ЗХУ-ын үе үеийн төрийн тэргүүнүүд Америк болон Барууны орнуудын халдлагаас хамгаалсан нууц хоттой байсан. Тэгвэл өнөөгийн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины нууц бааз өмнөд Уралын ууланд байдаг аж. Тэрбээр үе үе уулын цанын “Абзакова” төвд зочилдог байсан нь нууц хотоо эргэдэг байсантай холбоотой. Уулын хоргодох байрыг тойрсон багагүй цуу яриа дэгдсэн ч ойролцоох суурингийн оршин суугчид хүйтэн дайны үеэс ууланд эхэлсэн барилгын талаар тоймтой мэдэхгүй байна. Газар доорхи хот байгуулагчид юу ярив, хаана байрладаг вэ, яаж хамгаалдаг вэ? гэсэн асуулт гарч ирдэг. Бүх нууцыг URA.ru. агентлаг Өмнөд Уралд юун нууц обьект байрласныг тодруулахаар шийджээ. ХХI зууны эхээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Магнитогорскаас 60 км зайд орших өмнөд Уралын уулын цанын Абзакова сувиллын газрын байнгын зочин болов. Путин өөрөө ч, түүний туслагчид ч чухам яагаад төрийн тэргүүн энэ газрыг таалах болов гэдгийг олон нийтэд нухацтай тайлбарласангүй. Албан ёсоор, тэнд Путин цанаар гулгах дуртай гэдэг бол өөр албан ёсны бус таамаглал бий. Ерөнхийлөгч өмнөд Уралын нурууны хамгийн өндөр Ямантау /Башкир хэлнээс хөрвүүлбэл “тэнэг толгой”, 1640 м өндөр/ уул дахь газар доорхи нууц хотын барилгын ажлын төгсгөлийг хянахаар ирдэг байсан гэнэ. Америкаас ирсэн мэндчилгээ
Өмнөд Уралын ууланд нууц обьект байгаа талаар дэлхий нийтэд анхлан америкчууд танилцуулсан. 1996 оны дөрөвдүгээр сарын 16-нд “Нью-Йорк таймс” сонин Орост баригдаж байгаа нууцлаг цэргийн баазын талаар мэдээллээ. “Хүйтэн дайны үеийг санагдуулам нууц төслийн хүрээнд оросууд Уралын нуруу орчимд газар доорхи асар том цэргийн цогцолбор барьж байна гэж Барууны албаны хүмүүс, Орост байгаа гэрчүүд мэдээлэв. Өмнөд Уралын Белорецк /одоо Межнгорье хот/ орчимд Ямантау уулын дотор, далдлагдсан цогцолборт төмөр зам, авто зам тулан очжээ. Уг ажилд хэдэн мянган хүн оролцож байна” гэж мэдээлсэн. Сэдвийг өөр бусад гадаадын мэдээллийн хэрэгслүүд шүүрэн авав. “Вашингтон таймс” сонин 1997 оны дөрөвдүгээр сарын 1-ний дугаартаа “Москва цөмийн цохилтоос хамгаалах хоргодох байр барьж байна” гэсэн нийтлэл гаргалаа. Түүнд АНУ ихэнх иймэрхүү обьектоо хааж байхад Орос улс хүйтэн дайны үеэс өвлөгдөн ирсэн газар доорхи нуувч, далд гарц, удирдах байр байгуулах үнэ ихтэй хөтөлбөрөө эрчимтэй биелүүлсээр байна. Тухайлбал Уралд, Белорецк хотын ойролцоо стратегийн хүчний газар доорхи удирдлагын төв байгуулах ажил үргэлжилж байна хэмээн өгүүлжээ. Гадаадын хэвлэлүүд Оросын албаны хүмүүсээс тайлбар авахыг хичээсэн. Гэвч ямар ч утга төгөлдөр тайлбар хэлээгүй. Оросын сэтгүүлчид Ямантау уулын нууц обьектын тухай дуулиант мэдээг шүүрч авсангүй. Өмнөд Уралын ууланд уран олборлож байгаа тухай, улсын үнэт зүйлсийн сан байрладаг тухай, хүнсний бүтээгдэхүүний нөөцийн тухай таамаглал дэвшүүлсэн хэдхэн материал нийтлэгдээд өнгөрөв. Мөн цөмийн дайн гарсан тохиолдолд Оросын Засгийн газарт зориулсан хоргодох байр баригдаж байгаа гэсэн таамаглал өөр бусдынхаа дунд хальт яригдаад өнгөрсөн. Гэвч Ямантаугийн тусгай обьектын сэдэв аажмаар замхрав.
