Большевикууд хааны гэр бүлийг Царское селод тав хоног гэрийн хорионд суулгажээ. Хаан ширээнээсээ татгалзсан II Николай хүүхдүүдээ ямар ч аюулгүйгээр үлдээхийг хүсч байлаа. Мөн тэрээр гэр бүлээ аврахын тулд Европын хаад руу удаа дараа захидал илгээж байжээ. Гэвч ээжийнх нь эгч болох Данийн хатан хаан, эхнэрийнх нь төрөл садан болох Англи, Германы хаад II Николайгаас нүүр буруулсан юм. 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалын дараа Түр Засгийн газрын шийдвэрээр Оросын сүүлчийн хааны гэр бүлийг ард түмний уур хилэнгээс хамгаалахын тулд Сибирийн Тобольск хот руу явуулжээ. Хааны гэр бүл Тобольскт Иртыш голын эрэг дээр боломжийн тухтай амьдарч эхлэв. Тухайн бүс нутгийн даргын ордонд байрласан II Николай улс төрийн болон албаны хэрэг, арга хэмжээнд сатааралгүйгээр гэр бүлдээ илүү их цаг гарган, хүүхдүүдтэйгээ урьдынхаасаа ч илүү халуун дулаан уур амьсгалтай болжээ. Большевикууд Засгийн эрхийг хяналтдаа бүрэн авсны дараа хааны гэр бүлийн эрх ямба, эдлэх горимыг аажмаар хязгаарлаж эхэлжээ. Романовынхныг сүмд очих, тэр байтугай хашаанаасаа гарахыг хориглосон байна. Большевикууд Романовынхныг Москвад авчран шүүх шийдвэр гаргасан байна. II Николай, Александра хатан, Мария гүнж нар Улаан армийн штаб байрлах Москва руу явахын тулд галт тэргэнд суулгасан комиссар Яковлевыг “Хааны гэр бүлийг аврах оролдлого хийсэн” хэмээн баривчилж, харин Романовынхныг Екатеринбургт галт тэрэгнээс буулгажээ. Удалгүй Тобольскт үлдсэн хүүхдүүдийг нь авчирч, хамтад нь комиссар Ипатьевийн гэрт хорив. Хааны гэр бүлийг хоёр давхарт байрлуулаад, гадаад орчноос бүрэн тусгаарлахын тулд цонхыг нь хаан битүүлж, хаалганых нь дэргэд харуул тавьжээ. Романовынхныг өдөрт таван минут л салхинд гарахыг зөвшөөрдөг байжээ. Дорнод фронтод цагаан армийнхан давшиж эхэлсэн тул 1918 оны долдугаар сарын эхээр Зөвлөлтийн Засгийн газар хааны гэр бүлийг цаазлахад бэлтгэж эхлэв. Харуулд зогсох энгийн цэргүүдийг Онцгой комиссын төлөөлөгчдөөр сольсны дараа Романовынханд сүүлчийн удаа бурхны мөргөлд оролцохыг зөвшөөрч, санваартанг илгээжээ. Санваартны мэдүүлснээр, хааны гэр бүлийнхэн түүнтэй ганц ч үг солиогүй аж. Ардын Комиссеруудын зөвлөл, засгийн эрхийг барьж байсан большевикууд Уралын цэргийн комиссар Голощекид Николайг гэр бүлийнх нь хамт устгах даалгавар өгсөн байдаг. Үүнийг Зиновьев, Свердлов, Ленин гээд бүгд дэмжсэний үндсэн дээр гүйцэтгэжээ. Тэд энэ хэргээ нуухын тулд “Нүүлгэн шилжүүлэх явцад амь үрэгдсэн” гэсэн бичиг үйлджээ. 