img

ОРДНЫ ЗОДООН

img

Төрийн соёрхолт зохиолч, СГЗ Цэндийн Доржготовын "Ордны зодоон" нийтлэлийг хүргэж байна.  
Оршил. Монголоо гэх сэтгэлийн угаас ичсэндээ нууж явдаг бодлоо бичье. Бидэнд засаг төрөө тогтворжуулах ганцхан арга бий. Тэр нь хулгайтай тэмцэхээ болих. “Хулгайгаа сөхөхөө цэглэе” гэвэл яллагдагчаар татагдсан Д.Амарбаясгалан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарын эсэргүүцэл таг унтарна, чийдэнгийн унтраалга дарсан мэт. 30-ийн бүлэг ч нам номхорч огцруулъя, тараая гэхээ мартана. Ингэснээр ордны зодоон намжиж эв эе амилна. Эрх мэдэл-их ашиг амласан боссоо хормойдож давшилсан эх оронч авхай нар ч намбажна. Чиний хулгайлсан “долоо”, миний хулгайлсан “долоохон” гэж л хэрэлдэхгүй бол. Өөр нэг үнэн бол АН улсаа хөгжүүлж, ядуу олноо чинээлэг болгоё гэх авч цаад санаа нь эрх баригч болсноор татвар төлөгчдөөс цугларсан мөнгийг намаараа хувааж идэх гэснийх. Хулгайчид хуйвалдахдаа гаргууд юм чинь хоорондоо яв цав янаглах нь тодорхой. Ийм дүгнэлт хийхэд америк боловсрол хэрэггүй ч цөлх монгол зангаараа тээнэгэлзэхгүй ингэж шууд товч дүгнэдэг мангуу надаас өөр алга. Монгол ХХI зуунд тэнэг иргэнгүй болчвуу. Сайд гишүүдийн тухай минийх шиг ийм мугуйд охор ойлголтыг шоолж, том зургаар нь эргэцүүлдэг ухаант 3,5 сая минь төр засгийн боть боть амлалт, мөрийн хөтөлбөрт самуурч улсаараа ядуурсныг худал гэх үү. Хулгайч нартай тэмцвэл тэмцсэн шиг тэмц. Бүр оройноос нь толгой дараалан ялла. Архагаас нь айж ял завшуулснаас болж хулгай үржиж буй. Яллахдаа шат шатны шүүх бурууг маш няхуур тогтоовол сургамжтай! Хүн яагаад хулгай хийдэггүй вэ? Шоронд орохоос айгаад. Шоронгүй болчвол мануус хулгайлахыг үзүүлээд өгнө. Томчуудын хулгай илэрлээ ч ял зэмгүй замхардагт атаархсан ядуус хулгай хийж шоронд ордог эмгэнэл олшров. Авлига хулгай луйвраар зад баяжсан ч шоронд ордоггүй дархан цаазат сэнтийд залрах өрсөлдөөнд, баячуудын хажуугаар улныхан ч сэвдэг. Арга ч үгүй. Тэр сэнтийд авлига хулгай эрсдэлгүй. Хариуцлага хүлээх, ял эдлэх, эгүүлэн татагдах-өөрсдийнх нь зохиосон хуулиар гишүүдэд үйлчлэхгүй. Тийм ид шидтэй сэнтийн төлөө уралцахад ичих багадна. Амь эрсдэхгүй бол дээд заяа. Гэрт хулгай хийсэн гишүүнийг гадаа гарсан хойно нь чихэдвэл ялгүй. Тийм супер хуультай. Томчууд хууль үйлчилдэггүйгээс гэмт хэрэг түймэр шиг тархах аюул нүүрлэв. Н.Алтанхуяг, З.Энхболд хоёр хэдэнтээ цагаадаж буй нь шүүгчид эрх мэдэлд сөгдөхөө больж буй эерэг үзүүлэлт.
