img

НӨЛӨӨЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ НЭН ДАРУЙ БАТАЛЪЯ!

img
Олон нийтийн сүлжээ дэлхий даяар аалзны тор мэт хэрснээс хойш хүмүүсийн мэдээлэл олж авах чадвар хурдан болсон ч тэр хэрээр мэдээллийг шүүн тунгаах чадвар нь эрс доройтсон гэх сонирхолтой судалгааг эрдэмтэд хийжээ. Яг ийм мэдээллийн зууны эерэг, сөрөг огтлолцлол дээр хамгийн их ашиг олж буй хүмүүс бол олон нийтийн сүлжээгээр олон дагагчтай болсон хүмүүс буюу өөрсдийгөө “нөлөөлөгч” хэмээн өргөмжилдөг нөхөд юм. Олны танил жүжигчин, дуучин, тамирчин, хөтлөгч, блогер, контент бүтээгчид өөрсдийн цахим хуудсаар дамжуулан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, орон сууц, сургалтын байгууллага, эмчилгээ болон эм тан хүртэл сурталчлах болсон. Хэдхэн хормын бичлэг, нэг зураг, хэдэн өгүүлбэрийн магтаалын цаана нөлөөлөгчдийн халаас түнтийсээр. Нөлөөлөгч гэх нөхөд ийнхүү хэдхэн хормыг таны тархийг эзэгнээд ийм боломжийг өөртөө бий болгож байгаагийн хэрээр нөгөө талдаа үзэж буй хүмүүс яг адилхан хадгаламжаасаа, байрны урьдчилгаанаасаа, идэж уухаасаа хасан барин худалдан авалт хийдэг. Харин энэ бүхний үр дүнд тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилсан нөлөөлөгч буруу, худал, баталгаагүй мэдээлэл түгээсэн бол хэн хариуцлага хүлээх вэ?
Өдгөө мөрдөж буй Зар сурталчилгааны тухай хуульд хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, бодит байдалд үл нийцсэн болон далд сурталчилгааг хууль бус сурталчилгаанд хамруулдаг. Мөн шаардлагатай зөвшөөрөл, баталгаажуулалтгүй бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглосон зохицуулалт бий. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль ч хэрэглэгчийг бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээллээр хангах, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа, үйлчилгээг авах эрхийг баталгаажуулдаг. Гэвч сошиал орчинд нэг зүйл өөрчлөгдсөн. Сурталчилж буй бараа бүтээгдэхүүн нь бус сурталчилгааны нүүр царай нь нөлөөлөгч нар өөрсдөө болжээ. Судалгаагаар, хэрэглэгч заримдаа бүтээгдэхүүнээс илүү тухайн хүний нэр хүндэд итгэж худалдан авалт хийдэг. “Энэ хүн хэрэглэж байгаа юм байна”, “Энэ хүн өөрөө баталж байна”, “Олны танил хүн ингэж хэлж байгаа юм чинь үнэн байх” гэсэн итгэл худалдан авах шийдвэрт нөлөөлдөг. Тиймээс нөлөөлөгчийн сурталчилгаа энгийн нэг реклам биш болсон. Өнөөдөр нэг бараа сурталчилснаа маргааш өөрийг бариад магтаад зогсч байх нь хэвийн үзэгдэл боллоо. Тэр ч байтугай УИХ-ын гишүүн нь хоол идсэн ч, хогоо шүүрдсэн ч давхар реклам хийж байгаа нь Зар сурталчилгааны тухай хууль болон УИХ-ын тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа билээ. Түүний дараа нүүр царай, хэдэн дагагчийнхаа буянаар хамгийн их реклам баздаг хүмүүс бол аялагч гэх Д.Ганхүү болон жүжигчин Г.Ундармаа нар юм. Өөрийн орон зай, боломж, танил талыг ашиглан сурталчилгаа хийх нь нээлттэй ч энэ хоёрын хийж буй реклам, зар сурталчилгаанууд хэрээс хэтэрсэн магтаалаар дүүрэн. “Манай нэг дүү дуудаад…” гээд жижүүрийн үгтэй Д.Ганхүүгийн реклам голдуу аяллын компаниудынх байдаг. Гэвч тэрээр ингэж яваарай, тэгж яваарай гэхээс өөрөөр энэ аяллаар явбал ийм юм үзнэ, ингэнэ тэгнэ гэсэн мэдээллийг хэр барагтаа өгдөггүй. Болсон болоогүй хэдэн хүн тэр компанид л олж өгөх зуучийн үүрэгтэй. Чиндао хотод очсон бичлэгээс харахад тухайн хотын билэг тэмдгийн талаар ташаа мэдээлэл өгөөд зогсч байх жишээтэй. Өдгөө монголчууд ардчиллын буянаар хэдэн төгрөг нь олдвол хаашаа ч хамаагүй аялчихдаг болсон. Тэр дундаа урд хөршийнхөө хотуудаар аялаад, Чиндао хотод очоод үзсэн хүний хувьд худал мэдээлэл ярихад нь маш их гайхаж, хүлээж авсан. Харин очиж үзээгүй олон хүн Д.