Христофер Колумб ХV зуунд Америк тивийг нээхдээ Энэтхэгийн эрэгт ирлээ хэмээн эндүүрч нутгийн уугуул иргэдийг “indians”гэж нэрлэснээр энэ нэр үүссэн гэлцдэг. Индианчуудын гарвал угсааг генетикийн аргаар судалсан эрдэмтэн мэргэд тэднийг зүүн хойд Азиас Сибириэр дамжин Берингийн хоолойг гатлан 12 мянган жилийн өмнө ирж суурьшсан гэж үздэг юм билээ. Олон мянганы тэртээ энэ нутгийн эрх дархтай уугуул иргэд нь байсан индианууд эдүгээ Америкийн нийт хүн амын дөнгөж 0,7-0,9 хувийг эзэлж байна. Яагаад Индианчуудын тухай оршил болгон өгүүлэв гэхээр өнөөдөр Та бүхэнд Индиана мужийн нийслэл Индианаполис хотын тухай товч танилцуулах гэж байгаа билээ. Нэгдсэн Улсын 50 мужаас уугуул иргэдийн нэрийг мужийнхаа болон нийслэл хотынхоо нэрэнд багтаасан Индиана мужийн Индианаполис хотноо хөл тавих завшаан саяхан олдсон юм. Энэ нутагт Европчуудыг ирэхээс өмнө миами (майами), делавари, потаватоми, кикапу гээд индиан олон овог аймаг оршин сууж байсан гэнэ. 1976 онд Францын Робер де Ласалль гэгч нөхөр энэ нутгийг нээж, судлан улмаар Францын мэдэлд орж, “Шинэ Франц” гэгдэж байсан аж. Удалгүй Англичуудад энэ нутаг ус шилжиж. Харин 1816 онд Индиана АНУ-ын 19 дэх муж болжээ. Мужийн нийслэл нь эхлээд Коридан хот байгаад 1825 онд Индианаполис болсон гэнэ. Грекээр polis гэдэг нь хот гэсэн утгатай үг бөгөөд Индианаполисийг Индиана хот гэж орчуулж болох юм. Гэвч өдгөө энэ хот Circle city, Indy гэх мэт хоч нэрээрээ алдартай болжээ. Индиана мужийн хүн амын ердөө 0,2 хувийг л “улаан арьстнуудын” удам угсаа эзэлдэг бөгөөд уугуул нутгийнхны эзлэх хувиар Америкийн мужууд дундаа дөнгөж 40 дүгээрт (Нэгдүгээрт хүн амынх нь 13,1 хувийг нь индиан цусныхан эзэлдэг Аляск муж ордог байна) бичигддэг авай. Тэгэхээр өнөөдөр нэрэнд хууртагдаад Индиана муж, Индианаполисийг “Индиан хот” хэмээн бодож болохгүй бололтой. 800 000 орчим хүн амтай Индианаполис бол Америкийн дундаж л хотын нэг ажээ. Мужийнхаа засаг захиргааны нийслэл төдийгүй аж үйлдвэр, худалдаа, санхүү, эдийн засгийн гол төв. Энд өнгөт төмөрлөг, машин үйлдвэрлэл, химийн болон эмийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн гэнэ. Эндхийн Пердью, Индианагийн их сургуулиад ихээхэн нэр хүндтэйд тооцогддог. Ялангуяа Индианагийн Их сургууль бол Төв Еврази судлал, Монгол судлалаар Америктаа тэргүүлдэг ажгуу. Эндхийн тэнхимд монгол судлаач гадны олон эрдэмтэн мэргэд, мөн Монголын оюун ухаант олон багш нар хичээл зааж байсан, одоо ч зааж байгаа гэхээр бас л нэг сэтгэлд дотно, Монголтой холбоотой санагддаг бүлгээ .
За тэгээд Индианаполист очвол юуны өмнө энэ хотын нэрийг Америкт төдийгүй дэлхийд алдаршуулсан Indianаpolis Motor Speedway хэмээх авто уралдааны тойруулгыг үзэхийг бодоорой! Энэ автодром нь Индианаполисийн даунтаунтай “бөөр” нийлэн орших Спидвэй хэмээх жижиг хотод байдаг. Энд л өнөөх авто болон мотоспорт сонирхогчдын цөсийг нь хөөргөж, сэтгэлийг гэгэлзүүлж байдаг алдар цуут “Формула-1”, “Индианаполис-500” (IndyСar), “All state 400”(NASCAR) зэрэг автомашины болон “Индианаполис гран при” мотоциклийн уралдаанууд болдог билээ. Хэрэв Та энд ирсэн бол “Grounds tour” хэмээх хөтөчтэй аяллыг заавал сонирхоорой! Энэ аялалд багтсанаараа Та дээр дурьдагдсан уралдаан болдог замаар автобусанд суугаад, тайлбарлагчаар үүх түүхийг нь яриулсан шиг бүтэн тойрог явах болно. Домогт Майкл Шумахерийн таван удаа түрүүлсэн, “Инди-500”-ийн үе үеийн аваргуудын давхиж явсан тэр л замаар явж, бариа гарааны зурвас цуут “Yard of Bricks” –ийг аварга болсон тамирчдын “заншил” ёсоор үнсэж, ялалтын тавцан дээр эгээ л уралдаанд түрүүлсэн тамирчин шиг хоёр гараа өргөн “патиараа” татуулж болох ажээ. Мөн жирийн үзэгчдийг хэзээ ч нэвтрүүлддэггүй элдэв газруудаар ч оруулж, сонирхуулах юм билээ. Энэ бүхнийг үзэхэд та 25 доллар төлөх бөгөөд энэ үнэнд авто мото спортын “Алдрын танхим музей”-г үзэх үнэ ч багтсан байгаа. “Алдрын танхим”-аас эрт эдүгээгийн уралдааны олон арван машин, мотоциклийг “амьдаар” нь үзэж, уралдааны замд нэр алдраа дуурсгасан тамирчидтай танилцаж, уралдааны жинхэнэ машинд суугаад зургаа авахуулж, энд орсны дурсгал болгон бэлэг дурсгалын зүйл ч худалдан авч болох юм. “The Racing Capital of the World” хэмээн алдаршсан энэхүү авто тойруулга 257000 үзэгчдийн суудалтай, яг уралдааны үед дотор нь ажиллаж буй багийнхан, техникийн ажилтнууд гээд бүх хүмүүсийг оруулбал 400000 хүн байдаг гээд л бод доо.