Хулгайчдын нүдэнд төрийн өмчит компаниуд социализм л харагдаж байгаа. Нийтийн гэх эзэнгүй өмч оршиж буй цагт хулгай тасрахгүй. Газрын баялаг олны өмч гэж сурталдахад ядуус “Миний өмчийг 30 гэр бүл хулгайлчихаагүй бол би тансаглах байж” гээд анхилгүйгээ зөвтгөж өөрийгөө өмөөрдөг. “Хамаг мөнгөө оффшорчдод алдчаад шараа тайлж чадахгүй тарчилж явна” гэж өвгөнтийн архичид уйлдаг. Тэдний гоморхлыг Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ хоёр дөрөөлж, газрын баялгийг хулгайчдаас булааж аваад та нарт үнэгүй өгнө гэж попорсон. Эрдэнэтийн 49 хувийг хулгайч нараас булаамагц гүйж очоод хувиа шууд өвөртлөх юм шиг бөөн хөөр явсан ард цөөнгүй. “Газрын баялаг миний өмч” гэж бүү онгир. Хувийн хэвшил ухаалаг менежментээр намын санхүүжилт гэх дээрэм, тэрбумын шахааг устгаасай гэж залбир. Хувийн хэвшил өмчөө өм цөм алдахгүйгээ хэнээр ч заалгахгүй мэднэ. Эрдэнэтийн ашгийг эрх баригч нам бүү хамчаасай гэж мөргө. Хулгайчтай дөрөө харшуулж засаглахыг ХХI зуун тэвчихгүй. Авлига шахааны үүр-төрийн өмчит компаниуд хувьчлагдвал газрын баялгаас иргэд ахиуг хүртэнэ.
Авлигаас аль нам салгах вэ гэж үү? Аль нь ч салгахгүй. Гэгээрсэн олны хуйларсан давлагаа авлигыг оргүй арчина. Олны хүч оломгүй далай. Оюунлаг масс уухайлан тэмцэхгүй бол авлигыг намууд цэцэглүүлнэ. Галт тэрэгний урт урт цуваагаар чулуу шороогоо маш ихээр хямд тээвэрлэн хил давуулж панзлахыг мөн л гэгээрсэн олны овсгоо-шийдэх гол хүч. Тиймээс гэгээрэл юутай чухал бэ, хүүхэд минь. Гоншигонохын оронд оюунлаг монголчууд болцгоо. Газрын тос, уран олборлох төслөө нийтээр идэвхийлэн дэмждэгээ гадна дотны гацаагчдад соёлтой харуул. Соёл бол зөөлөн агаад шургуу, дайсан үүсгэдэггүй боловсон тэмцэл. Хөгжлийн хүчит зүтгүүр бол ямар ч нам биш оюунлаг олон. Монголчууд хээл хахуульд дургүй гэж ханхалздаг ч алгаа сэм тосдог өөдгүй зантай нь үнэн шүү. Төрийн түшмэдийг авлигад донтсон гэхэд хилсдэхгүй. Тэд тийм хэмжээнд ялзарчээ. Бид хахууль авдаггүй хатуу зантай бол гадна дотны авлигачид даврахгүй. Энүүхэндээ шивэгнэхэд бидэнд хэн ч хүчээр хээл хахууль тулгаагүй. Арван лангийн ембүүнд алгаа тосдог аав уу даа, хорин лангийн ембүүнд хормой тосдог ээж үү дээ гэх дууг оргүйгээс зохиосонгүй. Энэ дууны үгээр бол хахууль муу нэрт ардчиллаас үүсээгүй бүр эртнийх байх нь.
Хорлон сүйтгэгч
М.Энхсайхан Таван толгой ордоо харьд 100 жилээр үнэгүй өгч эх орноо хорлохыг завдсан гэж З.Энхболд ухуулдаг. Монголоо хорлон сүйтгэх аюулаас З.Энхболд аварсан төдийгүй харьд оргүй алдсан аварга ордоо буцаан авч ард олондоо өгсөн гэж өөрийгөө магтсаар яваа. Эсэргүү гэрээний нооргийг УИХ-аар хэлэлцүүлж, урвасан хулгайг 76 гишүүн хөдлөшгүй илчлэхээс З.Энхболд хэрхэн бултуулсныг (УИХ-аар хэлэлцэхийг спикер З.Энхболд алх цохиод хаачихсан) орхихгүй бичдэг этгээд нь-өвгөн би. Бусармагтай үл эвлэрэх уран бүтээлч хүний дэврүү зан. Хорлон сүйтгэх гэрээг 76 тэнэг баталчих нь гэж айв уу, эсвэл “аварга ордоо харьд зүгээр өгсөн гэх гүжирдлэгээ УИХ хэлэлцвэл илэрнэ” гээд чуулганд оруулалгүй өөрийгөө аврав уу? “Хорлон сүйтгэх гэрээг илчилсэн 40 гишүүний гарын үсэг” гэдэг ч эм тангаар хөлжсөн Л.Эрдэнэчимэгээс өөр нэг ч эрхэм тодроогүй. Гарын үсгээр эцэслэн шийдэх “дэг” УИХ-д байхгүй.
