img

“ШИНЭ ҮЕ” ПРОДАКШН ХОШИН УРЛАГТ ШИНЭ ЖИШИГ ТОГТООЖ ЧАДЛАА

img

Хөшиг нээгдэв. Хөгшин хүний дүрээр жүжигчин Н.Ариунболд тайзан дээр бөгтийсэн нуруутай, бүрзийсэн царайтай гарч ирэв.  Яг л өнөөгийн инфляци таазанд хүрч, иргэдийн амьдрал шалан дээр унасан мэт дүр зураг. Зарим үйлдэлд үг хэрэггүй аж. Үүнтэй зэрэгцэн танхим дүүрэн нижигнэсэн алга ташилт. Тоглолтын төгсгөлд үзэгчдийн алга ташилт  нүргэлдэг жишгийг энэ удаа жүжигчин Н.Ариунболд эвдэв. Тэрээр зургаан жилийн дараа алтан тайзан дээрээ эргэж ирэхдээ олон түмнийхээ сэтгэлд хоногшсон эмээгийнхээ дүрээр ийнхүү тоглолтынхоо эхлэлийг мөс зүсэн гарч ирэхэд үзэгчид уухайлан дэмжиж, удтал нижигнэсэн алга ташилтын дор “Шинэ үе” продакшны “Хайрыг түгээе” тоглолт эхэллээ.   

Хошин урлагийн галаа манаж үлдэж буй “Шинэ үе” продакшны тоглолтыг үзэгчид үгүйлэн санасны учир юу байв?  Тэд өдрөөс өдөрт нэр хүнд нь унаад байсан марзагнал болсон хошин урлагаа энэхүү тоглолтоороо хамгаалж чадлаа, хайрлаж чадлаа. Тэд бусадтай адил хүний зохиолыг хулгайлж тоглосонгүй, хүний эмзэг эрхтэн, биеийн бүтцийг дооглож тохуурхсангүй, хараал хэлж марзагнасангүй, хэрээс хэтэрсэн үйлдэл гаргасангүй. Монголчууд хэзээнээсээ нааш хошин шогийн мэдрэмж өндөртэй хүмүүс. Бэлэн цэцэн үг цээжинд нь явж байдаг билэг танхай ард түмэн. Харин үүнийг урлагийн тайзнаа урнаар яаж үзүүлж болохыг “Шинэ үе” продакшны хамт олон шинэ жишиг болгон тогтоож чадлаа. Хошин урлагийн эцсийн зогсоол бол хүнийг өөрийнхөө “би” рүү өнгийлгөж ичээж, уйлуулах. Тэр тусмаа монгол хошигнол бол нулимстай инээдний цаана нуугдаж байдаг агуу ухаан байдаг. Яг энэ өнцгийг “Шинэ үе” продакшны жүжигчид соргогоор мэдэрч, өнөөдрийн нийгмийг бүтээж буй өчүүхэн эрх ашгийн төлөө өт хорхой мэт арвалзах болсон өнөөгийн хүмүүсийг, өөрөөр хэлбэл намайг, таныг, биднийг чимхээд, бүр хэтрүүлж хэлбэл “цохиод” авах шиг боллоо.

Эмгэн болсон ч ээж хүн гэдэг бүхэл бүтэн хайраар дүүрэн ертөнц байдгийг эхний үзэгдэл дээр Н.Ариунболд тултал харууллаа. Эд хөрөнгөөс болж хамар хашааны хөрш нь байтугай хайрлаж өсгөсөн үр хүүхэд нь хэрхэн эвдэрч, хүнээ байж болохыг анзаарсан хөгшин хүүхдүүддээ хөрөнгө биш  хамгийн том өв хөрөнгө болох хүн хүнийхээ төлөө гэсэн сэтгэл, хэзээ ч дундрахгүй хайрыг үлдээж болохыг инээд, нулимсыг хослуулан үзэгчдэд ойлгууллаа. Энэхүү үзэгдлийн төгсгөлд үзэгчид энд тэндгүй нулимсаа арчиж, нусаа татаж байсан нь хэлэх гэсэн санаа хүний зүрхэнд байгаа оносны баталгаа байлаа.  Харин дараагийн үзэгдэл бол ханийн хайрыг харуулсан бөгөөд өдөр тутмын ажил, амьдралын буулганд хоёр биедээ цаг гаргаж чадахгүй болсон энэ нийгмийн хосын амьдралыг үзүүллээ.  Ажил амьдралын их дарамтаас болж, аав ээжийн үүргээ л гүйцэтгэдэг болсноос гэрлэлт нь бус салалт нь ихэссэн өнөөгийн нийгэмд аав ээжийн төдийгүй амраг хосын амьдралдаа цаг зав гаргах ёстойг ухааруулж чадлаа.  Хайр түгээж амьдрах нь хэн нэгэндээ тунирхах бус харилцан буулт хийхийг хамтдаа хөтлөлцөж орж ирсэн хосууд зүрхэндээ, тархиндаа мэдрээд гарсан нь ойлгомжтой. Монгол эр хүний мохошгүй эр зориг, эцсийн асуудал болоход эр нөхрийнхөө өмнөөс үхэж ч чадах монгол эмэгтэйчүүдийн их хайрыг харуулснаараа энэ үзэгдлийн үнэ цэн оршиж байгаа юм.

