Улсын аварга Ч.Санжаадамба бусдад хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогдсон хэргийг шүүх хурал боллоо. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг хэлэлцээд аварга Ч.Санжаадамбад бусдад гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг үндэслэлээр ял шийтгэл оноохгүй байхаар шийдвэрлэжээ.
Ч.Санжаадамба нь Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх бөгөөд Монгол Улсын 22 дахь аварга юм. Тэрээр цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан авч байсан аралтай, чацтай бөх. 2010 оны цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн, мөн Гиннесийн номд зориулсан 6002 хүчит бөхийн барилдаанд түрүүлж Гиннесийн номд нэрээ мөнхөлсөн тэрээр Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж Монгол Улсын аварга цол авсан гэх түүхэн амжилтуудын эзэн. Монгол бөхийн түүхэнд бяр чадлаараа баргийн аавын хүүг бараадуулахгүй байсан тэрээр сэргээш хэрэглэсэн бөхчүүдтэй барилдахгүй хэмээн ид барилдаж байх үедээ зодог тайлсан билээ.
