УХААНТ ХАТАН ЮМ АГАС



Нүүдэлчин ард түмний дундаас олон аугаа хүмүүс оюун ухаанаараа ялгаран түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэдний дунд тухайн нийгмийнхээ зангилааг тайлж ухаалаг бодлого тэргүүтнээрээ бусдыг түүчээлэн явсан эмэгтэйчүүд бишгүй олон. Харин сурвалжид тэмдэглэгдсэн, эс тэм­дэглэгдсэнээрээ л ялгарах байх. Ийн тэмдэглэдсэн нэгэн бол Юм агас хатны түүх билээ. ХVII зууны түүхэн үйл явдлын олон учиг гогцоог тайлахад энэхүү хатны гүйцэтгэсэн үүрэг маш их. Ер нь монгол эмэгтэйчүүд зөвхөн гэрийн ажил хийх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлснээр үйл хэрэг нь хязгаарлагдахгүй төр нийгмийн бодлогыг тодорхойлж явсан нь түүхэнд нэлээд бий. Юм Агас хатны удам гарвалыг нэхэн үзвэл Хэрэйдийн Ван хан Тоорилоос гаралтай. Түүний өвөг эцэг Хо өрлөг бол Ойрад олон аймгууд дундаас анхлан харъяатаа дагуулан баруун тийш нүүдэллэсэн Торгууд аймгийн толгойлогч байв. 1620-иод оны үед Торгуудын Хо өрлөг Дөрвөдийн Далай тайшийн хамт Ижил мөрөнд нүүж очсон байдаг. Хо өрлөгийг нас барсны дараа түүний хөвгүүн Шүхэр дайчин нь эцгийн орыг залгамжилж Ижилийн Торгууд аймгийг удирдсан байна. Шүхэр дайчин бол Юм Агас хатны эцэг нь бүлгээ. Шүхэр дайчин нь бусад Ойрад аймгуудтай цагт ямагт холбоотой байж харилцааагаа улам өргөжүүлэн бэхжүүлэхийг хичээж суув. Үүний тод жишээ нь Шүхэр Дайчин “Бид хэдийгээр Ойрад үндсэн нутгаасаа хол амьдарч байгаа боловч холбоо харилцаагаа тасалж огт болохгүй” хэмээн үзэж охин Юм Агасыг Цоросын баатар хунтайжид хатан болгон байдаг. Түүний хариуд Баатар хунтайж өөрийн охин Жалбууг Шүхэр Дайчины хөвгүүн Пунцагт хатан болгон өгчээ. Энд дурдсан Жалбуу хатан болон хожмын Халимагийн хант улсыг төрийг 50 жил барьсан Аюук ханыг төрүүлэн өсгөсөн эх болсон билээ. Ингэж алс хол орших Торгууд аймаг нь төрөлх нутагтаа үлдсэн Ойрадын гол аймгуудын нэг Цоростой худ ургийн холбоо тогтоож дотоод нэгдлээ бататгаж байлаа. Монголчууд эртнээс нааш аль нэгэн хүчирхэг аймаг, улсуудын ноёдыг өөрийн охидтой ураглаж, төрийн өвөрмөц дипломат бодлого явуулж байсан ба үүгээр дамжуулан хатад эмэгтэйчүүд төр улсын үйл хэрэгт тодорхой хэмжээгээр оролцож байсан бөлгөө. Эрдэнэбаатар хунтайжийн үед Ойрадын нийгмийн байдал тогтворжиж харьцангуй эв нэгдэлтэй, хүчирхэг байлаа. Тэрбээр таван хатантай байсан бөгөөд их хатан нь Бурууд Дарь Балжи хэмээх хатан. Гэсэн хэдий ч Юм Агас хатан Эрдэнэбаатар хунтайжийн олон хатдын дотроос эрх мэдэлтэй нөлөө бүхий их хатан байсан нь түүний сурвалжит язгууртан гэр бүлээс гаралтай, хунтайжийн хайрыг өөрийн ухаалаг төрх байдлаараа татсан зэрэг олон хүчин зүйлүүд түүний нэр хүндийг өргөж байсан биз ээ. Сурвалжид тэмдэглэснээр энэ хатнаас Сэнгэ хаан, Галдан бошгот хоёр төрсөн бөгөөд Юм Агас хатан ахмад хүү Сэнгийг эцгийг нь залгамжлуулах бага хөвгүүн болох галдан бошготыг хааныг төрүүлсэн талаар домгийн шинжтэй зүйл “Монгол уг эхийн түүх” сурвалжид бий. Түвэдийн энсэ буюу Инзан хутагт 1635 онд Далай лам ба Банчин богд нарын даалгавраар Ойрадаас тусламж гуйгаад буцах үед “...