1918 оны долоодугаар сарын 18-нд хааны гэр бүлийнхэн 22.30 цагт унтахаар хэвтэцгээсэн байна. Гэтэл 23.30 цагийн үед харгалзагч тэднийг сэрээж цагаантны цэргүүд ойртож ирсэн тул аюулгүй газар очих хэрэгтэй хэмээн II Николай, хатан Александра Фёдоровна, гүнж Ольга, Татьяна, Мария, Анастасия, хунтайж Алексей болон хоёр зарц, эмч Боткиний хамт хонгилын өрөө рүү орохыг тушаажээ. Тэднийг хонгилын өрөөнд оруулж ирээд эхний эгнээнд хааны гэр бүл, ард нь гурван зарцыг нь зогсоожээ. Ганцхан хатан хаан л бие муутай хүүгээ тэврэн сандалд суужээ. Уралын Зөвлөлөөс гаргасан буудан хороох тогтоолыг чангаар уншиж дуусахад сонссон зүйлдээ итгэж чадаагүй II Николай “Юу” хэмээн гайхан уулга алдсаны дараа чекист Яков Юровский хааныг шууд буудсан байна. Тэнд байсан 11 цэрэг гохоо дарснаар, хонгил Романовын гэр бүлийн цусаар будагджээ. Дараагийн өдөр нь Оросын сүүлчийн хааны гэр бүлийн цогцсыг Екатеринбургээс 19 километрт байрлах Коптяки сууринд аваачиж шатаагаад булжээ. Эмгэнэлт явдал болоход гүнж Ольга 22, Татьяна 21, Мария 19, Анастасия 17 настай байв. Санкт Петербургийн гадна байрлах баян тансаг хааны ордонд мэндэлсэн Романовын гүнж нар ийнхүү алс бөглүү хотын байшингийн хонгилд хамтдаа амь үрэгдсэн юм. Хаан, хатан болон гурван охиных нь цогцсыг 1991 онд олсон юм. Эрдэмтэд цогцсуудад шинжилгээ хийгээд Николай хааны гэр бүлийнхэн мөн болохыг тогтоожээ.Гэвч Анастасия Алексей хоёрын цогцос олдоогүй байлаа. Энэ явдлаас ч өмнө II Николайн охидоос нэг нь аврагдсан гэсэн яриа Орос даяар тархан, 79 жилийн турш амь бөхтэй оршиж байсан юм. 46 настай барилгачин залуу Сергей Плотников гэгч Екатеринбургийн ойролцоо 2007 онд халгайгаар хучигдсан хөндийд хайлт хийж байхдаа түүний багаж нь ямар нэгэн хатуу зүйлд хүрэхийг мэдэрчээ. Тэрбээр Романовын удмын хоёр хүүхдийн булшийг хайж байсан юм. Ингээд археологичид болон шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд судалж үзээд, ДНХ-ийн шинжилгээгээр Романовын хүүхдүүдийн цогцос болохыг тогтоожээ. Мөн ондоо II Николай хаан, хатан Александра Фёдоровна, гүнж Ольга, Татьяна, Мария, Анастасия, хунтайж Алексей нарын цогцсыг Санкт-Петербург хотын Петропавловскийн цогчин дуган дахь Оросын хаадын бунханд хүндэтгэлтэйгээр залжээ.
Оросын хаан ширээ залгамжлагч 1979 онд нас барсан уу?
