ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ БА НӨЛӨӨТ ХЭВЛЭЛ
Монголын сэтгүүл зүйд төрөөс мөнгө авч, эрх баригчдын захиалгаар зорилтот мэдээ, мэдээлэл үйлдвэрлэж, улс төрийн тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг атлаа өөрсдийгөө чөлөөт хэвлэл хэмээн нэрлэдэг нөлөөт хэвлэлийн бүлэглэл бий болсныг олон нийт нүдээрээ харж, чихээрээ сонслоо. Товчхондоо, Монголын хэвлэл мэдээллийн салбар өнөөдөр мэргэжлийн байгууллага гэхээсээ илүүтэй захиалгат мэдээлэл үйлдвэрлэх зорилтот бизнесийн талбар болон хувирчээ. Хэн мөнгө төлнө, түүний тухай сайхан мэдээ гарна. Хэн санхүүжилт өгнө, түүний алдаа дутагдал редакцын хараанаас мултарна. Харин захиалагчийн улс төрийн өрсөлдөгчийг онилбол шүүмжлэл, харлуулах кампанит ажил, элдэв тайлбар тасрахгүй.
Төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл түгээх, олон нийтэд хүргэх үйлчилгээний төлбөр төлж болно. Энэ бол өөрөө гэмт хэрэг ч биш, ёс зүйн зөрчил ч биш, эрүүл бизнесийн харилцаа. Харин төсвийн мөнгөөр хэн нэгний улс төрийн нэр хүндийг өсгөж, эрх баригчдын алдааг халхалж, шүүмжлэгчдийг намнах зорилготой мэдээлэл үйлдвэрлэж байгаа бол тэр нь огт өөр асуудал. Төсвийн мөнгө гэдэг сайд, даргын хувийн хэтэвч биш. Нуруугаа тасартал, хуруугаа чивчиртэл ажилладаг татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс тэр мөнгөөр бүтээсэн мэдээ, мэдээлэл хэнд үйлчилж байгааг олон нийт мэдэх эрхтэй. Бүр шаардах эрхтэй. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн байгууллага төрөөс авсан санхүүжилтээ ил тод зарлах нь бүү хэл, ямар захиалгаар ямар мэдээлэл бэлтгэснээ ч нуугаад өнгөрөхийг хүсдэг. Тэдний хувьд эрх баригчдын таалалд нийцсэн мэдээлэл бол сэтгүүл зүй, харин эрх баригчдаас асуулт асуух нь улс төрийн дайралт болж хувирна. Ингээд л төрийн сурталчилгааг сэтгүүл зүй, захиалгат контентыг хараат бус нийтлэл, улс төрийн пиарыг редакцын байр суурь гэж нэрлэх болжээ. Мөнгө авсан нь асуултын тэмдэг биш. Мөнгө өгсөн хүнийхээ өмнө сэтгүүлчийнхээ үзгийг бөхийлгөсөн нь томоос том анхаарлын тэмдэг юм.
Сэтгүүлч хүн эрх мэдэлтнээс айх ёсгүй. Харин түүний хэлсэн үгэнд эргэлзэж, баримтыг нягталж, асуулт асууж сурах ёстой. Гэтэл өнөөдөр зарим редакцын хувьд хэн нэгэн улс төрчийн нэрийг дурдахдаа хүртэл болгоомжлох шаардлагатай болсон мэт. Учир нь тэр хүн санхүүжүүлэгч, ивээн тэтгэгч, эсвэл ирэх сонгуулийн улс төрийн тоглолтын гол дүр байж мэднэ. Захиалагчийнхаа алдааг харахгүй өнгөрөх, өрсөлдөгчийнх нь өчүүхэн алдааг дэвэргэх, нэгнийх нь үгийг гарчиг болгохдоо магтаалын өнгө оруулах, нөгөөгийнх нь үгийг тасдаж аваад дайралтын хэрэгсэл болгох нь мэргэжлийн сэтгүүл зүй яавч биш. Тэр тусмаа нөлөөт хэвлэлийн нөхдийн амнаасаа хайр найргүй унагаж буй чөлөөт хэвлэл бүр биш. Энэ бол мэдээллийн хувцас өмссөн улс төрийн үйлчилгээ. Ягааны гудамжнаас янхан худалдаж авч буй үйлчилгээтэй яг адил.
Чөлөөт хэвлэлийн тухай хамгийн их ярьдаг хүмүүс нь чухамдаа хэний мөнгөөр нөлөөт хэвлэлийн ажил хийж байгаагаа тайлбарлах дургүй, асуудлыг өөр шуугиантай үйл явдлаар булзааруулж байдаг нь тэдэнд хожоотой, түмэнд хоржоонтой. Чөлөөт хэвлэл гэдэг төрийг дандаа муулдаг, эрх баригчдыг байнга шүүмжилдэг байр суурь ч бас биш. Төр зөв зүйл хийвэл дэмжиж, буруу зүйл хийвэл шүүмжилж, хэн нэгний эрх ашгаас үл хамааран бодит байдлыг мэдээлдэг байхыг хэлнэ. Харин төрийн хийсэн бүхнийг зөвтгөж, эрх баригчдын үйл ажиллагааг хамгаалж, тэдний эсрэг дуугарсан бүхнийг дайсан мэт үздэг хэвлэл өөрийгөө чөлөөт биш нөлөөт хэвлэл хэмээн нэрлэвэл тун зохимжтой. Чөлөөт хэвлэлийн хамгийн том шалгуур бол хэнээс мөнгө авсандаа биш, тэр мөнгөнийхөө төлөө юу хийж байгаадаа оршино. Учир нь чөлөөт хэвлэл гэдэг бол нэрийн хуудас дээрээ биччихдэг гоё тодотгол биш. Энэ бол мөнгө, албан тушаал, эрх мэдэл, дарамтын өмнө бөхийхгүй байх хариуцлага юм. Чөлөөт хэвлэл ба нөлөөт хэвлэл хоёрын ялгааг одооноос эхлэн ялгаж салгах цаг болжээ. Нөлөөт хэвлэлийн ард энгийн иргэд биш эрх мэдэлтнүүд бооцоо тавьж, “боолын гэрээ”-ний дүрмээр тоглож суудаг билээ.