УИХ хэлэлцээд аварга ордоо харьд билэглэснийг тогтоосон бол зарга үүсээгүй. Гэрээний төслийг чуулганаар хэлэлцүүлэлгүй галыг өөр дээрээ авах ямар шалтгаан З.Энхболдод гарав. Таван толгой ордоо харьд 100 жил зүгээр өгсөн нь нотлогдолгүй М.Энхсайханыг албаны машины үнийн зөрүүгээр ялласан. Нарийн төмөр зам 10 гаруй жил гацаагүй бол монголчууд өдгөө чинээлэг амьдарч буй. Энэ агуу өгөгдлийг орос магнатуудад зуйрч гацаасан Х.Баттулга, З.Энхболд хоёрт би маш их гомддог зохиолч. Би монгол хүндээ л гомдохоос хар элэгтэнд гомддоггүй. З.Энхболдыг би их үнэлж байв. Урам хугарсан. Гомдлын хэмжээ итгэсний хэмжээтэй дүйж байдаг. Их итгэвэл их гомддог. М.Энхсайхан шоронгоос суллагдаж, эцэст нь З.Энхболд 40 саяар торгуулж, 4 жил нийтийн алба хаших эрхээ хасуулав. Ял сонсох ямар байна З.Энхболдоо? З.Энхболд “Таван толгойг Хятадад үнэгүй өгөх гэсэн бүлэг хонзогноод намайг сонгуульд өрсөлдөх эрхгүй болгоод хаячлаа” гэж УДШ-д давж заалдав. Таван толгойгоо М.Энхсайхан Хятадад үнэгүй 100 жилээр өгснийг УДШ нотолбол З.Энхболд гавъяагаа зүй ёсоор хүртэж, хорлон сүйтгэгч шорондоо эргэн орж ялаа эдэлнэ. Гэтэл З.Энхболд өөрийн хамаарал бүхий Страто компаниар нүүрс угааж, амьхандаа сэм баяжихаар “нүүрсээ угааж үнэ хүргэх төрийн бодлогыг” далдуур гацааж, Дарханы замын паянгаа дааж ядаж яваа Б.Энх-Амгаланг хөлдөө чирчхэв.
УИХ, ЗГ-ын тогтоолоор Оюу толгойн гэрээ хийлцсэн С.Баярцогтод 10 жил зааж, бүх хөрөнгийг хураах ял анхан шатны шүүх оноов. Юм л бол 10 жилээр зааж, бүх хөрөнгийг хурааж байсан харгислалыг амссан айлын хүү-өвгөн би хирдхийсэн. Арай л цаазаар авъя гээгүй. Сэлэнгэ аймгийн 10 жилийн сургуульд хамт суралцаж явсан чацуутнаа шоронд хадах З.Энхболдын заналыг уухайлж, “Баярцогтыг бууд” гэж шаардагч интернет дүүрсэн. Энэ хийрхэл ХХI зууны монголчуудын оюуны хоцрогдол-ухамсрын ялзралыг илчлэв. Зүрх зүссэн сталинч танил ялыг Ордны гурван давхраас ерөнхийлөгч Х.Баттулга буупгасан гэж ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хоёр мэдэгдсэн.
Өршөөл цагаатгал хоёр урвалд орж сүлэлдэх ёсгүй.
Гэмтэнг өршөөх нь бий. Нэг үгээр гэмгүйг цагаатгаад түүнээс уучлал гуйдаг. Х.Баттулга З.Энхболд хоёрын өнгөнд яллуулсан Э.Бат-Үүл, М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Ж.Эрдэнэбат, Б.Бямбасайхан нар суллагдав. Өршөөгдөв үү, цагаадав уу? Тайлбар өгөөгүйгээс зоолсон троллууд тэднийг урвагчид гэж одоо ч хараасаар тул зөнөг би урвагчдыг өршөөжээ гэж ухаарахад хүрэв. Зөв бурууг ялгаад өгөөч. Үнэнийг мэдэж тайвширъя. Эс тэгвээс Монголд өрнөсөн нялх ардчиллын сүнсийг эгүрт таслахаар чонотой нөхөцсөн баасны банхрууд мэдлэг туршилга жигдэрч яваа хэдийг маань шилж түүв хэмээн сэрдэж тогтворгүй байдал өгдөөчих гээд байна. Цагаадсан аваас хилсдүүлэгчид байж таарах агаад тэднийг заавал яллах ёстой. Ногоон малгайтны залгамжлагчдыг яагаад нуучхав? Бууны нохдоо нөөж байгаад В.Путин, Женько хоёр дахин хоршвол турхирахаар зэхэв үү.
