img

ХУДАЛДАЖ АВСАН НАР

img

Орчил үгүй ертөнцийн оройн дээд дэнлүү болсон амьдрал тэтгэх алтан нарыг хөвөн цагаан үүлээс өөр юу ч халхлах ёсгүй байтал нийслэл хотод амьдарч буй иргэдийн хувьд өглөөний нар, өдрийн гэрэл хөрш зэргэлдээ барилгын компаниас хамаардаг хачин үзэгдэл улам нэмэгдсээр байна. Өчигдөр цонхоор нь тусдаг байсан нар өнөөдөр өндөр барилгын цаана үлдэж, гэр орон нь сүүдэрт автахад иргэд хаана хандахаа, эрхээ хэрхэн хамгаалахаа мэдэхгүй суух нь бий. Нар тусахгүй гэрт харанхуй нөмөрлөхөд иргэд өдрийн цагаар гэрлээ асааж, гэгээ нэмэх нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Цахилгааны үнэ шат дараатай нэмэгдсэн энэ үед өдөр, оройгүй гэрлээ асаасныхаа төлөө өмнө нь төлдөг байсан үнээ хэд нугалж төлөх болов. Гэхдээ нараа бусдад булаалгаад эвлэрэх албагүй, эрхийнхээ төлөө тэмцэх боломж иргэдэд бас бий. Монгол Улсад нарны тусгалыг хаасан барилгын асуудлаар шүүхэд хандаж, эрхээ хамгаалан, нөхөн төлбөр гаргуулсан нэгэн бодит жишээг хүргэе.

2022 оны гуравдугаар сарын 20-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн нэгэн хэрэг анхаарал татав. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Нархан” хотхоны оршин суугч М.С-ийн орон сууцны урд “Хансвилл” хотхоны барилга баригджээ. Тэдний орон сууцнаас ердөө 13 метрийн зайд 17 давхар барилга сүндэрлэсэн байна. Үүний улмаас урагшаа харсан цонхоор тусдаг нарны гэрэл бүрэн халхлагдаж, амьдрах орчин болон орон сууцны хөрөнгийн үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн гэж нэхэмжлэгч гомдол гаргажээ. Барилга хоорондын зай болон нарны тусгалын норм, дүрмийн зөрчлийг шүүх хурлаар хөндөж, тухайн үед мөрдөгдөж байсан барилгын нормоор 16 давхар барилгын хувьд хөрш байрнаас 32 метрийн зай шаардлагатай байхад 13 метрийн зайтай барьсан асуудал маргааны гол үндэслэл болсон байна.


Анхан шатны шүүх 2022 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон барилгын ажлын зөвшөөрлийн холбогдох хэсгийг хууль бус гэж үзэн, М.С-д нарны ээвэрлэлтээс шалтгаалсан орон сууцны үнэ цэнийн бууралтын хохиролд 68,938,000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Улмаар 2024 оны гуравдугаар сарын 31-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дахин шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан байна. Энэ шийдвэрээр 2019 оны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоож, орон сууцны үнэ цэнийн бууралтын хохиролд 68,938,000 төгрөгийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулахаар тогтоожээ. Нарны тусгал хаагдсан гэх гомдол дангаараа нөхөн төлбөр авах үндэслэл болохгүй ч барилгын зөвшөөрөл хууль зөрчсөн эсэх, иргэний эрх ашиг хэрхэн хохирсон, орон сууцны үнэ цэнэ бодитоор хэдээр буурсныг холбогдох байгууллагуудын нотлох баримт болон мэргэжлийн үнэлгээний тайланд үндэслэн шийдвэрлэсэн нь энэ хэргийн чухал жишиг болжээ.

