Америкийн зохиолч, аялагч, идэвхтэн, илтгэгч Кассандра Де Пекол хамгийн богино хугацаанд хамгийн олон орноор аялсан анхны аялагч эмэгтэй болсон билээ. Тэрээр өдгөө "Бүх тусгаар тогтносон улс орнуудаар зочлох хамгийн хурдан хугацаа" болон "Бүх тусгаар тогтносон улс орнуудаар зочлох хамгийн хурдан хугацаа-эмэгтэйчүүд" гэсэн хоёр ангилалд Гиннесийн дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Хоёр жил гаруйн хугацаанд нийт 196 орноор аялсан АНУ-ын иргэн Кассандра Де Пекол дэлхийн олон улсаас Монгол Улсыг хамгийн ихээр онцолж, өөрт хамгийн их таалагдсан, хамгийн сайхан орон хэмээн нэрлэжээ. Монгол орныг техник технологи, тэнгэр баганадсан өндөр барилга байгууламжаас хол, зэрлэг онгон байгальд сүр жавхлантай морь хөлөглөн говь цөл, хангай талаар аялах нь юунаас ч илүү аз жаргал гэдгийг онцолсон байдаг.
Дэлхийн олон оронд очсон ч Монголоос илүү сайхан газрыг хаана ч хараагүй бөгөөд Монгол бол хамгийн гайхалтай орон хэмээн өөрийн аяллын талаарх сэтгэгдлээ хуваалцаж байжээ. Мөн түүнчлэн гадаадын эмэгтэй аялагчид, блоггерууд Монгол орныг зорихдоо аюулгүй байдал, нүүдэлчин түмний зочломтгой зан, уудам тал болон байгалийн өвөрмөц тогтоцод нь гүнзгий автдаг тухайгаа цахим хуудсууд болон аяллын тэмдэглэлдээ олонтоо бичсэн байдаг юм.
Кассандра Де Пекол дэлхийг тойрох алдарт "Expedition 196" аяллынхаа үеэр буюу 2016 онд Монгол Улсад ирж аялсан бөгөөд тэр дундаа 27 насны төрсөн өдрөө Монголын зэрлэг байгальд угтаж байжээ. Тэрээр Монголын эзгүй хээр талд, ямар ч утасны сүлжээ, интернэтгүй, зөвхөн өөрийн бодолтойгоо үлдэж төрсөн өдрөө тэмдэглэснээ амьдралынхаа хамгийн мартагдашгүй, тайван сайхан мөчүүдийн нэг хэмээн дурссан байдаг.