Хоёрдугаар Николай хааны хүүгийн талаар өгүүлье. Сүүлийн үеийн мэдээгээр хан хүү Алексей 1979 онд нас барж, Петербургт оршуулагджээ. Харин түүний эгч Анастасия Казаньк 1971 онд нас барсан байна. Сэтгэл зүйч эмч Далила Кауфман нас өндөр болсон үедээ сэтгэлдээ хадгалсан нууцаа дэлгэхээр шийдэв. Дайны дараа тэр Петрокаводск хотын мэдрэлийн эмнэлэгт ажиллаж байв. Түүнийг тус эмнэлэгт ажиллаж байхад 1949 оны нэгдүгээр сард 45 настай Филипп Григорьевич Семенов гэгч сэтгэцийн өвчтэй хүнийг эмнэлэгт авчирчээ. Тэр өвчтөн маш өргөн мэдлэгтэй, сэхээхтний төлөв байдалтай, машид хүмүүжилтэй, гадаадын хэд, хэдэн хэлийг чөлөөтэй эзэмшсэн нэгэн байсан нь эмч нарт гайхалтай санагдав. Удалгүй Семенов гэгч тэр өвчтөн өөрийн эмчдээ “Би бол хоёрдугаар Николай хааны хүү, хаан ширээ залгамжлагч мөн” гэж ярьсан байна. Эмч нар өөрийгөө их хүн гэж үздэг сэтгэц, мэдрэлийн донтой өвчтөн гэж эхлээд түүнийг бодож байлаа. Өвчтөн Семенов эмч нартай маргасан ч үгүй, өөрийгөө зөвтгөсөн ч үгүй, уурлаж цааргалсан ч үгүй, дуугүй л суув. Тэр үед Ленинградын профессор Самиул Ильич Генделевич тус эмнэлгийн зөвлөхөөр ажилалж байжээ. Семенов хааны ордны бүх өрөө тасалгаа, тавилгыг маш сайн мэдэж байсан нь анхаарал татав. Генделевич хачин жигтэй өвчтөнөөс шалгалт авахаар хааны өвөл, зуны ордон, хотын гаднах барилгуудаар явуулж үзсэн байдаг. Гэвч Семеновын хувьд эмчийн асуулт маш энгийн ойлгомжтой байсан тул бараг цээжээрээ үнэн зөв хариулж байлаа. Хүү багадаа цусны өвчтэй байсан нь шинжилгээгээр бүрэн батлагдав. Эцэст нь гадаад байдал нь эцэг Романовтай нэн төстэйгөөс гадна өвөг эцэг хоёрдугаар Николай хаантай маш адилхан байсан нь гайхалтай. Өвчтөний үгэнд итгэвээс чекистийн сум өгзөгт нь тусч тэр ухаан алджээ. Нэг ухаан ороход үл таних хүн түүнийг асарч сувилж байх юм гэнэ. Хэдэн сарын дараа Семеновыг асрагч хүн Петроград хотод авчирч одоогийн саятны гудамж дахь уран барилгач Александр Померанцевын байшинд асарч түүнд Владимир Иррин гэдэг нэр өгчээ. Хан хүү тэднийхээс зугтаж Улаан армид сайн дураараа элсэв. Тэрбээр улаан цэргийн дарга нарыг бэлтгэдэг Балаклавын сургуульд ирж Будённыйн нэгдүгээр морин армийн морин цэргийн хорооны дарга болж Врангелийн цэрэгтэй байлдаж, Дундад Азид Басмачуудыг бут ниргэж эрэлхэг гавъяа байгуулав. Түүний эр зоригийг улаан морин цэргийн командлагч Ворошоливоос хүндэт үнэмлэхээр шагнаж байжээ. Ингээд 1918 онд чекистүүд эзэн хааны гэр бүлийг хүйс тэмтрэхэд азаар амьд үлдсэн хан хүүгийн амийг аварсан хүн уулзаж эхнэрийнхээ удмын Филипп Григорьевич Семенов гэдэг нэрийг түүнд өгчээ. Саяхан Екатеринбургийн орчмоос хааны гэр бүлийн хоёр хүн, ханхүү Алексей, гүнж Мария хоёрын цогцос олдсон. Үүнээс өмнө Екатеринбургийн орчмын Костяковын зам дээрээс олдсон гавлын гурван ясанд эмнэлэг криминалистик шинжилгээ хийгээд Ольга, Татьяана, Анастасия гурвынх мөн болохыг тогтоосон аж. Хааны удмынханг больщевикууд хүйс тэмтэрч байх зуур цуст буудлагын дараа хоёр хүүхэд амьд үлдэж болох уу? Онолын хувьд болох талтай. Гэвч үлдсэн баримтуудаас үзэхэд тийм магадлал маш бага. Харин шинээр олдсон цогцос Алексей, Мария хоёрынх мөн болохыг ОХУ-ын ШУА, Анагаахын хүрээлэн баталсан гэдэг өөр хэрэг.
