Их Британийн хааны гэр бүлийн угсаа залгамжлагч, ханхүү Харри Америкийн жүжигчин бүсгүйтэй гэрлэснийхээ дараа гэр бүлтэйгээ таарамж муутай болж, улмаар хааны гэр бүлийн гишүүнээс татгалзаж буйгаа мэдэгдсэн билээ. Өдгөө тэд Америкт амьдарч байгаа ч хааны гэр бүлийн тухай мэдээллийг зарж арилжин, амьжиргаагаа залгуулж байгаа. Харин энэ удаа нэр хүнд, бэл бэнчингээрээ хааны гэр бүлийн дараа ордог хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм, түүний эхнэр дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бэкхэмийн том хүү Брүүклин гэр бүлийнхээ амьдралын үнэн дүр төрхийг олон нийтэд дэлгэлээ. Тэрээр жүжигчин Никола Пелтзтэй гэрлэсэн бөгөөд эхнэрийг нь гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрдөггүй, дорд үздэг тул өөрийнхөө сонголтыг хийж, гэр бүлээсээ харилцаагаа тасалж байгаагаа мэдэгджээ. Тэрээр өөрийн инстаграм хуудсаар дамжуулан “Гаднаасаа манай гэр бүл төгс харагддаг ч үнэндээ тэнд зөвхөн ээжийн удирдлагаар бүх зүйл болдог. Миний хуримыг хүртэл ээж бусниулсан. Цаг тулсан үед Николагийн хуримын даашинзыг урлахгүй гэснээс болж, бид өөр хуримын даашинз хайх шаардлага гарсан. Мөн хуримын үеэр 500 зочны өмнө эхнэртэйгээ романтик бүжиг хийхээр төлөвлөсөн байсан ч ээж маань надтай хамт маш зохисгүй байдлаар бүжиглэсэн. Би амьдралдаа хэзээ ч ийм эвгүй, доромжлогдсон мэдрэмжийг авч байгаагүй” гэжээ. Түүнчлэн аавынхаа 50 насны төрсөн өдрийн үдэшлэгт очих гэхэд Дэвид Бекхэм “Никола ирэхгүй” гэсэн болзолтойгоор зөвшөөрөл өгсөн байна. Иймд тэрээр очихоос татгалзжээ. Татгалзах болсон өөр бас нэг шалтгаан нь Брүүклиний өмнө нь харилцаатай байсан найз охиныг нь дүү Ромео аавынхаа төрсөн өдөрт урьсан байсан аж. "Биднийг хоёуланг нь эвгүй байдалд оруулахын тулд миний өнгөрсөн үеийн эмэгтэйчүүдийг удаа дараа урьсан" гэж Брүүклин мэдэгджээ. Тэрээр мөн “Манай гэр бүл бол олон нийтийн сурталчилгаа, дэмжлэгийг бүхнээс дээгүүр үнэлдэг. Бэкхэм брэнд хамгийн түрүүнд тавигддаг. Би амьдралынхаа ихэнх хугацаанд эцэг эхийнхээ хяналтанд байсан. Би хэт их түгшүүртэй өссөн. Гэр бүлээсээ холдсоноос хойш амьдралдаа анх удаа энэ түгшүүр алга болсон" гэжээ. Одоогоор түүний энэ мэдэгдэлд гэр бүлийнхэн нь ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна. Эцэст нь тэрээр “Манай гэр бүлийг төгс гэр бүл гэж бодож байгаа бол тийм биш. Учир нь тэд алдартай байх нь чухал” гэж Брүүклин сэтгэлийн үгээ олон нийтэд хэлжээ.