Монгол Улсад 2026 оны ес, аравдугаар сард өөр өөр аймаг, нийслэлд дөрвөн эмэгтэй сураггүй алга болж, эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тэдний зарим нь хоёр сар орчим хугацаанд олдоогүй байгаа нь ар гэрийнхнийх нь төдийгүй олон нийтийн санааг зовоосон асуудал болоод байна.
Орхон аймгийн иргэн, 35 настай О.Оюун-Эрдэнэ 2026 оны есдүгээр сарын 13-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн харьяа Спорт цогцолбороос ажлаа тараад гарснаасаа хойш сураггүй болжээ. Түүний ээж есдүгээр сарын 22-нд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Оюун-Эрдэнэ тухайн өдрийн 18:00 цагийн орчимд ажлын байрнаасаа гарсан нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллага таван өдрийн хугацаанд давхардсан тоогоор 160 алба хаагч оролцуулан хоёр удаагийн эрэн хайх, самнах ажиллагаа зохион байгуулжээ. Хамгийн анхаарал татсан нь уг хэрэгт нэг иргэнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, цагдан хорин шалгаж байгаа ч өнөөдрийг хүртэл алга болсон бүсгүйн сургийг гаргаж чадаагүй байна.
Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багт амьдардаг 48 настай Г.Шижиртуяа аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй болжээ. Тэрбээр хамгийн сүүлд айлын найранд очоод ирснийхээ дараа хүүхэдтэйгээ утсаар ярьж, унтахаар хэвтэж байгаагаа хэлсэн гэх мэдээлэл бий. Гэвч түүнээс хойш холбоо тасарчээ. Цагдаагийн байгууллагад энэ талаарх мэдээлэл аравдугаар сарын 8-нд ирсэн байна. Түүнийг эрэн хайх ажиллагаанд 23 хоногийн хугацаанд 844 хүн, 146 автомашин, 51 мотоцикл, 44 морь, 35 дрон оролцуулан 30 километрийн радиуст самналт хийжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор түүний хамтран амьдрагчийг саатуулсан гэх мэдээлэл бас бий. Хамгийн харамсалтай нь ийм хэмжээний эрэн хайх ажиллагаа явуулсан ч Г.Шижиртуяагийн сураг одоогоор гараагүй байна.
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг, “Машийн ам” гэдэг газарт намаржиж байсан 26 настай малчин Б.Ариунаа аравдугаар сарын 15-ны өглөөний 07:00 цагийн орчимд малаа хайхаар гэрээсээ гарчээ. Гэвч тэрбээр гэртээ эргэж ирээгүй байна.
Түүнийг эрэн хайх ажиллагаанд 14 хоногийн хугацаанд 715 алба хаагч оролцуулж, 15 автомашин, зургаан мотоцикл, долоон морь, хоёр дрон, нэг эрэлч нохой ашиглан самналт хийжээ. Гэвч тодорхой үр дүнд хүрээгүй тул аравдугаар сарын 29-нд ар гэрийнхний хүсэлтээр эрлийг түр зогсоосон байна.
Хамгийн сүүлийн хүн бол Улаанбаатараас, тэр дундаа хотын төвөөс шахуу ор сураггүй алга болсон 36 настай Ц.Ариунгоо. Тэрээр аравдугаар сарын 29-ний орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэрээсээ гарснаас хойш олдохгүй сарын нүүрийг үзэх гэж байна. Гэрээсээ гарахдаа “Хүнтэй уулзана” гэж хэлээд гар утас, түрийвчээ гэртээ үлдээсэн гэх мэдээлэл бий. Цагдаагийн байгууллага хяналтын камерын бичлэгийг шалгаж, түүнийг гэрээсээ гарснаас хойш явганаар 2.6 километр зам туулсныг тогтоосон байна. Хамгийн сүүлд “Шинэ 100 айл” чиглэлд явж байхдаа камерын бичлэгт өртсөн бөгөөд цаашлаад камергүй задгай бүсэд орсон гэж мэдээлжээ. Түүнийг эрэн хайх ажиллагаанд арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар 1266 алба хаагч, 2000 орчим сайн дурын иргэн оролцож, өнөөдрийг хүртэл эрэн хайж байгаа боловч ямар ч сэжим сэжүүр илрэхгүй байгаа нь хачирхалтай.
Харин өнөөдөр бид сүүлдээ эдгээр эмэгтэйчүүдийг алга болсныг цаг агаарын мэдээ мэт хүлээж авдаг болтлоо дасч эхэлж байгаа нь аймшигтай. Цагдаагийн байгууллагаас, эрэн сурвалжлах ажиллагаатай холбоотойгоор зарим мэдээллийг нууцлах ёстой гэж байгаа ч яагаад дөрвөн эмэгтэйгээс нэг нь ч олдохгүй, бүр сураг ч гараагүй байна.