Тагнуулч жуулчид
Энэ завсар жил бүр Ямантауд авиралт хийдэг жуулчид энэ талаар мартаагүй аж. Тэдний яриагаар 2017 оны эхэн үеэс Ямантау уулын орчин тойрны хамгаалалт эрс чангарчээ. Нэг талаас Ямантау Өмнөд Уралын уулсын дархан газрын нутаг дэвсгэрт оршдог /эндхийг тохиолдлоор дархан газар болгоогүй гэж ярьцгаадаг/. Гэвч уулын орчин тойронд ой хамгаалагчид төдийгүй цэргийнхэн эргүүл хийдэг. “Ямантаугийн тусгай обьектын ойролцоо болгоомжтой шуугихгүй, утаатай түүдэг ноцоохгүй, ер нь ямар нэгэн тааруухан аргаар өөрийнхөө энд байгааг мэдэгдэхгүй байх хэрэгтэй. Эс тэгвэл тусгай ангийнхны аж байдал, уламжлалтай танилцан хэдэн зураг авсан хальсаа /мөнгө, хутга тамхи/ хураалган өөрийгөө Америкаас ирсэн тагнуул биш гэж нотолсоор байгаад хоолой сөөж, хэрвээ эцсийн эцэст аз таарвал суллах юм уу ой хамгаалагчдад шилжүүлж өгвөл /буудчихалгүй/ та тэдэнд талархан үлдэх болно” гэж жуулчид зөвлөж, сэтгэгдлээ хуваалцав. Ямантаугийн оргилд гарч үзсэн хүмүүсийн ярих нь төвдөө багахан хадны үлдэгдэлтэй асар том чулуурхаг тэгш газар байдаг ажээ. Ерээд оны эхэн хүртэл тэнд бетондсон нисдэг тэрэгний буудал болон цэргийн тусгай төхөөрөмжит үйлчилгээ хийдэг цэргийн анги байжээ. Цэргийнхнийг явсны дараа уулын оройд нуранги, мазутаас тогтсон шалбааг, зэвэрсэн төмрийн овоо үлдсэн” гэж үзсэн хүмүүс ярина. Жуулчид уулын гүн рүү орсон уурхай харсан байдаг. Ямантауд гарч байсан хүмүүсийн ихэнх нь тэнд ураны уурхай байгаа болов уу гэж нотолцгоодог. Бид тэндээс бетон хаалтаар зааглагдсан сав газрууд олсон. Тэнд ураны хүдрийг тээвэрлэхийн өмнө хадгалдаг байсан болов уу гэж нэг жуулчин ярилаа. Ер нь Ямантау уулын хөрс юу далдалж, нууж байдгийг уулын бэлд орших Межгорье хотын оршин суугчид ч мэддэггүй. Ямантау обьект нь өндөржүүлсэн нууцлалтай газар гэдэг нь эргэлзэхийн аргагүй баримт бөгөөд бусад нь зөвхөн таавар таамаглал юм” гэж нөгөөх нь өгүүлэв.