"НАРХАН" ХОТХОН "СҮҮДЭРХЭН" БОЛСОН НЬ

Шүүхээр шийдэгдэж, эрхээ хамгаалж чадсан сайн жишиг байгаа ч харамсалтай нь  “Нархан” хотхоны 51, 51а, 51б, 53 байруудын 1, 2 дугаар орцны 50 гаруй айл өнөөдөр нар үзэхгүй нөхцөлд байна. Энэ талаар тус байрны оршин суугч Д.Нарантуяа: “Манай “Нархан” хотхон анх баригдахдаа аль ч байр нь тал талаасаа нар үздэг сайхан хотхон байлаа. Ёстой л нэрэндээ таарсан газар байсан. Харин “Хансвилл” хотхон чанх урд баригдсанаар бид нар үзэхгүй нөхцөлд орж, одоо баруун урд зүгт бас л том барилгууд баригдсанаар огт нар үзэхээ больсон. Нар үзэхгүй болохоор гэрт сэрүү татаж, их тухгүй байдаг. Өвлийн цагт өмнө нь нар тусдаг байхад халууцах шахам өвөлждөг байлаа. Гэрийн паарны халаалт хэр байгааг ч анзаардаггүй байсан. Харин барилга баригдаж, сүүдэрлэх болсноор өвөл, зунгүй гэрт харанхуй нөмөрлөж, сэрүү татдаг. Паараа халахгүй байгаа юм болов уу гэж бодож, очиж барьж үздэг болсон. Гэтэл паар үнэхээр сайн халж байдаг. Нар гэдэг байгалийн гэрэл төдийгүй барилгын гадаад, дотоод орчин, хүний эрүүл мэнд, амьдрах орчинд ямар нөлөөтэй байдгийг бодитоор мэдэрч байна. Оршин суугчид “Нархан хотхон маань Сүүдэрхэн болсон шүү дээ” хэмээн халагладаг. Бүр хажуу байрныхаа цонхоор бие биедээ 00-ийн цаас өгч болох нь гэж хошигнон ярьдаг” хэмээн зовлонгоо хуваалцав.


Оршин суугчдын ярьж буйгаар урд талд баригдсан өндөр барилгууд нарны гэрлийг хааж, өмнө нь цонхоор тусдаг байсан нар өдрөөс өдөрт багассаар байна. Баруун талаас үдээс хойш тусдаг байсан өчүүхэн гэрлийг ч шинэ барилга халхалж эхэлжээ. Нар тусдаг, гэрэл гэгээтэй, дулаан байранд амьдрахын тулд мөнгөө төлж орон сууц худалдан авсан хүмүүс өнөөдөр өөрсдийн цонхоор нар бүү хэл тэнгэр чөлөөтэй харах эрхгүй болох шахаж байна.

Оршин суугч Б.Гэрэлмаа “Манай хотхон нийслэлд баригдаж буй бусад хотхонтой харьцуулахад барилга хоорондын зай стандарт, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайг шийдэж өгсөн хотхон. Мөн Олимпийн гүүр ашиглалтад орсноор хотын төв ороход ердөө 1.5 км болсон тул байршлын хувьд үнэ цэнтэй. Гэтэл байрны үнэ жилээс жилд унаж байна. Нар тусдаггүй гээд хүмүүс үзчихээд голдог. Одоо баруун талд маань бас л маш өндөр барилга баригдаж эхэлснээр үдээс хойш үздэг байсан нар үзэгдэхээ больсон. Оршин суугчид очиж уулзаад “Үдээс хойших нарыг маань үлдээж өгөөч” гэсэн ч барилгын компани “Нэгэнт төрөөс холбогдох бүх зөвшөөрлөө авсан болохоор та нарын эсэргүүцэл бидэнд огт хамаагүй” хэмээн томордог. Нарны тусгалгүй болсноор эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх маань зөрчигдөж байгааг мэдэж, хоорондоо ярилцдаг ч хэнд хандаж, хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ л нэг барилгын зөвшөөрөл олгохдоо нөгөө талын эрх ашгийг зөрчөөд байдаг зөвшөөрөл олгодог шат шатны төрийн байгууллагуудад маш их гомдолтой байна” гэв.





