“Ганди жинхэнэ стратегич хүн байсан. Тэрээр хамгийн үнэнч 80 дагалдагчаа дагуулж явсан. Дандид хүрэлцэн ирэхэд тэд олон мянгуулаа болсон байлаа. Ганди дэмжигчдийн хамтаар 23 хоног явган явсан. Ингэхдээ аль болох олон тосгоныг дайран өнгөрөх замыг сонгосон байна. Асуудал давсанд байгаагүй. Давс бэлгэ тэмдэг байсан юм. Ийм аргаар тэрээр өөрийн үзэл санааг дэлгэрүүлж байсан” гэж “Ашрам Сабармати” музейн захирал Атул Пандя онцолжээ. Гужарат мужийн Ахмедабад хотод байрлах энэхүү ашрамд Ганди эрх тэгш, шударга нийгэмлэгийг байгуулахыг оролдож, эл үлгэрлэлээ орон даяар түгээхийг мөрөөдөж байв. Сабарматигаас тэрээр давсны аянд мордсон билээ. Энэтхэгт мэргэдийн оршин суудаг байрыг “ашрам” гэдэг бөгөөд шашны гүн утгыг агуулдаг. Гэвч Ганди ашрамыг Энэтхэгийн тусгаар тогтнол, ирээдүйн үзэл санааг хэлэлцэх төв гэдгээр хүлээн авахыг санал болгож байв. Сабармати шиг том аж ахуйг удирдаж, авч явахад санхүүгийн болон хүний нөөц шаардлагатай. Тиймээс Гандигийн дэмжигчид гараар нэхсэн хувцас өмсөж, газраа боловсруулж, өөрөө өөрсдөдөө үйлчилж, хүмүүст эрх тэгш, шударга орчинд амьдрах ухаанд сургаж чадна хэмээн бусдад ухуулдаг байсан гэж Пандя тайлбарлажээ. Түүний хэлснээр, Британийн эрх баригчидтай хийх хэлэлцээ хүртэл ашрамд болдог байсан аж. Британийн түшмэлүүдээс гадна тэнд ирээдүйн тусгаар Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неру, түүний анхны орлогч Валлабхаи Пател, Энэтхэгийн анхны ерөнхийлөгч Ражендра Прасад зэрэг үндэсний удирдагчид удаан хугацаагаар амьдарч байжээ.
Энд цаг хугацааны янз бүрийн үед эрэгтэй, эмэгтэй, янз бүрийн давхаргаас гаралтай 500 хүртэлх тооны хүн амьдардаг байсан байна. Ашрамд хэдэн цагт босох, хэн ямар ажил, үүрэг гүйцэтгэхийг заасан хатуу дүрэм үйлчилдэг байжээ. Энд тэгш эрх үйлчилдэг байсан гэж Пандя онцолсон байна. Өнөөдөр энэ ашрам музей болжээ. Цагтаа Сабармати голын эрэг дагуу үзэсгэлэнт газар байрлаж байсан бол өнөөдөр музей шинэ хоттой хаяа дэрлэж, голын эрэг бетоноор хучигджээ. Махамтагийн дэмжигчид амьдарч асан хэд хэдэн байр хадгалагдан үлдсэн бөгөөд өдгөө тэнд хотын захиргаа, лекцийн танхим, номын сан байрлажээ. Гэхдээ Гандигийн амьдарч байсан байшинг харлан хамгаалж буй. Түүний даруухан тавилгатай өрөөг таяг, хувцасны шүүгээ, ор, нэхмэлийн хэрэгсэл чимдэг. Ганди нийгэмлэгийн бүх гишүүдийн адил утас ээрдэг байв. Гандигийн амь насыг хөнөөсний дараа /Энэтхэг тусгаар тогтнолоо олсны дараа 1948 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр түүний индүүс, лалын шашинтай хүмүүс энх тайвнаар зэрэгцэн орших тухай номлолыг нь эсэргүүцсэн индүүс шашинд хэт итгэгч буудсан/ үндэсний удирдагчид энэ газрыг музей болгосон юм. Өдгөө энэ нь зүгээр нэг музей бус, дэлхийн хэмжээний төв болжээ. Өдөр бүр энд дэлхийн өнцөг булан бүрээс гурван мянга орчим хүн ирдэг гэж музейн захирал өгүүлжээ. Музейн гол үзмэрүүд нь утасны ээрүүл. Утасны гар ээрүүл гандизмын бэлгэ тэмдэг болжээ. Махатма гар үйлдвэрлэлийн ачаар ажилгүйдлийг арилгаж, хүн бүрийг талхтай болгож болно гэж итгэдэг байв. Үүнийг Ганди “хүчирхийлэлгүй эдийн засаг” гэж нэрийддэг байсан бөгөөд том хэмжээний капиталист үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн хүчирхийлэл, тэгш бус байдал, шударга бус байдалд хүргэнэ гэж итгэдэг байсан. Тиймээс тусгаар тогтносон Энэтхэгийн тугийн анхны хувилбарт ээрүүлийг дүрслэхийг санал болгож байсан ч хожим үүнийг мөнхийн хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон чакрагийн хүрдээр сольсон байна. Ганди эх орноосоо британчуудыг гаргахын төлөө тэмцэхээс гадна Сарводая буюу хүчирхийлэлгүй, эрх тэгш байдал ноёрхсон Энэтхэгийн төлөө тэмцэхийг уриалж байжээ. Тэр улсад даруухан хэдий ч шударга хөдөлмөрөөр амьдардаг. Тийм нийгмийн загвар хожим нь гандизмын үзэл санааны музей болсон Сабармати ашрамд бүрэлдэж байв.