Тайзан дээр олон жил гараагүй ч эмээ, ээж, охины дүрээр ээлжлэн гарч ирж буй Н.Ариунболдод үзэгчид халуун алга ташилтыг нь илгээж буй нь түүний дүр үзэгчдийн сэтгэлд хүрч, түүний үг үзэгчдийн зүрхэнд хүрч байгааг илтгэнэ.  Эмэгтэй хүнийг дооглолоо гэсэн хошин урлагийн талаарх шүүмж байдаг ч дүрдээ хувирч, орж чадвал шаагисан алга ташилт шагнал болон ирдэг аж.  Ачааны хүнийг үүрч, тоглолтынхоо нурууг авч гарсан Н.Ариунболдод талархахаас өөр аргагүй. “Шинэ үе” продакшныг Амбий, Бооёо, Хүрлээ гэсэн алтаар бичигдэх нэрс дагалддаг ч амьдралын хатуу жамаар Амбий өвчний учир таалал төгсч, Д.Хүрэлхүү хошин урлагаасаа хөндийрсөн. Харин тэдний залгамж халаа болох залуу жүжигчдээр хаяагаа тэлж, ханаа дугуйлсан “Шинэ үе”-ийнхэн шижигнэсэн тоглолтоо үзүүлж чадлаа.

Оюутны ширээнээс жүжигчин нь болох замналаа эхэлж байсан жүжигчин Г.Отгонтуяа, Д.Оюунтуул нар Бооёотойгоо хорших хэмжээний чадварлаг жүжигчин болсон бол Х.Отгонтунгалаг гэх авьяаслаг, царайлаг жүжигчин хошин урлагт хоосонгүй болохоо харуулж, өөрийгөө тамгалж чадлаа.  Б.Батхүү, Б.Алдар, С.Алтангэрэл, Б.Ганзориг гэх авьяас нь аагтай цай шиг даргилсан залуусаар хүчээ нэмсэн “Шинэ үе”-ийнхэн хошин урлагтаа шинэ үе болон орж иржээ.  Орчин үеийн залуусын үгэн барилдаанаар наадаж, үзэгчдээ өнгө будгаар бус үнэнийг хошноор урнаар харуулж ойлгуулсан “Шинэ үе” продакшныхан шижигнэсэн алга ташилт дор хайрыг түгээсээр байна.  Аливаа тоглолтод очсон хүмүүс гар утсаараа бичлэг хийж, амттан шимтэн идсээр цагийг бардаг бол тус тоглолтын үеэр нэг ч хүн утсаараа бичлэг хийсэнгүй, уут шажигнуулж идэж уусангүй. Бүх үзэгчид зүрхэндээ хайрыг мэдэрч, тархиндаа тоглолтоо хадгалав.  Талархлын үгээ хэлж, тоглолтын хөшиг хаагдаж дуустал үзэгчид суудлаасаа өндөлзсөнгүй, алга ташилт үргэлжилсээр... Хоёр цаг гаруй үргэлжилсэн тоглолт хэдхэн минут болоод өнгөрсөн мэт жүжигчид танхим даяар хайрыг түгээж, үзэгчид нь хайраар дүүрч тоглолт өндөрлөсөн юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