Юм Ага Энсэ хутагтын дөрөөнөөс бариад ганц хөвгүүнтэй би, нэг хөвгүүн хайрлагтун” гэж эрсэнд Хутагтын зарлиг “Би гэрээс гэр үгүйд гарсан гэлэн мөн. Би хөвгүүн өгч чадахгүй”. Тэр цагт хатны зарлиг “Та гэлэн болоод хөвгүүн өгч эс чадваас таны нас хөгшин байна, над хөвгүүн болж төрж эс болох уу?” гэж зөвшөөж зарлиг болгожээ гэдэг...Тэр жил /1644/ Юм агад үр олдсон есөн сар гүйцээд хөвгүүн гаргасан, тэр хөвгүүнийг Энсэ хутагтын хувилгаан гэж хэлэлцэж алдар болжээ” гэсэн байдаг. Энэ хөвгүүн бол хожмын Ойрад болон Төв Азид томоохон улс болох Зүүнгар хаант улсыг байгуулсан Галдан бошгот хаан байсан билээ. Үүнээс үзвэл Юм Агас хатан Ойрадын ирээдүйн нөхцөлийг эртнээс таамаглан харж өөрийн хөвгүүдээ үүндээ бэлтгэн ирсэн бөгөөд Дөрвөн Ойрадад нэр нөлөөтэй шашны нэрт зүтгэлтэн болгохын тулд Галданг Түвэд рүү шашны ном сургааль сургахаар явуулсан байж болох талтатй юм. Эрдэнэбаатар хун тайжийг 1654 онд нас барсны дараа хүү Сэнгэ нь ор суужээ. Сэнгэ Зүүн гарын төр барьсан жилүүдэд эх Юм Агас болон эцгийн анд Очирт цэцэн ханы сургамж зөвлөгөөг үргэлж сонсож дагаж байлаа. Гэвч удалгүй Зүүнгарлын хаа ширээний төлөөх зөрчил тэмцэлд 1671 онд Сэнгэ алагджээ. Энэ тухай “Монголын уг эхийн түүх”-д “Буруд хатны хөвгүүн Сэнгэтэй оячуулж өшөөрхөөд, түүнийг орон дотор нь барьж үгүй болгосныг Юм Ага өглөө босч ирээд Сэнгийг үгүй болсныг үзэв.. Хошууд Цэцэн хаан тал элч илгээгээд...Мах илдүүч тэргүүтэн зайсангуудыг дуудуулж хэлсэнд, тэд бүгд сонсож уурлаад цэрэглэж мордов. Буруд хатанг хөвгүүнтэй нь барьж авч ирээд залхааж үгйү болговой” гэж тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэбаатар хунтайжийн Буруд хатнаас гарсан хөвгүүн нь эцгийн суурийг залгамжлахын тулд Сэнгийг хөнөөсөн байна. Энэ үед Сэнгийн их хөвгүүн болох Цэвээнравдан, Сономравдан, Данжин нар нас бага байсан болохоор Юм Агас хатан Зүүнгарыг өөрийн бага хүү Галдангаар төр бариулахаар болж Түвэд тийш явахаар зэхэж олон хоног аялжээ. Тэрбээр Ойрадын дотоодод гарсан зөрчил тэмцлийг цаашид хурцдахгүйн тулд тухайн үед Ойрадын дунд асар их нэр хүндтэй байсан Хошуудын очирт цэцэн ханы дэмжлэгийг олж байв. Ийнхүү Галданг 1671 онд Түвэдээс буцаан авчирч Ойрадын хаан ор залгамжлуулжээ. Тэр үед Юм Агас хатан хөвгүүн Галданд хандаж “Ач нар чинь бага, нутаг чинь эзгүй. Ширээнээс буугаад ханцуйт дээл өмсөөд ширээгээ очиж тэтгэ” гэхэд Галдан эхийн үгэнд орж ихэд хүндэтгэн Ойрад нутагтаа буцаж ирсэн хэмээн сурвалжид өгүүлжээ. Чухам Галаднг Түвэдээс буцааж авчруулан ахынх нь суурий залгамжлуулсан явдал нь Юм Агас хатны алсыг харсан мэргэн бодлого байжээ. Энэ явдал нь Ойрад болон нийт монголчуудын хувьд цаашлаад Төв азид тэргүүлэх хүчин болоход нь уг үндэс суурийг тавихад ихээхэн нөлөө үзүүлснийг онцлох хэрэгтэй юм. Тийм учраас Өвөр монголын нэрт түүхч М.Эрдэмт “ХVII зуунй үеийн Ойрадын түүхийн хувиралтанд зангилааны үйлдэл үзүүлсэн нэг хүн” гэж Юм агас хатны энэхүү түүхэн гавъяаг үнэлсэн нь буй.
