Сүүмийн сүүмийх алс тэртээд
Сүргээ хариулж яваа даа
Баян далайн ус шиг
Бялхам сэтгэлт аав минь
Сураг чимээ чагнаад
Хүүгээ хүлээж суугаа даа...
Энэ дууг дал, наяад оныхон андахгүй. Тэд өдгөө ч найр наадам дээр дуулсаар л байгаа. Мөн энэ дуутай холбогдоод “Сүүмийн сүүмийх...” гээд аялангуут л дуучин Ж.Янжиндулам санаанд буудаг. Цаг хугацааны шалгуурт сайхан дуу үлдэхээс гадна сайн дуучны хоолой бас хоногшиж үлддэг. Дууг нь сонссоор байгаад тухайн дуучны хоолой сэтгэл зүрхэнд хоногшчихдог. Гэвч зүрхэнд хоногшсон тэр сайхан дуу, тэр сайхан хоолой өдгөө бидний сонорт байнга хүрээд байх боломжгүй. Хэдэн зуун жилийн өмнөөс амнаас ам дамжин яригдаж хүн бүрийн сэтгэлд үлдэж хоногшсон зүйлийг бид “Домог” гэдэг. Гэхдээ домог бол заавал тийм олон зуун жилийн урт настай байх албагүй. Тавиадхан жилийн өмнөх “Битлз”, гучаадхан жилийн өмнөх Фреди Мерькюри, хориодхон жилийн өмнөх Майкл Жексон гэх мэтээр дэлхий дахинд домог болчихсон хамтлаг, дуучид олон бий. Үүн шиг Монголд Янжиндуламаас эхлээд домог болчихсон дуучин харин хэр олон бол?
1970-аад оны дунд үед дуучин М.Янжиндуламыг ид сайхан дуулж байх үед "Хятадын тагнуул" гэсэн цуу яриа хүчтэй газар авч, хөдөөгүүр нэг хэсэгтээ шуугиж байжээ. Хөдөө орон нутгийнхан түүнийг Хятадын тагнуул гээд бүр итгэчихсэн, томчууд хүртэл “Нам засаг худлаа хэлнэ гэж байхгүй ээ. “Үнэн” сонин дээр хүртэл бичигдсэн болохоор Янжиндулам тагнуул байхаас зайлахгүй” гээд л цуурч өгдөг байжээ.
Түүний дуулдаг “Аавдаа” дуунд,
“Хантайширын оройгоор харийн шувууд буцлаа даа
Хайртай буурал аавтайгаа харьж очоод золгоно доо” гэдэг мөр бий. Үүнийг томчууд өлгөж аваад, “За тэр харж байна уу. Хантайшир гэдэг уул Өвөр Монголд байдаг юм гэнэ. Хайртай буурал аавтайгаа харьж очоод золгоно доо” гэдэг чинь Хятадад байгаа аавтайгаа уулзахыг хэлж байгаа юм. Даанч дуучин Янжиндулам үүргэвч үүрээд урагшаа гарах гэж байгаад баригдчихжээ” гээд л хүүхэд бидний тархийг эргэтэл тун үнэмшилтэй хүүрнэдэг байж билээ. Далаад оны үед ийнхүү баруун солгойгүй цуурч байсан томчууд маань “Үнэн” сонин дээр үнэхээр л Янжиндуламыг тагнуул мэтээр бичсэн эсэхийг нь ч мэдэхгүй байж дур зоргоороо цуурч байсан нь төдөлгүй ойлгогдсон. Дуучин Янжиндуламын тухай бүх зүйл худлаа болж хувирав. Одоогийнхоор бол дуучин маань нэр төрөө сэргээлгэхээр Өвөрхангайчуудаас овоо хэдэн сая төгрөг нэхэмжилж болохоор л байлаа. Тэгтэл харин ч элдэв юм санасан шинжгүй 1979 онд “Баян Монгол”-ын хэсэг дуучидтай ирж, Хужиртын амралтын соёлын төв дээр тоглолт хийж хөдөөгийн залуусыг нэг сайн баясгаад авч билээ. Дуучин Янжиндуламын тухай дээрхи утгагүй гүтгэлгийг тухайн үед залруулж явсан хүн бол Улсын филармонийн дарга Д.Ухнаа юмсанж. Энэ тухай Ухнаа гавъяат өгүүлэхдээ: “Тэр үед нэг сонин зүйл болсон нь “Залуучууд” сонин дээр “Үүргэвч үүрсэн бүсгүй” нэртэй нийтлэл гарч, тэрхүү нийтлэлд Янжиндуламыг Өвөрмонголын тагнуул хэмээн бичжээ. Тэр үед үүргэвч үүрч явдаг хүн ховор байж. Тухайн цаг үеийн ойлголтоор гуйлгачин хүн л үүргэвч үүрэх ёстой байв. Харин Янжиндулам хаанаас авсан юм бүү мэд, нэг тийм бор үүргэвчтэй байжээ. Тиймээс тэрхүү үүргэвчнээсээ болж хардуулж, одоогийнхоор бол жинхэнэ “сенсацийн” эзэн болсон. Дээрээс надад үүрэг өгч, М.Янжиндуламын удам судрыг нь судлах лүндэн буулгав. Нэгэнт ийм лүндэн авсан хүн өөр яахав, Төмөр зам дахь гэрт нь очиж аав ээжтэй нь уулзаж, аав нь Ховд, ээж нь Архангайгаас гаралтай болохыг өөрийн чихээр сонсож ирээд гадны тагнуул биш, цуу яриа болохыг тайлбарлаж байлаа...” хэмээв.
