img

ЭХ ОРНОО ОРХИН ГАРСАН ОРОС ИРГЭДИЙГ ОРОСЫН ИРГЭНШЛЭЭС ХАСАХ БОЛЖЭЭ

img
Дайнаас болж эх орноо орхин гарсан орос иргэдийн иргэншлийг цуцлах зарлигт Оросын Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсан нь хилийн чанадад амьдарч байсан оросуудыг сандаргасан үйл явдал боллоо. Тэр тусмаа Орос Украинд дайн эхлүүлсний дараа Оросоос гарч, гадаадад суурьшсан олны танил болон урлаг соёлын алдартнуудад илүү хамаатай болохыг тэрээр анхааруулсан байна. Хэдийгээр хилийн чанадад амьдарч байгаа хүмүүсийг дайнаас зугтсан гэж хэлж болохгүй ч ихэнх нь 2022 оноос хойш гарч явсан учир эх орноосоо урвасан хэмээн үзэж байгаа аж. Эх оронд нь хэрэгтэй цаг үед орхин гарна гэдэг бол урвалт хэмээн В.Путин хэлсэн үгэндээ онцолсон байна.
Эдгээр хүмүүсийн дотор Алла Пугачёва, Максим Галкин нар хамгийн алдартай нь бөгөөд тэд 2022 онд гэр бүлээрээ Израиль руу явсан ч өдгөө Европын хотуудаар амьдарч яваа билээ. Мөн алдарт жүжигчин Чулпан Хаматова 2022 онд Латви руу явж, Ригад ажиллах болсон бөгөөд Орост буцахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Оросын алдарт рок дуучин Земфира, жүжигчин Рената Литвиновагийн хамтаар Франц руу явсан. Харин Оросын хамгийн алдартай рэппэр болох Мирон Фёдоров / Oxxxymiron/, Иван Алексеев / Noize MC/ Иван Дремин /Face/ гэх мэт залуу уран бүтээлчид нь хилийн чанадад гарсан хойноо дайныг эсэргүүцсэн уран бүтээлүүд хийсэн бөгөөд Орост ирэхгүй гэдгээ зарласан. Энэ мэтчилэн зөвхөн урлагийн салбараас гэхэд 30 гаруй хүн гадаад улс руу цагаачилсан бөгөөд эдгээр хүмүүсийн иргэншлийг ойрын хугацаанд хасах болно хэмээн Оросын төрийн байгууллагууд мэдэгджээ. Тэдний иргэншлийг цуцалснаар Оросын төрийн үйлчилгээг авахыг хориглох, Оросын гадаад паспорт авах болон шинэчлэх боломжийг хязгаарлах, гадаадад байгаа Оросын консулын зарим үйлчилгээг авах боломжгүй болгох юм байна. Түүнчлэн ОХУ дахь данс болон хөрөнгийг царцааж, мөнгө, хөрөнгөтэй хийх тодорхой гүйлгээг хязгаарлахаар болжээ. Мөн ОХУ дахь үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах, тодорхой хэлцэл хийх боломжийг нь ч хязгаарлаж, тэр ч байтугай Орост байгаа хэн нэгэнд үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах, түрээслүүлэх, зарж борлуулах итгэмжлэл хийхийг хоригложээ. Иргэншлийн эрхийг нь цуцалж буй учир Оросын жолооны үнэмлэхээр жолоо барих, банкаар үйлчлүүлэх гэх мэт наад захын хүний хэрэгцээний эрхүүдийг ч хориглосон байна. В.Путины энэхүү шийдвэртэй холбогдуулан Оросоос гарч явсан иргэд маш их сандарч байгаа бөгөөд ихэнх нь Орост эдлэн газар болон дансандаа маш их мөнгөтэй байсан аж. Харин энэ бүх боломжоо алдаж байгаа нь тэдэнд хүчтэй цохилт болж, Оростоо эргэн ирэх эсэхэд эргэлзэж эхэлжээ. Хэрвээ тэд Орост эргэн ирвэл “Эх орноосоо урвасан” гэх зүйл ангитай хэрэг үүсгэх бүрэн боломжтой бөгөөд дор хаяж 10 жилийг шоронд өнгөрүүлэх нь тодорхой юм. Өмнө нь эдгээр хүмүүс Орос дахь эд хөрөнгө, санхүүгийн асуудлаа итгэмжлэгдсэн төлөөлөгчид даатгаж үлдээгээд хилийн чанадад амар тайван амьдарч байсан бол шинэ хуулиар итгэмжлэх эрхийг цуцалсан нь тун таагүй мэдээ болжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