхан эхэлж буй Туулын хурдны замын бэлтгэл ажил мөн л барцадтай эхэллээ. Баянзүрхээс 22 товчоо хүртэл 33 км зам дагуу ихээхэн хэмжээний байгалийн модыг ташраар нь хядсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” хөтөлбөрийг санаачилж, мод тарих аян хавар, намартаа өрнөж байхад олон зуун жил байгалийн аясаараа ургаж, Туул голын усны экологи, тэнцвэрийг барьж байсан бургас, хусыг битүү цавчаад хаячихсан дүр зургийг харахад дэндүү аймшигтай. Замын мэргэжилтнүүд энэ замыг анхнаасаа дэмжээгүй бөгөөд Туул гол дагуу бус Богд хан уулаа тойруулаад, давхар хотоо тэлэх боломжтой, шинэ суурьшлын бүс нутаг үүсгэх давуу талтай гэх зэргээр олон санал гаргаж байсан гэдэг. Гэвч энэ бүхнийг үл тоон, Туул гол дагуу барих болсон бөгөөд энэ нь олон сөрөг нөлөөтэй аж. Наад зах нь, голын ай сав дагуух мод бутыг сүйтгэснээр нийслэлчүүдийг ундаалдаг ганц том гол нь ширгэх аюулд орно. Голын дагуух бүтээн байгуулалт хийх нэрээр Х.Нямбаатар Сэлбэ гол, Дунд голыг шавар шавхайтай хутгасан шалбааг болгоод орхисныг өнөөдөр бүгд мэдэж байгаа. Харин одоо Туул гол руу ийнхүү уулгалан дайрах болсон нь харамсалтай. Туул голын ай сав газар нь ихээхэн эмзэг бүтэцтэй бөгөөд энэ бүсэд орших мод, бут хөрсийг гэмтээвэл эргэн сэргэшгүй болгох эрсдэлтэй. Цаашлаад Туул голын хэмжээ багасах, урсгал татрах, усны цэвэр тунгалаг бүтцэд өөрчлөлт орох, ундны ус ховордох зэрэг замаас илүү маш том эрсдлүүд байна. Туул голын сав газрын хэмжээгээр 10 овгийн 16 зүйл загас, 2 зүйлийн хоёр нутагтан, 7 баг, 18 аймгийн 60 шахам зүйл хөхтөн, 171 зүйл шувуу бүртгэгдсэнээс 5 зүйл загас, 11 зүйл хөхтөн ховордож болзошгүй, 12 зүйл шувуу, нэг зүйл хөхтөн ховор, нэг зүйл шувуу, нэг зүйл хөхтөн нэн ховор ангилалд багтаж байдаг амьтад дайжих, эко тэнцвэр алдагдах аюултай. Мөн Монгол улсын нутаг дэвсгэрт 819 км урсаж зөвхөн нийслэлчүүд төдийгүй урсгал дагуух ард иргэд, малчид, мал, ан амьтдын ундаалах эх үүсвэр билээ. Иймд Туул голыг эко хэлбэрээр нь хамгаалах нь Монгол төрийн, Монголын ард түмний үүрэг билээ.
Мөн Хан-Уул дүүрэг, одоогийн хурдны зам тавих гээд байгаа газраар маш их хэмжээний суурьшлын бүс үүссэн, орон сууцтай тулгаж барих нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй Үндсэн хуулийг зөрчиж байна. Хурдны зам баригдвал том тээврийн автомашин, суудлын автомашин их хэмжээгээр өндөр хурдтай зорчиж хорт утаа, агаарын бохирдол, тоос шороо, дуу чимээ эрс нэмэгдэн, УБ хотод маш цөөхөн, дутагдаж байх эко зам дагасан агаарлах, алхах, дугуй унах бүс устана. Улс орнууд эко бүсээ нэмж, ард иргэдээ аятай, тухтай, эрүүл байлгахын төлөө анхаарч байхад манай улсад эсрэгээрээ байгаа эко орчин, байгалиа сүйтгэж, зам болгож байгаад иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна.
Дашрамд сануулахад, одоогоос арав гаруй жилийн өмнө Бээжингийн гудамж буюу МУИС-ийн уулзвараас И Мартын уулзвар хүртэлх 2 урсгал бүхий 6 эгнээ замыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан билээ. Энэ замыг барихад нэг ширхэг ч мод, бут, сөөгийг тайрч тасдаж хаяагүй хийсэн бөгөөд замын ажил дууссаны дараа тохижилтын ажлаа ч чамбай хийснээр өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн их ногоон байгууламжтай бүсэд ордог юм.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

Шинэ мэдээ