МОНГОЛД “ХОЁР ЭХНЭРТЭЙ БОЛОХ” ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ДӨХСӨН НЬ


Үндсэн хууль хийх, улсынхаа түүхийг бичихээс эхлээд ахуй амьдралын бүх зүйлийг Москва зааж өгнө. Мал маллахыг хүртэл марксизм заана. Ямар сайндаа “Мал маллахаа марксизмаар заалгахгүй” гэж яруу найрагч Ц.Чимэддорж шүлэглэж Болор цомын шагнал хүртэн түрүүлж байв. Тэр ч байтугай нам төрийн тэргүүн хийгээд нам төрийн тэргүүн болох ирээдүйтэй кадруудын эхнэрийг хүртэл оросууд мэдэж байв. Шинэ үндсэн хууль баталж байх үед ийм нэгэн явдал үнэхээр болжээ. Орос эхнэртэй байсан Ху намын Улс төрийн товчооны гишүүн асан нэгэн том дарга Үндсэн хууль баталж байгаа нутгийнхаа депутатуудыг “Нэгдэлчин” зочид буудалд эргэж иржээ. Тэгээд л тэр том дарга депутатуудтай баахан архидаж нам төрийн тэр­гүүний, зовлон жаргал, шахалт хавчилтын тухай баахан ярив. Бас Монгол төрийн хар хайрцагны бодлогод тусгах саналаа ч ний нуугүй хэлэв. Том даргыг Ар­дын их хурлын депутатуудын удир­длагууд хүртэл хүлээн авч уулзаж үгийг нь сонсов. Оросын хараат бус төрийн бодлого явуулахад, төр­ийн тэргүүний эх­нэрийн асуудал, үндэсний аюул­­гүй байдлын хэмжээ­ний асуудал байжээ. Оросоос тусгаар улс болсон ч цаашид Орос ах нараа түшихээр дагахаас өөр аргагүй. Тийм болохоор хаш­рууд мэргэн гарц олж, эхнэр авах бодлогыг хуульчлахаар тохиролцов. Чингис хаант Монгол улсынхаа эзэн хаан, угсаат ноёд, ер нь эр хүн олон эхнэртэй байсан уламжлалыг хүртэл хадгалахаар шийдэв. Цаашид нам засгийн томчууд хийгээд засаг хошуу, ноёд болох, аймаг сум багийн засаг даргын ашиг сонирхлыг харгалзах хэрэгтэй. Тэр мэргэн арга нь эр хүн хоёр эхнэртэй байж болохыг Үндсэн хуулиар баталгаажуулах асуудал болов. Төрийн тэргүүн болсон хүн “Москвагаас шахсан” орос эхнэрийг авна биз. Харин бага хатнаа залуу монгол охидоосоо авахыг хуулиар батал­гаажуулах монгол ухаан сийлжээ. Ардын их хурлын депутатуудын чуулганы хуралдаанд хоёр эхнэртэй байхыг зөвшөөрүүлэх асуудал оруулах депутатыг олох асуудал хүнд байлаа. Тэгээд МХЗЭ-ээс нэр дэвшүүлж Төв аймгийн Баян сум буюу Ардын их хурлын депутатуудыг сонгох 314 дүгээр тойргоос сонгогдсон Магсарбямбын Ган­төмөр­өөр хоёр эхнэртэй байж болно гэсэн хуулийн заалтыг чуул­ганы нэгдсэн хуралдаанд өргөн бариулах болжээ.Үндсэн хууль хэлэлцэж байх ид үе. Нэг өдөр М.Гантөмөрийг хурлын дарга дуудаж ийм санал хураалга гэжээ. М.Гантөмөр ч юм бодолгүй санал хураалгав. Ардчилсан үндсэн хууль батлах гэж байхад юун феодалын Монголын хоёр эхнэр яриад явчихав аа гээд залуусын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Эл саналыг дэмжсэн бас эсэргүүцэгчдийн нэрээр хураалгаснаа хожим нь М.Гантөмөр үзүүлсэн юм. Нам төрийн тэргүүн, сайд, аймаг сумын засаг дарга, сум нэгдэл, сангийн аж ахуйн дарга хийж байсан, хийж байгаа хашрууд бүгд хоёр эхнэртэй байх нь зүйтэй гэж дэмжжээ.
Харин санал гаргуулсан 80 шахам депутат тэр өдөр хуралдаан тасалсан байж. Хэрэв хашрууд урьд орой нь хэтрүүлэн ууж, олон депутатууд хурал таслаагүйсэн бол эр хүн хоёр эхнэртэй байж болно гэдэг заалтыг төрийн бодлогоор Үндсэн хуулиараа зөв­шөөрчихсөн улс болох байлаа. Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна гэдэг шиг хэрэгжүүлэхэд ч хэцүү аваад хаячихаж болохгүй нэг заалт одоо хүртэл Үндсэн хуулинд цохиж явах байж дээ. Ямар ч байсан Монгол улсын энэ Үндсэн хууль ардчилсан Монгол Улсын тусгаар тогтнолын цорын ганц баталгаа мөн. Яагаад гэвэл бид өөрсдөө хэнээр ч заалгалгүй “Монгол үйлдвэрлэв” гэсэн анхны шошгыг энэ хуулинд хадсан юм.
Сэтгүүлч Д.Дашрэнцэн агсны
“Манай сумын намууд” номноос авав
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

ШИНЭ МЭДЭЭ