Нүүр нүдгүй дайралт. Ноёлох оргилоос гомдолтой годройтсон Х.Баттулга хонзогнохдоо хууль ёс нулимж, бэртэгчин хүслээ хар муйхраар ил далд өрнүүлэв. Тэр булхайгаар ялж амташсан самбоч. Орос олигархиудын нөөлөг дор тушаалтай дэрвэж явахдаа аймшиггүй үйлдсэн хулгайнхаа мөрийг арилгахгүй бол тушаатай дэгэх цагт баларна гэж айсан биз. Арьсаа хамгаалахад АН-ын даргын сэнтий хуяг. Тэр гаршсан аргаараа рекетчдийг мөнгөөр урхидаж зузаарав. Эрх мэдэл-мөнгөнд нугасгүй цүнх баригчид ивээн тэтгэгчээ АН-ын даргад залаад хормойд нь шургаж, зад баяжихаар улайран хамгааллаа. Женкогийн дүрэмгүй дайралтад АН шившигтэй хагарсан нь онол-үнэт зүйлстээ итгэл үнэмшлээр нэгдээгүйгээс гадна дор бүрнээ тушаал ахих галзуу шунал тээж явдаг нь гай дуудав.
Ардчилал гэж хоосон мангарлагчид юугаа ч мэдэхгүй, нэг бол Х.Баттулгын их хуралд мянгаараа, нөгөө бол С.Эрдэнийхэд мянгаараа цугларна. Их хурлын төлөөлөгч хэмээн нийслэлд хоол зочид буудал гээд тансаглах хөдөөнийхөнд супер хожоо. Намын үзэл бүү хэл тэд өөрийнхөө үзлийг ч мэдэхгүй. Х.Баттулгын хурал дээр С.Эрдэнийг бут авна, С.Эрдэнийх дээр Х.Баттулгыг зад ниргэнэ. Аль ч намын гишүүд иймэрхүү болоо юу даа. Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулагч С.Эрдэнэ зуу гаруй мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх гөрдлөгө. Энэ пиар харанхуй гишүүдийг ханаруулсан. Харин надад өөр бодол төрдөг. Тайлбарлахыг оролдъё:
АН-ын даргын сэнтийг дүрэм бусаар булаах гэж сарлагтсан Х.Баттулгын мангуу түрэмгийлэл бүгдэд ил ч “АН-ын хагарал С.Эрдэнэ, Х.Баттулга хоёроос үүдэлтэй” гэж С.Эрдэнийг Женкотой ижилстэл гутаав. Ижилсүүлж дөнгөвөл хоёул адилхан сэжигтэй харагдаж, гарааны зураанд зэрэгцэнэ гэж тооцжээ. С.Эрдэнэ муу ч хүн бай дүрмээрээ явъя гэж зүтгэснийг би хувьдаа зөв гэдэг. Хууль дүрмээр амьдарч суръя л даа. Албан ёсны баталгаатай бүртгэл нь УДШ, УБГ-т эрхбиш байгаа С.Эрдэнийг Х.Баттулгатай хуарлуулж, хоёул буруутай гэж нийгмийг төөрүүлэх мэхийг хамтарч магадлая гэтэл бүртгэлгүй нь буюу Х.Баттулгын тал бултчихав. Үнэн илрэх-буруутанд ялагдал. Монголын хуулийг эрх мэдэл авлигын ааг, орос олигархиудын сүрээр ялж оодорсон Батттулга АН-ын даргыг гарын үзүүрээр авч шидэх гэжээ. Баттулгыг бараадагчид түүний булаан эзлэх довтолгоог зөвтгөхийн тулд “хоёр дарга, хоёр тамганы алийг жинхэнэ гэх вэ” гэж мэдэн будилсан суртал дэвэргэв. Гэнэн массыг мангартуулбал гүжирдлэг ялдагт Женько амташжээ. Мөнгөжүү Х.Баттулгын булаалтын эсрэг тэмцэхэд намын дүрмээс өөр зэвсэг байсангүй. С.Эрдэнэ намынхаа дүрмээр шинэ даргаа сонгоно гэж гүрийснээс биш сонгуульд ялагдсан ч даргын суудлаа өгөхгүй гэж муйхарлаагүй байх гэж би эерүүлдэг. Дүрмээ баримталсан чоныг ч би өмөөрнө. Х.Баттулгаас зүүгдэж “том юманд” хүрэх гэсэн цөөврүүд С.Эрдэнийг АН-ын даргаар улирах гэж шүлэнгэтлээ гэж улилдав. Түүнийг тэгж буртаглах угтаа Х.Баттулгын булайг нэмгэлэх, үгүй ядаж С.Эрдэнэтэй тэнцүүлэх явуулга. Тэгээд “хоёр хэрээний алийг хар гэх вэ” гэснээр АН-ын сэнтий булаах Х.Баттулгын нүүр нүдгүй довтолгооны дүрэм бус нь-бүдгэрэх учиртай юмсанж.