Ганхүүгийн сурталчилгаагаар дамжуулж, буруу мэдээлэл авах нь. Ингэж эрээ цээргүй худал ярьдаг нөгөө хүн нь жүжигчин Г.Ундармаа. Нүдээ эргэлдүүлж ирээд л хоосон магтаалыг хөвөрдүүлнэ. Ядаж л нэг салбарт өрсөлдөж буй хоёр компанийг нэгэн зэрэг рекламдахгүй байх ёс зүйд суралцмаар. Хэдхэн хоногийн зайтай хувийн хоёр сургуулийг амандаа орсноороо л магтана. Харамсалтай нь түүний хүүхэд энэ хоёр сургуулийнх нь алинд нь ч сурдаггүй. Үнэхээр үр дүнд хүрсэн, сэтгэлд нь нийцсэн байвал сурталчилдаг байх ёс зүй, мэдлэг боловсрол тэдэнд байдаггүй. Мөнгөө л өөрсдөд нь төлж байвал мууг сайн, муухайг сайхан болгож ярих нь тэдний зорилго. Гэвч Г.Ундармаагийн рекламдсан сургуульд асуудал үүсч, түүний сурталчилгаанд итгэсэн эцэг эхчүүд гомдол гаргахад “Би зүгээр л сурталчилсан” хэмээн арьсаа хамгаалж сууна. Иймд өнөөгийн нийгэмд сурталчилгааны агуулга худал эсэх, нөлөөлөгч тухайн бүтээгдэхүүнтэй ямар харилцаатай байсан, хэрэглэгчид, худалдан авагчдад өөрийгөө сурталчилгааны этгээд гэдгээ мэдэгдсэн эсэх зэрэг асуудлыг хуульд тодорхой тусгах шаардлага гарч байна. Түүгээр ч барахгүй нөлөөлөгч ямар тохиолдолд хариуцлага хүлээх үү гэдгийг ч нарийн тогтоож өгч, хэрвээ тэдний сурталчилсан бараа бүтээгдэхүүний нөлөөгөөр хэрэглэгчид, худалдан авагчид хохирсон бол хорих ял хүртэл оноох хэрэгтэй.
Их Британид сошиал дахь нөлөөлөгчийн сурталчилгааг хэрэглэгч тухайн контентыг реклам гэдгийг шууд ойлгох боломжтой байх зарчим тавигддаг. Энэ оны эхнээс эхлэн аливаа төлбөр, урамшуулал, бүтээгдэхүүн үйлчилгээний бэлэг зэрэг арилжааны холбоотой үед контентыг реклам болохыг тодорхой тэмдэглэх шаардлагыг тайлбарласан байна. Мөн ажил хөдөлмөр эрхэлсэн хэмээн үзэж, татварыг маш өндрөөр авах болжээ. Америкт мөн адил өнгөрсөн жилээс эхлэн олон дагагчтай хүмүүс ямарваа нэгэн өөрт таалагдсан бараа бүтээгдэхүүнээ ч ямар нэгэн төлбөр мөнгөгүй хийсэн ч татвар авахаар болсон билээ. Мөн “100 хувь баталгаатай”, “хамгийн найдвартай”, “эрсдэлгүй”, “хууль ёсны”, “эмчилнэ, эдгээнэ" гэх мэт хэрэглэгчийн шийдвэрт шууд нөлөөлөх мэдэгдэлд нотлох баримт шаардаж эхэлжээ. Үүнийгээ нотолж чадахгүй бол сурталчилсан хүнд нь ч, сурталчлуулсан байгууллагад нь ч маш өндөр торгууль тавьдаг болсон байна. Харин орон сууц, боловсрол, эрүүл мэнд, санхүү, хөрөнгө оруулалт зэрэг салбарт нөлөөлөгч сурталчилгаа хийхийг хориглож эхэлжээ. Хамгийн сүүлд БНХАУ өндөр том барилгуудынхаа ханан дээр байрлуулдаг жүжигчин, дуучин, олны танил хүмүүсийн сурталчилгаа бүхий самбаруудыг буулгаж, оронд нь нээлт, бүтээл хийсэн эрдэмтдийнхээ зургийг тавьдаг болсон. Мөн олон нийтийн сүлжээгээр бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байгаа хувь хүн болон олны танил хүмүүст нэмэлт орлогын татвар авах зохицуулалтыг хуульдаа шинээр тусгаж өгчээ. Энэ мэтчилэн дэлхийн олон оронд нөлөөлөгчийн хэрээс хэтэрсэн зар сурталчилгаанд хил хязгаарыг тогтоож эхэлжээ. Гэтэл манай улсад дурын хүн нь өглөө нэг бараа, орой нэг бүтээгдэхүүн сурталчилж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж, улмаар зарим тохиолдолд хохироосоор байна. Иймд Нөлөөлөгчийн тухай хуулийг нэн даруй баталж, олон хүнийг олон арван сая төгрөгөөрөө хохирохоос өмнө зогсоох шаардлагатай болжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