НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаар жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Монгол Улсын нийт хүн амын 9.6 хувийг 60-аас дээш буюу ахмад настнууд эзэлж байгаа бөгөөд ахмад настнуудын 40.2 хувь нь эрэгтэй, 59.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Нийт ахмадуудын 70.8 хувь нь нийслэлд, 29.2 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаагаас хамгийн өндөр настай иргэн 108 насыг зооглож байна.
Чингэлтэй дүүргийн хувьд 60-аас дээш насны 900 гаруй ахмад настантай бөгөөд жил бүр гарын бэлэг өгдөг уламжлалтай. Ахмадууд маань ч жилдээ нэг удаа төр засагтаа тоогдож буйдаа баярлаж, гарын бэлгийг нь хүндэтгэн авдаг. Гэтэл энэ жил Засаг дарга Н.Мандуул өөрийнхөө бяр сүрийг харуулмаар санагдсан бололтой. Өмнөх жилүүдэд хороогоороо дамжуулан ахмад настнууддаа явдал чирэгдэлгүй өгдөг байсан гарын бэлэг гэгчийг өөрөөсөө өгч буй мэт сүржин өгмөөр санагдаж, нэгэн мэргэн ухаан тархинд нь харван орж ирсэн аж. Хотын төвийн 1-3 хорооны ахмадуудыг Соёлын төв өргөөнд, үлдсэн хороогоо Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны байранд цуглуулжээ. Нэг цагийн арга хэмжээ зохион байгуулахад Соёлын төв өргөөнд багагүй мөнгө төлдөг ба энэхүү арга хэмжээ бүтэн өдөр шахуу үргэлжилсэн аж. Өмнөх жилүүдэд илүү зардал гаргахгүйгээр хорооны байраараа дамжуулан тараачихдаг байсан гарын бэлгийг ийнхүү сүржин хийх нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд чинь хэр нийцэж байгаа вэ, Н.Мандуул дарга аа!! Ийнхүү дүүргийн төсвөөс олон арван сая төгрөг зарлагадан Соёлын төв өргөөг түрээслэн барин гарын бэлэг тараахдаа ахмадуудаа өөрсдийн биеэр ирэхийг лүндэн буулгажээ. Гэвч Н.Мандуул үүгээрээ ахмад настнуудаа ялгаварлан гадуурхаж буйгаа ойлгосонгүй. Наяас дээш насны ахмадууд голдуу бусдын асрамжинд байдаг бөгөөд өөрийн биеэр очиж чадахгүй нь ойлгомжтой. Гэтэл өөрийн биеэр ирэхгүй бол өгөхгүй гэснээр Чингэлтэй дүүргийн 1 хорооны оршин суугч, өрөөсөн нүд нь харахгүй болсон 86 настай, тэргэнцэр дээр сууж үр хүүхдээрээ асруулж буй 81 настай хоёр хөгшнийг гадуурхаж, гарын бэлгийг нь өгөөгүй байна. Тэр ч байтугай зохион байгуулагч хүүхэн нь утас цохиж, “Өөрийн биеэр ирэхгүй бол өгөхгүй” хэмээн хоёр хөгшнийг гомдоожээ. Төрийн үүрэг бол иргэндээ хүрч үйлчлэх бөгөөд хороо бүрт нийгмийн халамжийн мэргэжилтэн цалингаа аваад ажлаа хийж суугаа. Гэтэл төрийн халамжийг иргэдэд хүргэх ёстой халамжийн мэргэжилтэн нь хүнээ ч танихгүй, ажлаа ч мэдэхгүй сууж байх зуур нам дагаж орж ирсэн хэсгийн ахлагч гэх нөхөд төрийн өмнөөс том дуугарч сууна. Ерөнхий сайд Н.Учрал "Төрийн бодлого айл өрхийн гэрт, ард иргэдийн гарт мэдэгдэж байх ёстой" гэсээр байтал дүүргийн түшмэлүүд ийнхүү төрийн нэрийг шороотой хутгасаар байна. Ганц удаа өгдөг гарын бэлэгтээ биш, амьд сэрүүнд нь төрийн өмнөөс ахмад настнуудаа ялгаварлан гадуурхаж буйд хоёр хөгшин гомдолтой байна. Гэтэл ахмад настнууддаа зориулж Чингэлтэй дүүргийн төсвөөс сар бүр Ахмадын холбоонд 33 сая төгрөг тогтмол шилжүүлдэг бөгөөд энэ нь үнэхээр ахмад настнуудынхаа хөгжилд зориулагддаг эсэх нь ч эргэлзээтэй юм. Ердөө жил хагасын дараа болох УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр санаархаж буй тэрээр одооноос ахмадууддаа танигдах гэж ийнхүү ялгаварлан барин хийсэн ахмадын өдөр нь зарим хүнийг гомдоож өнгөрөөв.
Н.Мандуул даргын хувьд арга хэмжээ, төсөл нэрийн дор асар их мөнгийг Чингэлтэй дүүргийн төсвөөс шилжүүлдэг бөгөөд байгуулагдаад ердөө 14 хоног болсон ТББ руу 19.2 сая төгрөгийг шилжүүлсэн ноцтой баримт ч байна.