Хөвгүүн Галдан нь Цорос аймгийн эрхийг аваад Ойрадын доторх улс төрийн зөрчил тэмцлийг арилгаж Ойрадад төдийгүй Төв Азид нэр нөлөө бүхий улс нийгмийн зүтгэлтэн болсон байдаг. Тэр үед Юм Агас хатан хүү Галдандаа бүхий л талаар санаа тавьж олон зөвлөгөө өгч байсан. Жишээ нь Галданд ах сэнгийн хатад болох Ануг хатан болгон авахыг зөвлөсөн явдал юм. Эхийнхээ зөвлөсөн ёсоор Ануг хатнаа болгож авсан тухай зарим бүтээлүүдэд бий. энэ нь Юм агас хатны алсын бодлоготой холбоотой бөгөөд Ану бол тухайн үедээ Дөрвөн Ойрадад чухал нөлөөтэй байсан Хошуудын Очирт цэцэн ханы оч охин байв. Ийнхүү Галдан бошгот хүчирхэг Зүүнгар хаант улсыг байгуулсны дараа өөрийн хөрш улс орнуудтай аль болох эв найрамдалтай гадаад бодлого явуулахыг зорьж эхлэв. Тэрбээр Хаант Орос улстай илэрхий найрамдалтай харилцаатай байхыг эрмэлзэж байсан нь шинэ байгуулагдсан Манж нараас гадаад бодлогын хувьд улсаа хамгаалах дипломат бодлогын нэгэн хэсэг гэж үзэж болох юм. Манж Чин улс тухайн үед 1636 онд Өвөрмонголыг эрхшээлээд оруулсан бөгөөд Халх Монголыг эзлэхийн тулд ноёд язгууртнуудыг нь өөрийн талд урвуулан татах бодлогыг эрчимтэй хийж байлаа. Нүүдэлчдийн дундаас төрж гарсан энэ мэт эмэгтэйчүүдийн түүхийг нягтлах нь хожмын түүхийг үнэн бодитоор гаргахад хэрэгтэй буюу. Юм агас хатан үр хүүхэддээ төдийгүй улс үнэстний хэмжээний асуудалд болгоомжтой хандаж тухайн үеийн Ойрадын нийгэм улс төрийн харилцаанд ихээхэн идэвхтэй оролцож байсан ажээ. Түүний хийж бүтээсэн үйл хэргээс энэ бүхэн илэрхий харагддаг. Энэ хатны түүхэн гавъяаг тодорхойлбол тэрбээр Зүүнгар улсын улс төрийн эв нэгдэл, бат бөх байдлыг эрхэмлэн үзэж өөрийн бүхий л чадвараа гарган тухайн үеийн ойрадын улс төрийн хувиралт өөрчлөлтөнд голлох үүргийг гүйцэтгэсэн. Зүүнгар улсын түүхэнд цөөн эмэгтэйчүүдийн нэг байсан гэдгийг дурдах хэрэгтэй юм. Юм Агас хатан Туулай жил буюу 1687 оны хавар нас баржээ.
Б.Сэрчин
Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.

ШИНЭ МЭДЭЭ