Бүгд
Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Батлан
хамгаалахын сайд Д.Батлут БНТУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Яшар
Гүлэртэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Сайд Яшар Гүлэр Монгол
Улсын батлан хамгаалах салбарын төлөөлөгчдийг албан ёсоор угтан авч,
хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулснаар хоёр орны өндөр түвшний уулзалт
албан ёсоор эхэлсэн юм. Үүний дараа сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, хагас
зуун гаруй жилийн түүхтэй дипломат харилцаа болон батлан хамгаалах салбарын
өнөөгийн байдал, цаашдын стратегийн чиг хандлагын талаар гүнзгийрүүлэн санал
солилцов.
Өргөтгөсөн
уулзалтын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын батлан хамгаалах салбарын
уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын
Засгийн газар хоорондын:
Цэргийн
сургалтын хамтын ажиллагааны протокол
Цэргийн
салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр
Санхүүгийн
тусламжийг хэрэгжүүлэх протоколыг үзэглэлээ.
Цэргийн
сургалтын хамтын ажиллагааны протокол нь хоёр улсын Зэвсэгт хүчний алба
хаагчдыг харилцан сургах, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох, цэргийн
боловсрол, сургалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна. Цэргийн
салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр болон Санхүүгийн
тусламжийг хэрэгжүүлэх протоколын хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах
салбарын чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, сургалт
бэлтгэлийг дэмжих, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж
нэмэгдэх юм.
Уулзалтын
төгсгөлд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут хоёр улсын батлан
хамгаалахын салбарын түншлэлийг бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь
өндрөөр үнэлж, БНТУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Яшар Гүлэрт “Олон улсын
цэргийн хамтын ажиллагааны төлөө” медалийг хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм.
Энэхүү айлчлал нь хоёр улсын Засгийн газар хоорондын цэргийн салбарт хамтран
ажиллах тухай хэлэлцээрийг 11 жилийн дараа дахин байгуулж чадсанаар онцлог
боллоо.