Х.Баттулгын троллууд мөн ч цадиггүй авирласан даа. Бат-Үүлийн үсийг галзуу эм зулгаасан нь угтаа намын даргын төлөөх зодооны хаялга-Женког дарга болгох талын бүлтрэлт. Увс хүүхэн хижээл Үүлийн цав цагаан халимгийг зумлах хүсэл юу билээ. Сосорбарамын нүүр лүү Бээжин гэгч олон саяын дээрмээр ял эдэлсэн цуутай хэрцгий рекетчин гурил цацав. Женког дарга болгох гэж тэр. Хурал удирдаж суусан С.Эрдэнийг олны нүдний өмнө тайзан дээр Х.Баттулгын хам гэх бөхөрхүү Алтанхуяг зодлоо. Эдгээр тэмцэл хоорондоо төстэй нь-нэг мулгуу гавлын болхи сэтгэмж болох нь андашгүй. Ганзагач Х.Баттулгын махинаци мангуу ч түүнийг няцаах хүч Монголд тодроогүй нь эмгэнэл. 17 чингэлэг спиртийн хэргийг болхи гэхээс уран гэхгүй. Чулуун зүрхтэнээс гардаг улайрсан хулгай. Урд хил рүү тавих төмөр замаа тууштай гацааж буйгаа ОХУ-д “намек”- дахаар нэг залуугаар ямар ч судалгаагүй хэд хэдэн газар онгон хөрс хий дэмий хуулуулаад мангуу ажлын нь хэрэггүй эцэстээ тодорч хариуцлага нэхэгдмэгц Х.Баттулга хөлс мөнгөө уншиж, нөгөө залуу нь хэрэгцээгүй ажилд хамаг хөрөнгөө барж, өрөнд унаж, дампуурч шатсандаа амиа егүүтгэхийг хоёр ч удаа оролджээ. Амиа хорлосон уу яасан сураг тасарсан. Зам тээврийн яамны сайд байхдаа Х.Баттулга, А.Гансүх хоёрын идэж уусан, үрж шамшигдуулсныг шалгаж ухлаа гэж тус яамны аудит Гомбосүрэн гэх залууг Махвал, Артур нарын бүлэг хэрцгийгээр зодож бүрэлгэсэн. Интерпол хайж буй Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ гээд хар мөртний золиос бологч цөөнгүй.
С.Эрдэнэ ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлэглэлийнхээ далд жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Туваан их хурлаа хийгээгүйгээр үл барам намынхаа гэрчилгээ тамгыг Х.Баттулгад сэм өгч зуйрчээ. Самрагчдыг дэмжээд сохор мухраар зүтгэвэл намтайгаа хамт нурна гэж мэд ардчилагчдаа. АН доторх эрх мэдлийн эмчилгээгүй шуналтны увайгүй явуулгын горыг муу нэрт С.Эрдэнэ үүрсэн. Удахгүй АН ч үүрэх эрсдэлтэй. Намынхаа дүрмээр Их хурлаа хуралдуулж, намынхаа дүрмээр шинэ даргаа сонгох боломжийг С.Эрдэнэд олгоогүй. Намынхаа дүрмээр явах гэж (АН-ын даргын сэнтийг дүрэм бусаар булаах гэсэн шижээргүй нөхдөд) ад болж яваа УДШ, УБГ-т дарга гэсэн данстай нь С.Эрдэнэ. Түүний данстайг шүүх нотолдог. Үүнд маргах шалтаг байгаагүй. Ийм тод гарц дүрмэндээ байсаар атал С.Эрдэнэ суудлаасаа зуурснаас болж АН хагарсан гээд “эрх мэдлийн төлөө” өлсөөд шороон царайлж хэвтсэн Ц.Туваан нарын бичлэг олны ой санамж болон архивт ч үлдсэн. Та нар Х.Баттулгыг АН-ын дарга болгохоор түүний ямар гавъяаг бишрээд, идэр есийн тэсгим жаварт хүйтэн цемент дээр хөлдөж үхтлээ өлсөв өө?
