img

АРДЫН ЗАСГИЙН ГАЗАР БИЛЛЯРДЫГ "МӨРИЙТЭЙ ТОГЛООМ" ХЭМЭЭН ХОРИГЛОЖ БАЙЖЭЭ

img
Үндэсний Төв Архивын Сайд нарын Зөвлөлийн хөмрөгийн 1924 оны баримтаас шүүрдэн үзэхэд биллярдтай холбоотой нэгэн өргөх бичиг байсныг дор бүрэн эхээр сийрүүллээ. Үүнд: “Нийслэл Хүрээнээ худалдаалан суугаа олон гадаад улсын харъяат хүмүүс ба буриад нар бичгээр Монгол улсын Ардын Засгийн Газрын Ерөнхий сайд танаа өргөв. Өргөн толилуулах учир:
Эдүгээ Нийслэл Хүрээний газар бүхий зочид буух газар бэлтгэсэн биллярд хэмээх бөмбөгөн наадмыг Цагдан сэргийлэх газраас "мөрийтэй наадам" хэмээн энэ өнгөрсөн аргын /Бичиг өргөн мэдүүлсэн огнооноос үзэхүйд 1923 оны 12 дугаар сар бололтой/ арван хоёр сард зогсоосон байнам. Энэхүү бөмбөг харвах наадам бусад хонжих, хохируулах наадам лугаа огт адил бус харин хүн төрөлхтөний бие махбодын тамир хүчнийг сайжруулах зэргийн тустай наадам хэмээн олон улсад үл цаазлагдсан наадам болох учрыг сонсгохоос гадна хэрвээ энэхүү наадмыг хувиар цаазлан зогсоох аваас өчүүхэн бид бүгд алба, амины аж явдал гүйцэтгэсэний дараа завсар уйтгар сэргээх газаргүй болох учрыг гаргаж, Ардын Засгийн газрын Ерөнхий сайд танаа өргөн мэдүүлээд, байдал учрыг байцаан толилж, хэл мэдүүлсэн зүйлийг ёсоор болгон өршөөхийг гуйж үүний тул өргөв.
Нэгэн мянга есөн зуун хорин дөрөвдүгээр (1924) оны Январь (нэгдүгээр) сарын таван” гэжээ.
Үүнээс үндэслэхэд биллярд хэмээх спорт монголчуудын хувьд шинээр орж ирсэн спортын нэг төрөл бус харин ч манай ард түмний эл спортын түүх төсөөлөл багаар бодоход 100-аад жилийн өмнөөс эхтэй гэж үзэж болохоор байна. Уг бичгээс харахад 1924 онд монголчууд биллярдыг аль хэдийнээ тоглож байсан бөгөөд "мөрийтэй тоглоом" бус, уйтгар гунигийг сэргээх наадаан хэмээн үзэж, биллярдыг хориглосон шийдвэрийг анхаарч үзэхийг төр засагтаа өргөн мэдүүлж байжээ.
Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.

ШИНЭ МЭДЭЭ