Сүүлийн үед нийгэмд ноцтой асуудал үүсгэх хэмжээнд очоод байгаа мэдээллийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа өгч, хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн. Түүнийг ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар яг одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Тэрээр МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ “Намайг авч үлдэх гэсний хэрэггүй шүү, би нэрээ ч цэвэрлэнэ, намаа ч цэвэрлэнэ” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн. Харин энэхүү нийгэмд дуулиан дэгдээгээд байгаа “Бодь” компанийн 110 сая долларын асуудлаар Шадар сайд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж, УИХ-ын 32 гишүүний гарын үсэг цуглуулж байгаа талаар мэдээллээ. Тэрбээр “Түр хороо шиг сонирхлын зөрчилгүй, хараат бус 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Хянан шалгах түр хороонд MCS компанид ажиллаж байсан, тус компани болон охин компаниудаас нь сонгуулийн санхүүжилт авсан, төрийн өндөр албан тушаалтны туслах, зөвлөхөөр ажиллаж байсан гишүүд орох ёсгүй. Мөн шалгалтын явцад мэдүүлэг өгөх гэрчүүдийн аюулгүй байдал, эрх зүйн хамгаалалтыг хангах шаардлагатай” гэв. Мөн тэрээр “Ерөнхийлөгч өөрөө өргөдлөө өгч, ажлаа өгснөө шалгуулъя гэж байна. Үүнд хүндэтгэлтэй хандаж байна. Мэдээж үүнийг дэмжиж кнопоо дарна. Эргэлзээд байх зүйл алга. Х.Баттулга заавал ажлаа өгч шалгуулах ёстой. Тэмцэл хийх юм бол би УИХ-ын гишүүний хувиар үүнийг зарчмын шаардлага болгож тавиад, тэр чигтээ явна. Ажлаа өгч болдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр үзүүлчихлээ” хэмээв. Гэхдээ Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа тэргүүтэй холбогдох албан тушаалтнуудыг ажлаа өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Тэрбээр “Нохой засуулсан эзэндээ үнэнч гэдэг. АТГ, ЦЕГ, ТЕГ, УЕП-ын байгаа царайг хар. Дандаа дээрээс өгсөн даалгавраар хүн хэлмэгдүүлнэ. АТГ-ын дарга З.Дашдаваа мэтийн нөхөд байгаа цагт нохойн замаар орно. Үтэр түргэн зайлуулах ёстой” гэлээ.
