img

МАФИЙН СҮЛЖЭЭНД ОРСОН МОНГОЛЫН УЛСТӨРИЙН ӨНГӨ

img
Улс төрийн тайзан дээр хамгийн чанга дуугарсан нь биш, хамгийн олон нүглийн факт үлдээсэн нь нэг л өдөр өөрийнхөө сүүдэрт бүдэрдэг. Өнөөдөр тангараг өргөсөн гар маргааш нууцаар өөр гар атгана. Өчигдөр “Ард түмэн” гэж цээжээ дэлдсэн нэгэн өнөөдөр ард түмний нэрийг ширээний цаадах тохиролцооны жижигхэн зоос болгож шидэлнэ. Амлалт нь салхинд хийсч, андгай нь хаалттай хаалганы цаана үлдэнэ. Гэвч улс төрийн урвалт гэдэг ганцхан хүний гэнэт хийсэн алхам биш. Тэр бол олон жижиг худлын нийлбэр юм. Ингээд нэг л өдөр бүхэл бүтэн цамхаг хазайна. Сүүлийн үед Монголын улс төрд ингэж хазайгаад өөрийн намдаа адлагдсан хүн хэд хэд бий. Жишээ нь МАН-ын Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нарыг дурдаж болно. Гэвч эд нар тэр чигтээ улс төрийг орхиод өөр өөрсдийнхөө замаар чимээгүйхэн далд орохыг хүссэнгүй. Яагаад гэвэл улс төрийн амтанд нэг орсон хүнд тогоотой хоолноосоо гэв гэнэт холдох тун ч амаргүй. Гэдэс нь цадсан ч сэтгэл нь цадна гэж үгүй. Эдгээр нөхдийг 2028 оны сонгуулиар нам нь нэр дэвшүүлэлгүй жийх нь тодорхой болсон. Тиймээс МАН доторх байр суурь нь хумигдсан эд нар өөр гарц хайх нь аргагүй юм.
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нар яг ийм гарц хайж эхлээд буй талаар зарим гишүүд өвөр зуураа хөөрөлдөх болжээ. Дээрх гурван нөхрийг мөнөөх л улс төрийн хор хутгаж сурсан "Женко" Баттулга ивээлдээ авахаар болсон юм байх. Энэ хэрвээ үнэн бол 2028 оны сонгуулиар ил болно. Монголын улс төр ийм заваан. Энэ мэтийн бохир улс төр монгол хүний саруул ухааныг самууруулаад удаж байна. Өчигдөрхөн нэг талд зогсож байсан хүн өнөөдөр нөгөө талын хаалгыг тогшиход түүнийг мөнөөх троллууд нь “Улс төрийн уян хатан алхам” гэж орилолдоно. Харин ард түмэн “Намынхаа итгэлийг алдсан урвагч” гэж цоллоно. “Монголын улс төрд намын өнгө солигдоход эрх мэдлийн амт гаардаг” гэх ёжтой үг ч бий.
Бэрхийн тоос шорооноос эхэлсэн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын нөхөрлөл төрийн өндөр босгыг давж, МАН-ын доторх бузар булайг улам зузаатгаснаас цаашгүй. Тэд 2016 онд УИХ-д хамт сонгогдож, дараа нь Засгийн газарт очиж хамтдаа нүглийн үрийг тарьж эхэлсэн. 2026 оны гуравдугаар сарын улс төрийн нөхцөлд зарим хэвлэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Баттулга нарын улс төрийн ашиг сонирхол тодорхой асуудлаар огтлолцсон гэж тайлбарлаж байв. Х.Баттулга 2026 оны хоёрдугаар сард АН-ын “Тарж бутарсан намууд нэг талдаа гарч байж сонгуульд оролцох, эв нэгдлийг чухалчлах” байр сууриа илэрхийлж байлаа. Л.Оюун-Эрдэнэ нэгэн ярилцлагадаа Х.Баттулгатай холбоотой улс төрийн харилцаа, уулзалт болон ашиг сонирхлын талаар ярьж байсан. Тэгтэл энэ нь бодит биелэлээ олж өчигдөр улаан тугийн дор зогсож байсан Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нар өнөөдөр цэнхэр хаалганы цаана сүүдрээ нуухыг оролдож эхлэв. Улс төрийн “Хүүр” болчихоод буй Х.Нямбаатарын хувьд бол бохирдсон нэр төрийг нь цэвэрлэх ганц боломж нь МАН биш “Женко” болж хувирчээ. Түүнд үүнээс өөр гарц байхгүй болохоор тэр юм. Ингэснээр Ардчилсан нам цэвэрших биш улам бохирдож, улс төрийн гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болж хувирах вий! Мөн шадар сайд Н.Номтойбаяр ч цаагуураа “Женко”-той сэм хуйвалдаж, энэ хоёр ямар ч тохиолдолд бие биенээ дэмжиж байдаг юмсанж.