Х.Баттулга Сингапурын оффшор бүсэд охиныхоо нэр дээрх дансанд янз бүрийн луйвраар цавчсан орлого 58 сая ам. доллар байршуулсныг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг мэдээлсэн. 2018 оны 6-р сарын 19-нд “Пирамид-Орд” ХХК “Буман залуус 296 айлын орон сууц барина” гэж Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч тус зээлийн барьцаанд МоАХ-ны байрыг тавьсан. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11-р сард дуусаж, 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсжээ. Хөгжлийн банкнаас түүний авсан зээлийн нийт өр 142 тэрбум гэж мэдээлэв.Ийм этгээдийг дэмжиж өлсгөлөн зарласан та хэд шударга ёсны төлөө, авлигын эсрэг амиа дэнсэлсэн гэдэг. Хэн ч итгээгүй. Х.Баттулгыг оргилд залж, хариуд нь суга дэвших өлсгөлөн гэж шуугисныг та хэд л сонсоогүй. АН-ынхан дарга болох донгоо хумихгүй бол юун ялалт. Ирээдүй ч алга. АН үзэл бодлоор хагараагүй даргын сэнтийнээс болж хагарсан. Дарга болгохгүй бол жир гишүүн явж тэвчдэггүй хорхойгоо дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтар. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд гарааныхаа зураан дээр тэмүүлж байна.
Үхэр уусан усандаа баадаг. Бяцхан Монголд өрнөсөн хэврэг бослого хэрхэн төгсөх нь бүрхэг-эрсдэлтэй 90 онд жагсагчдын араас ил гарч хулчгар нүүрээ харуулалгүй нохойтсон Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг гурав төр засаг жолоодож үзлээ. Н.Алтанхуяг намдаа томдоод багтахгүй УИХ-д бие дааж, нөгөө хоёр нь орос олигархиуд зуйрч мега төслүүдээ гацааснаар хөгжлөө чөдөрлөв. Ардчилал, чөлөө зах зээлийн учрыг олохгүй мангартаж явсан эхний үед шинэхэн Н.Алтанхуяг сэргэлэнтэж, “Би намын дарга болно” гэж туйлахад нөхөд нь дотроо дургүй ч түүнийг гомдоож төвдөлгүй зөвшөөрсөн түүх бий. Тэр АН-ын дарга, Сангийн, Тэргүүн дэд, бүр Ерөнхий сайдын сэнтий өөд улайрч, намынхаа дэмжлэгээр хүсэл шуналаа хангаж явсан улстөрч. Үхэр уусан усандаа баадаг. Түүнд бусдаас тасархай чадвар, үлгэрлэх шударга зан байдаг бол бас яая гэхэв. Тулга тойрсон муу заль сийлэх гэж биеэ албадахдаа мохоо ухаанаа түгжирвэл арван хуруугаа дэс дараалан нэг нэгээр дарж байж мулгуу яриагаа эмхлэхчээ аяддаг тийм л лидер. “Хонгил” хичээлээ бага ангийн заах аргаар самбарт зурж тайлбарлана. Аминдаа ард олондоо номчирхож буй нь тэр. Өөрт заяагаагүй зөөлөн сэтгэл гаргахаар нүдэндээ үе үе нулимс хуруулснаа гэнэт хувирч, хонзонтой хүйтэн харцаар цоргиж сүрдүүлэх гэж оролдоно. Царай нь янз янзаар улалзаж, барьцгүй үгээ мухардвал бухах гэж заваарна-чадахгүй байж.
Энэ бүх жүжиглэлийн цаана эрх мэдлийн төлөө дайтах хорхой нь харин галзуу. Увайгүй нь нутгийнхны нь тунхагласан-увс чанар биз. Өөрийгөө зөндөөн юм бүтээсэн гэх ч АТГ-т түүний олон хавтас хэрэг цугларсан. Байцаалт өгөхөөр дуудагдах бүрдээ АТГ-ын үүдэнд телевизээр хэлмэгдэгчийн өрөвдөм дүр эсгэдэг. Хэлдэг бэлэн өчиг нь “Шударга болохоор авлигачид намайг ерөнхийлөгч болчих вий гэж айхдаа гүжирдэж байна” гэх даруу бус ганц өчигтэй нэгэн. Нийтийг уяруулж өөрийнхөө талд татаж буй нь тэр. Хавтас хэргүүд нь устсан уу яасан. Юутай ч тэр огцроод хамтрагч, хүргэн хоёр нь түүний өмнөөс ял эдлэх шиг болсон. 2014 онд Н.Алтанхуяг Рио Тинтод буулт хийсэн захидал өөрөө дур мэдэн илгээж, улс төрийн алдаа хийснийхээ төлөө огцорчхоод өдгөө Дубай, Таван толгойгоос болж огцорсон гэж жүжиглээд томорч явна. Хэцүү үед намаа нулимаад бие даагч болсон Н.Алтанхуягийг түүний шүлстэй АН-аас ерөнхийлөгчид дэвшүүл гэж УИХ дахь АН-ын бүлэг өлсгөлөн зарлаад Х.Баттулгын санхүүжилтээр нэр дэвшигч С.Эрдэнийгээ унагахаар хөлслөгдсөн троллуудтай нийлж тэмцэв. Н.Алтанхуяг сүүлдээ даварч сонгуулийн хороог хуулиа зөрчөөд өөрийгөө бүртэг гэж сүрдүүлээд бүтээгүй. Эцэст нь өөрийгөө ерөнхийлөгч болгохоор өөрөө өлсгөлөн зарлаад ч тусыг эс олсон нь Кремлийн тавиул Ю.Цэдэнпил тонилсноор “дарга болно гэвэл болдог” увс давралт улирсныг харуулав.