Нууц хот
Гэвч ажиглагчдын таамаглалууд буруу байсан. Ямантау ууланд уурхай бус харин жинхэнэ газар доорхи хот баригджээ. Оросын сэтгүүлчид түүнийг сүндэрлүүлэхэд гар бие оролцсон хэд хэдэн барилгачинтай холбоо барьж чадсан байна. Ямантаутай аль нэг талаараа холбогдсон бүх хүмүүс мэдээлэл задлахгүй гэж гарын үсэг зурсан болохоор тэдний нэрийг нийтэд дэлгэхгүй. Үйл явдалд оролцогчдын нэгний ярьж буйгаар Ямантау уулын газар доорхи баазын барилга хүйтэн дайны үед буюу Зөвлөлтийн жилүүдэд эхэлжээ. Обьектыг Батлан хамгаалах яамны мэдэлд байсан “Барилга удирдах газар-30” боловсруулж барьжээ. Удирдах газар Межгорьед /урдын Белорец-16, өөрөөр Нарлаг гэж нэрлэдэг/ төвлөрдөг. БУГ-30 газар доорхи болон дээрх обьект, байгуулах ажлаар мэргэжсэн газар доорхи томоохон хэмжээний барилга барьдаг, салбартаа томд ордог барилгын байгууллагын нэг байжээ. Газар доорхи хот байгуулах ажил 2002 оны үед дууссах үеэр Путин Абзаковод үе үе зочилсон нь сэжигтэй. Энэ цагаас хойш цогцолборыг бэлэн байлгах байнгын ажил эхэлжээ. Ямантау ууланд хүртэл төмөр зам салаалан тавьж, Магниторогорскоос авто зам татжээ. Уулын хотод 300 мянган хүн нэг зэрэг амьдрахаар тооцогдсон. “Байшинд” хуваагдсан газар доорхи цогцолборт шаардлагатай бүх дэд бүтцийг тавьжээ. Зам харилцаа тавьж, амьдралд хэрэгцээтэй системүүдийг суурилуулсан гэнэ. Багаар бодоход хагас жил хүмүүс газрын гадарга дээр гаралгүй энэ хотод амьдрах бүх нөхцлийг хангасан гэж нүдээр үзсэн хүн ярьж байна. Өөр нэг гэрчийн яриагаар цогцолбор 30 диаметртэй уурхайн тогтолцооноос бүрддэг ба нийт 500 км урттай ажээ. Ямантау ууланд нууц газар доорхи хот ямар зорилгоор байгуулаад одоо хүртэл хадгалж байгаа, юуны тулд аюулаас хамгаалах ийм айхтар арга хэмжээ авч байгаа талаар албан ёсны тайлбар авч чадсангүй. Орост ямар аюул тулгарсан талаар Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр ард түмэндээ хандаж хэлдэг үгэндээ юу ч дурсахгүй байна.
Ерөнхийлөгч В.Путины оффшор данс
Оффшор данстай холбоотой баримтууд дундаас хамгийн их дуулиан тарьж буй нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дотны найзын оффшор данс юм. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны вэб сайтад бичсэнээр В.Путин ойрын хүрээллийнхэнтэй холбоотой 2 тэрбум ам.долларын ээдрээтэй оффшор дансны тухай баримт гарч ирсэн. Ерөнхийлөгч В.Путины дотны найз, охиных нь загалмайлсан эцэг Сергей Ролдугин “Банк Россия”-д хувьцаа эзэмшиж, хэдэн сая ам.долларын хөрөнгөтэй компаниас мөнгө шилжүүлж авсан тухай баримт гарч ирсэн нь түүнийг хардах шалтгаан болжээ. Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн холбоо Сергей Ролдугиныг В.Путины ойрын хүрээллийнхэний оффшор компанийн гол хүн гэж сэжиглэж байгаа аж. Харин Санк–Петрбургийн Хөгжмийн ордны уран сайхны удирдаач Сергей Ролдугин үүнийг үгүйсгэж чадаагүй билээ.