Дуучин Янжиндулам нь Ухнаа даргын анхны шавь бөгөөд түүнийг “од” болгох замыг анх зассан хүн нь мөн л Ухнаа дарга юмсанж. 1975 онд тэрбээр “Эстрадын залуу дуучид” уралдааныг санаачлан зохион байгуулжээ. Тэрхүү уралдааны тэргүүн байрыг “Архи пивоны үйлдвэр”-т савлагч ажилтай, өвөрмөц содон хоолойтой, урлагт сэтгэлтэй охин авсан нь Мандширын Янжиндулам байлаа. Хоёрдугаар байрны шагналыг гэр бүлийн дуучид болох О.Болдбаатар, Н.Пүрвээ нар, харин гуравдугаар байрыг өнөөгийн Ардын жүжигчин А.Долгор хүртэж байжээ. Үүний дараа Ухнаа дарга Янжиндуламыг филармонидаа дуучнаар үлдээх санал тавихад дуучин бүсгүй маань ноот мэдэхгүй гээд түр хойшлуулжээ. Тэгсэн ч Ухнаа дарга “Архи пивоны үйлдвэр” рүү явж очоод тэндхийн ээлжийн мастер авгайг хөнгөхөн аргалж байгаад Янжиндуламыг “Баян Монгол”-ын тоглолтонд дуулуулдаг байжээ. Үүгээр зогсохгүй түүнд дуулах арга барил, тайзны соёл гээд дуучин хүнд байх ёстой бүхнийг зааж сургаж, радиод дуугаа бичүүлэхэд нь хүртэл дагаж явдаг байсан байна. Удалгүй М.Янжиндулам олонд танигдаж, жинхэнэ “од” болон гялалзжээ. Энэ тухай Ухнаа дарга “Тэр үед Ардын дууны Адраа ид нэрд гарч хот хөдөөгүй байлдан дагуулж байлаа. Тиймдээ ч хөдөөд Адарсүрэн ирсэн бол Ардын дуу бүжгийн тоглолтыг үзнэ, Янжиндулам яваа бол “Баян Монгол”-ын тоглолтыг үзнэ гэх яриа гарах вэ дээ. Сүүлдээ “Баян Монгол” чуулга, Ардын дуу бүжиг хоёр тоглолтоо зөрүүлдэг болж, Адраа баруун аймгаар бригадаар явсан бол, “Баян Монгол”-ынхон Янжиндуламыг аваад зүүн аймаг руу явдаг болсон...” гэж дурссан юм. Нэгэн үе Монголын эстрад урлагт өөрийн өвөрмөц хоолой, авъяас чадвараараа од болон гялалзаж явсан М.Янжиндулам тухайн цаг үеийнхээ сор болсон хэдэн сайхан дуутай. “Аавдаа”-гаас гадна “Орь залуу нас”, “Алсаас дуулсан дуу”, “Огторгуй сонсоорой” гэх мэт. Тухайн үед Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бадраагийн өвөрмөц үг хэллэг бүхий дууны шүлгүүд уламжлалт нийтийн дуунаас эстрад урлагт орж ирсэн байдаг. Жишээлбэл “Орь залуу нас” байна.
Тас хар огторгуй нойрсон тайвшраад
Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахад
Орь залуу нас саран шиг туяа цацаад
Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ ээ
Үүр цайж бялзуухай дуулан бүжиглээд
Үүлэн хөшиг ярагдан наран гарч ирэхэд...
“Дуу аялгуу”, “Хөг аялгуу”, “Хэл аялгуу” гурав яруу сайхнаар зохиролдсон энэ дуу “Арьсны хэнгэргийг мянган дохиур дэлдэвч, аялгуу хөгийг нэгэн дохиурт тогтооно” гэх эртний үгийг санагдуулдаг.
Янжиндулам хатагтай Гадаадын эстрад урлаг, тэр дундаа оросоор ч олон дуу дуулсан байдаг. “Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан түүний тухай дурсахдаа “Мандширын Янжиндуламын маш чадварлаг дуулсан, чанарлаг уран бүтээлүүд сонсогчдод хамгийн ойр дотно дуулагдсаар ирлээ. Хэнтэй ч андуурамгүй өвөрмөц хоолой түүнийх байлаа. Хэн гаргасан нь мэдэгдэхгүй цуу ярианд тэгтлээ гундаагүй энэ дууч бүсгүй “Орчлон хорвоод дуулах гэж ирсэн” хэмээн ярих дуртай байсан. 1970-аад онд залуусын дунд зохиогдсон эстрадын анхны уралдаанаас нэрд гарах эхлэлээ тавьж, “Боргио”, “Залуус”, “Баян Монгол” зэрэг хамтлага, чуулгад гоцлон дуулж байсан энэ дуучин бүсгүй гадаад орнуудад Монголын нэрийг гаргахад жинтэй хувь нэмэр оруулсан юм. Түүнийг нэг үе Монголын Роза Рембаев гэж хэлэлцдэг байлаа…” гэж дурсамжиндаа өгүүлжээ