Хил дамжин “гахай” чирж хөлжигсөд төрийн ордноор гүйлдэж, харьд ханилж яваа нутаг нэгтнээ хулхиддаг аргаараа аварга ордуудаа булаацалдав. Булчинлаг ганзагачдад оюунлаг ардчилагчид ялагдаж шоронд хоригдлоо. Хөгжилд хүргэсэн хүн төрөлхтөний туршлага-онолтойгоо пости коммунистуудад дийлдсээр үнэ цэнээ алдав. Хуучинсгуудыг ялалтад хүргэдэг хөгжөөн дэмжигч дэндүү олон аж. Дэндүү олон тэд хэн бэ? Зуун дамнасан төөрөгдөл нь сэтгэцийн эмгэг болж гэмтсэн масс. 90 оны өвлийн тэсгим жаварт анх цуурайтсан уриа унтарсанд өвгөн зохиолч харамснам. Тиймээ ардчиллын үнэт зүйлс замхрав. Дарангуйллын өөдөөс эсэргүү үг анх чулуудсан жаалуудыг няц дэвсэнэ гэж тухайн үед онголзож явсан хувьсгалт намынхан, харааж байсан ардчилал нь өдөр ирэх тусам дэлхий даяар зөвдөөд эхэлмэгц өөрсдийгөө ардчилал чөлөөт зах зээлээр пааландаж гоёв. Намайг 50-тай хэнз өвгөн байхад тэмцэлд боссон залуус 20 гаруй насныхан байсан тул би тэднийг дүү нараа гэж хазайсан талаас нь түшихийг хичээж ирлээ. Нүүдэлчдийн коммунаас ардчилал соёолуулсан дүү нартаа мэхийдгийг минь зүхвэл зүх. Би бэлэн. Хараал хар толгойд эргэж дусна гэдэг худал. Мухар сүсгээс айлтгүй өгөр өвгөнийг зүх. Намайг зүхэгчид ч миний уншигчид. Хорвоогоос тонилсон хойно ч монголчуудын минь нэр надад хайран.
Зовинол.
Ардчилагчид нүдний булай болсонд гутарч тэдний дунд сэтгэл сэргээх нэгэн байна уу гэж хайв. Сэнгийн Эрдэнэ баавайдаа зохиолч бид хайртай. Түүний хүү Бат-Үүлийн үзэл минийхтэй нийлдэг. Монголчууд 90 оны ардчиллаа булшилж буй гутамшигт үед Үүлийнхээ тухай бичвэл уужирч юу магад гэж горьдлоо. Гуч гаруй жил сүүмэлзээд бөхөж буй ардчилалтайгаа салах ёс гүйцэтгэхэд өөр хэнийгээ ч дурсах билээ. Бат-Үүлээ, чамайг өмөөрч дэмждэг минь хэврэгшиж буй ардчиллаа л хайрласных. Чи Ц.Элбэгдорж, Х.Баттулга шиг ерөнхийлөгч, Н.Алтанхуяг шиг ерөнхий сайд, З.Энхболд шиг УИХ-ын дарга байтугай шилэн Цогоо шиг орлогч сайд ч болоогүй. Болгоогүй. Чамайг голсон юм биш. Чамаас айсан юм цаадуул чинь. Чи ардчиллын онолд бузгай нэвтэрсэн, үнэт зүйлсээ дээдлэх ёс зүйгээр тууштай нь. Энэ үгэнд чамд жөтөөрхөгчдийн шээс гоожвол гоожиг. Чиний баривчлагдан ачигдаж байгаа, аавынх шигээ цав цагаан халимгаа зулгаалгаж буйг чинь телевизээр хараад хайрладаг. Зохиолч ааваас чинь болж би чамайг өмөөрөөгүй. 30 гаруй жил дүү минь чи өөрийгөө үзүүлсэн. С.Зориг, Э.Бат-үүл нарыг хийтэй бацаанууд гэж басамжлан дооглож явсан коммунистууд ЗХУ нурмагц анхдагч хэдийг бүдгэртэл ардчиллаар галзуурсан. Ардчиллын тугийг булаасан тэд эргээд Бат-Үүл нарыгаа намнах гэж гучин жил гөрөөлөв. Чамайг УИХ-д сонгохоо больж. Өдгөө нэр дэвшигч хэн бэ гэж шилэхээс илүү сонгогчид хэн бэ гэж тунгаа. Мэдрэмжгүй сонгогчид Монголыг ялзруулав. Сонгогчид гэгээрвэл хулгайчид бус лидерүүд ялна. Сонгогчид харанхуй бол Будда ч дэвшээд нэмэргүй. Үүл минь дээ чи бидэнд итгэх хүн алга болжээ.