Ийнхүү Индианаполисийн нэрийн хуудас болсон Indianapolis Motor Speedway-г үзэхэд Танд хоёроос гурван цаг л хангалттай. Чихэнд тань цагт 180 миль хурдтай давхих “төмөр хүлгийн” чимээ, түүнийг манайхны соёолон морины уралдаан үзэж байгаа мэт самсаа шархилуулан шимтэн сонирхож буй 257 000 үзэгчийн уухай “сонсогдоно” гэдэгт эргэлзэх хэрэггүй ээ. Спидвэйгээс та хэдхэн минут давхиад Индианаполис хотын төвд хүрчихнэ. Хөшөө дурсгал, хотын төв гээд анхаарал татах, алжаал тайлах газар бишгүй л бий. Гэвч “ White River State Park”-д зочилбол нэг доор чамгүй олон зүйл үзээд авна шүү! “Park pass” нь 40,5 долларын үнэтэй бөгөөд үүнд Indianapolis ZOO, Indiana State Museum, Eiteljorg Museum of American Indians and Western art, NCAA Hall of Champions, Indianapolis Indians baseball, White River Garden гээд томоохон үзвэрийн газруудыг үзэх үнэ багтсан байдаг юм билээ. Эндхийн Зоопаркт олон зуун ан, амьдын аймаг, төрөл зүйлийг үзэх бөгөөд дельфиний үзүүлэх тоглолт, мөн Австралийн залхуу уутат баавгай Коала, амьтны хүрээлэн дотуур явах бяцхан галт тэргээр зугаалах, Пони хэмээх одой морийг унаж үзэх зэрэг нь хүмүүсийн сонирхлыг илүүтэй татдаг аж. Дээр дурьдагдсан музейнуудээс Америкийн индиануудын урлаг соёлын олон зуун эд өлгийн зүйл, хүн төрөлхтний түүхэн хөгжил, дэвшилттэй холбоотой үзмэрүүдийг шавайгаа ханатал үзэж болно. Мөн “Индианаполис Индианс” бэйсболын багийн тоглолтыг үзэх, эсвэл NCAA-ийн “Аваргуудын Алдрын танхим”-д зочилж спортын гайхамшигт ертөнцөөр ч аялаж болох юм. Энэ бүгдийг үзэхээс гадна Та нэгээс дөрвөн хүний суудалтай дугуй түрээслэн паркаар, эсвэл завь түрээслэн хотын дундуур усан сувгаар зугаалж алжаалаа тайлж ч болох ажээ. Мөн Индианаполист дэлхийд хамгийн томд тооцогддог “Хүүхдийн музей”-г сонирхож, цаг зав, тоглолтын хуваарь нь таарвал “Индианаполис кольтс” (америк хөлбөмбөг), “Индиана пэйсерз” (сагсан бөмбөг) гээд нэр цуу нь түгсэн багуудын тоглолтыг үзчихвэл бас л гэмгүй ээ. Бас Индианаполис бол хөшөө дурсгалын тоогоор зөвхөн Вашингтон Ди Си хотын л дараа ордог юм байна.
Нэгэнт Индианаполист ирсэн бол өмнө зүгт цаг орчим давхиад хүрчихдэг Блүүмингтон хотоор зочлох хэрэгтэй. “Оюутны” гэж хэлж болохоор энэ жижиг хот руу яах гэж таныг урьсан бэ гэж гайхаж байна уу? Энд буддын шашны тэргүүн, Дээрхийн Гэгээнтэн 14 дүгээр Далай ламын эзэмшил газар, түүний байгуулсан Бурхны хийд байдаг юм. Тэнд Төвд Монголын шашин соёлын төв үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ. Эх орон, шашин шүтлэгээсээ хол яваа хүмүүс энд ирээд номын дуу сонсоод, хайртай бүхнээ сүслэн бодоод сэтгэлээ ариутгаад явахад юу нь буруудах вэ. Блүүмингтонд сурч, ажиллаж, амьдарч буй монголчууд цөөхөн гэлтгүй бүгд л зочломтгой сайхан зантай, хоол унд, сүү цай болсон, хоноод яв, сайхан ярьж хөөрөлдөе гэсэн улс байх юм билээ. Хүсвэл Та Далай багшийн эдлэн болох уул ус, ургамал жигдэрсэн тэр сайхан газар жижигхэн хөөрхөн зуслангийн байрыг, эсвэл монгол гэрээ түрээслээд хэд хоног амарч ч болно гэж байна лээ. Шинэ тивийн уугуул иргэдийн нэрээр нэрлэгдсэн муж, хотоор түр саатахдаа үзэж, харснаа товч сонирхуулахад ийм буюу. Өөр бусад сонин хачныг тэнд амьдран суугаа элэг нэгтнүүд маань, тийшээ аяны жолоо залах монголчууд маань үргэлжлүүлэн бичих буй заа.
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч). Индианаполис-Блүүмингтон