Хуйвалдаан зөвхөн харанхуй өрөөнд өрнөдөггүй. Заримдаа гэрэлтэй өрөөнд, хүмүүсийн инээмсэглэл дунд эхэлнэ. Хундага тулгаж, мөр мөрөө алгадаж, “Ах дүү” хэмээн дуудалцсан хүмүүсийн хооронд үл үзэгдэх утас татагдана. Тэр утаснуудыг хэн татаж байгааг эхэндээ хүмүүс анзаарахгүй. Харин нэг өдөр улс төрийн бүх хөдөлгөөн тэр утасны аясаар явж байсныг хүмүүс ойлгоно. Мафийн зохион байгуулалтыг маш сайн мэддэг мань “Женко” иймэрхүү утсыг хөвөрдөхдөө гаргууд. Гэвч нүглийн факт гэдэг улс төрийн хамгийн чимээгүй гэрч. Түүнийг маргааш өөрчлөгдөнө гэж найдах хэрэггүй. Өнөөдөр ширээн дор нуусан баримт маргааш ширээн дээр ил гарч ирнэ. Өчигдөр хэлсэн үг өнөөдөр бичлэг болж задарна. Өмнө нь үгүйсгэсэн гарын үсэг хэзээ нэгэн цагт эзнээ барьж өгнө. Тэгээд тайзны хөшиг хаагдахад хэн нь урвагч, хэн нь хамсаатан, хэн нь зүгээр л урсгал дагаад хөвөж явсан этгээд байсныг цаг хугацаа аяндаа ялгаж салгана.
Ингэхэд Барууны орны улс төрчид нам сольж гүйгээд байдаггүй, тэртэй тэргүй улс орон нь хөгжчихсөн, улс төрийн намууд нь ёс суртахууны дээд хэмжээнд байдаг болохоор нам солиод далдагнаж гүйх шаардлага ч байдаггүй юмсанж. Харин хөгжил нь дорой, дайн байлдаантай улс орнуудад бол намаасаа урвах нь маш том аюул дагуулж байдаг санж. Жишээ нь Нигери улсын Өмнөд бүсийн намын дэд дарга Харри Маршалл гэгч нь Нигерийн Үндэсний нам руу урваснаар үл таних зэвсэгт этгээдүүдэд буудуулж амиа алджээ. Ливи улсын Дотоод хэргийн сайд Абдул хэмээгч нь Каддафийн талд байхаас татгалзаж, босогчдын армийн командлагчаар томилогдсон ч босогчдын өөр нэг бүлгийнхэн түүнийг Бенгази хотноо хоёр туслахынх нь хамт буудан хөнөөжээ. Талибаны дотоод тагнуулын дарга Мохамед Каксар гэгч нь Афганистаны шинэ улс төрийн дэглэм болон Америкийн талд урваснаар Кандагарт байх гэртээ харьж явахдаа тархиндаа сум зоолгожээ. Түүнчлэн Өмнөд Африкт нам сольж урвах нь хүчирхийллийн маш том шалтгаан болж, үүний улмаас хэд хэдэн улс төрч амь насаа алдсан байх аж. Энэ мэтээр бидний мэдэх, мэдэхгүй өчнөөн тохиолдолд байдаг санж.
Харин Монголд бол урваж шарвасан та нар буудуулж үхнэ гэсэн теором байхгүй. Та нар муусайны өөдөөс буу чиглүүлээд зогсож байх тийм зоригтон хаана ч үгүй. Тэдэнд зайлуул буу шийдэм ч байхгүй. Тэгээд ч та нар тэмцдэггүй ард түмний хөгцөрсөн тархин дээр дураараа дургиад сурчихсан. Тиймээс юунаас ч айх хэрэггүй, урваад бай, шарваад бай!
Салхи модны мөчрийг хөдөлгөдөг шиг цаг үе аливаа намын сул талыг ил гаргаад ирдэг. Харин үндэс сайтай мод шуурганы дараа мөчрөө засч, хатсан навчсаа гөвж, хавар бүр шинээр нахиалдаг. Нам ч бас тийм. Тэгтэл өөрийн нэг муу өчүүхэн нэр төр, ашиг сонирхолоо бодоод хаашаа ч хамаагүй шургаж ордог хариугүй амьтдаар дүүрэх нь дээ, Монголын улс төр...

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