Ардчилал коммунизм шиг нурж, нэг намд атгуулбал Бат-Үүлийн хийсэн Бат-Үүлдээ хаяглагдана. Ардчилал сүйрвэл ардчиллаар эхэлсэн бүх шинэчлэл буруудна. Өмч хувьчлалыг санаачлагч нар хэн бэ? Бат-Үүлийн нэр дуун дээр гарна. Иргэддээ гадаад паспорт олгохыг хэн сэдсэн бэ? Бат-Үүл. Нэгдлийг хэн тарааж, малыг малчдад хэн өгсөн бэ? Орон сууцыг хувьд өгсөн эздийг яллахаар жагсаана. Буруудагч нарын эхэнд шоовдор Бат-Үүл ял сонсоод цагаан халимгаа хийсгэн зогсоно. Тариачдыг газартай болгох тракторчдын самууныг хэн турхирлаа. Бат-Үүл. Эх орноо хоосолж, иргэдээ ядуурлын балчиг руу түлхсэн гол ардчилагч бол Бат-Үүл гэж сошиал шаагина. Ардчилал баларвал Бат-Үүлийн амжуулсныг хэн ч булаацалдахгүй. Бат-Үүл ардчиллын бүх өөрчлөлтийг сэдсэн этгээд мөн нь нотлогдоно. Бат-Үүлээс ухаалаг мэтгэгч, түүнээс тууштай тэмцэгч олдохгүй. Бат-Үүл харьшгүй ясны ардчилагч. Үүлийг баатар болсонд атаархагч цөөнгүй. Үүл мэтийн шинэлэг лидерт баатар гэх хоцрогдсон алдар хэрэггүй байв. Зохиогүй. Өндөр албанд тавиагүйн төлбөр гэж би харддаг. Малчны коммуны хуаранд доромжлогдсон хөөрхий олноо эрхтэй, өмчтэй болгосон зүтгэлд чинь-ирээдүй чамд мөргөнө. Баатартай баатаргүй Бат-Үүл миний бахархал. Аавд чинь өргөх үг энэ. Зохиолчид үхсэн ч үг нь сонгуулийн пиараас удаан оршдог.
АН-ын бохирт Үүл минь хөтлөгдвөл азийн цээжинд ардчиллыг оройлсноо сэвтүүлнэ шүү. Намаас чинь ялах магадлалтай лидер олдохгүй байгаа бол чи өөрөө ерөнхийлөгчид дэвш. Чамайг бол би дуртай сонгоно. Миний ижил малууд Монголоор дүүрэн. Тэд цөм чамайг сонгоно. Чи Д.Трапп байтугай В.Путингээс ч 20-иод насны дүү. Чамайг зөнөг буурал ерөнхийлөгчид сэвлээ гэх оюуны хомсдолтой хөөрхийс тодрох далим болгоно. Өнгөрөгч зуунд модон жорлонгийн дотор хананд балай юм бичиж зурдаг хүмүүсийн хойч үе өдгөө интернетэд ой гутам коммент байршуулж таашаал авдаг болжээ гээд тэднийг бүү сонс.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

1 Сэтгэгдэл

  • khishgee [103.229.122.134]
    2026-11-14 16:35

    Энийг уншаад ядаж тал хувь нь ойлгодог болчихвол их юм өөрчлөгдөнө дөө

ШИНЭ МЭДЭЭ