Оюун санааны тэмцэл
Гэхдээ Энэтхэгийн ирээдүй өөрөөр эргэсэн. Энэтхэг нь өнөөдөр томоохон аж үйлдвэр, мэдээллийн технологийн эдийн засаг, сансрын технологийг хөгжүүлж буй капиталист улс. Гараар утас ээрэх үйлдвэрлэлийг жижиг тосгод, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхийн музейнүүдэд л харж болно. Гандигийн стилиэр гартаа ээрүүл барьж гэрэл зургаа татуулах дуртай зарим улстөрчид үнэтэй машин хөлөглөн, өөр өөрсдийн ажлаа амжуулна. Энэтхэгийг Сарводая орон гэж хэлэх хэцүү. Тус улсад тэгш бус байдал, нийгмийн давхаргын ялгаа амь бөх оршсоор. Махатмагийн дэмжигчдийн Сабармати ашрамд дахь амьдралаас орчин үеийн энэтхэгчүүдийн амьдралын хэв маяг, стиль тэс өөр. Гэхдээ энэ нь Гандигийн номлол хий хоосон зүйл байсан гэсэн үг бус. Орчин үеийн Энэтхэгт түүний хөтөлбөр гэнэн утопи үзэл мэт санагдах. Гэхдээ тухайн үед сая сая хүн хувьсгалд бус, цуст эргэлтэд бус харин түүнд л итгэсэн. Хүмүүс Ганди, түүний тайван, хүчирхийлэлгүй тэмцлийн тухай номлолыг дагасан. Гандигийн энэ арга зам Британийн эрх баригчдыг буланд шахсан. Тэрбээр англи бараа худалдан авах, британийн төсөвт татвар төлөх, хүүхдүүдээ англи сургуульд өгөхөөс татгалзах санааг агуулж байв. Түүний үзэл санаа нь колончлогч улсын эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзах явдал. Нэгхэн цайны халбага давс олборлосон хүнд хэр хугацаагаар хорих ял оноодог байсан гэж үү? Ганди шоронд хэдэн сар хоригджээ. Тухайн үед 80 мянга орчим хүнийг баривчилсан бөгөөд энэ түүхийг дэлхий дахин мэдсэн. Махатма эдийн засгийн тэмцэлд гол анхаарлаа хандуулж, британи хүнд Энэтхэгт байх ашиггүй болгохыг зорьж байсан. Түүндээ ч хүрсэн. Хамгийн гол нь Ганди нийгмийн санаа бодлын төлөө тэмцэхийн чухлыг ойлгосон. Ард түмэнтэй тэдний хэлээр ярих чадвартай байхын чухлыг. Хүмүүст дхоти банзал өмссөн мэргэн хүний төрх Энэтхэгийн европ хувцастай либерал улстөрчдөөс илүү дотно байсан. Махатма зөвхөн энэтхэгүүдийн бус, британчуудын оюун ухааны төлөө тэмцэхийн чухлыг анх олгосон хүн. Гандигийн дэмжигчид ямар ч эсэргүүцэлгүй цагдаад бороохойдуулж буй тухай мэдээ дэлхийд түгсэн. Британийн нийгмийн санаа бодол энэтхэгчүүдэд тусгаар тогтнолыг нь олгохын төлөө эргэж эхлэв. Хэрэв энэтхэгүүд британчуудыг хядаж эхэлсэн бол энэ санаа бодол тэс өөр байх байсан. Английн түүхч Арнолд Тойнби “Ганди бидэнд Энэтхэгээс уур хилэн өвөртлөлгүй, нэр хүндтэй явах боломж олгосон. Тиймээс бид түүний өмнө өртэй. Эзэнт гүрэнтэй байх нь түүнээс ангижрахаас хамаагүй хялбар шүү дээ” гэж нэгэнтээ бичиж байв. Энэ бол Сабармати ашрамд өөрийн гараар утас ээрдэг байсан эгэл бус гүн ухаантны агуу гавьяа юм.