Энэ үеэр бидний дэргэдүүр хүүхдийн тэрэгтэй залуу гэр бүл зөрөн өнгөрлөө. Тэд өмнө нь гэрийнхээ гадаа хүүхдээ нар, салхинд гаргадаг байсан бол одоо нар тусахгүй болсон тул хотхоноосоо гарч замын эсрэг талд байрлах “Жаргалан” хотхоны хашаанд орж, хүүхдээ салхилуулдаг болжээ. “Бид залуу гэр бүл, банкны зээлээр байр авсан чинь тал талаас нь өндөр барилга баригдаж бүслээд одоо нар үзэхгүй болсон болохоор хэцүү байдаг. Байраа зараад өөр газар авъя гэхээр ирж үзсэн хүмүүс нар тусдаггүй гээд голдог. Одоо бүр хүүхдээ нарлуулах газаргүй болоод замын эсрэг талд гарч салхилуулдаг” хэмээн ярилаа.


Харамсалтай нь энэ бол зөвхөн “Нархан” хотхоны асуудал биш. Улаанбаатарын олон хороололд оршин суугчдын цонхны өмнө тулгаж барилга барих, нарны тусгал, байгалийн гэрэлтүүлгийг хязгаарлах, амьдрах орчныг дордуулах үзэгдэл давтагдсаар байна. Гэвч иргэд ийм асуудалтай тулгарахдаа хаанаас эхлэхээ мэддэггүй. Барилгын компанид гомдол гаргах уу, хотын захиргаанд хандах уу, холбогдох хяналтын байгууллагад мэдэгдэх үү, эсвэл шууд шүүхэд өгөх үү гэдгээ эргэлзэн тээнэгэлзэнэ. Зарим нь “Одоо яалтай билээ” гээд эвлэрч орхидог нь төрийн байгууллагуудын хууль зөрчсөн шийдвэрүүд гарах эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна.

НАР БОЛ ТАНЫ ӨМЧ

Харин иргэн М.С эрхээ хамгаалахын тулд шаардлагатай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж чадсанаар 68,938,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж, халхлагдсан нарныхаа үнэ цэнийг мөнгөн дүнгээр үнэлүүлж чаджээ. Түүний энэ жишгээр иргэд эрхээ хамгаалах боломжтой юм. Хамгийн гол нь барилга баригдахаас өмнөх болон баригдсаны дараах орчны гэрэл зураг, видео, нарны тусгалын өөрчлөлт, барилга хоорондын зайг сайтар баримтжуулах хэрэгтэй. Мөн тухайн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрөл, ашиглалтад оруулсан баримт бичгийг эрх бүхий байгууллагаас хүсэх ёстой. Түүнчлэн барилга хоорондын зай, нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа, байгалийн гэрэлтүүлэг барилгын норм, дүрэмд нийцэж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох нь чухал.

Эдгээрээс хамгийн чухал нь нарны ээвэрлэлтийн хугацаа багассанаас орон сууцны зах зээлийн үнэ цэнэ буурсан эсэхийг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж, бодит хохирлоо баримтжуулах явдал юм. Энэ нь эрхээ хамгаалахад том дэмжлэг болно. Улмаар баримтуудаа бүрдүүлэн шүүхэд хандаж, хохирлоо нэхэмжилж, хууль бус шийдвэр, үйлдлийн улмаас үүссэн нөхөн төлбөрийг гаргуулах эрх үүсдэг. Нар бол барилгын компанийн өмч биш харин таны өмч. Өнөөдөр “Нархан” хотхоны оршин суугчид “Сүүдэрхэн” болсон хэмээн гомдоллож байгаа ч маргааш өөр хорооллын иргэд мөн адил нөхцөлд орж болзошгүй тул иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг хүний эрхийн хуульчид онцолж байна.

Олон улсад ч нарны тусгал хаасан барилгын асуудлыг шийдсэн жишиг цөөнгүй. Тухайлбал, БНСУ-ын Дээд шүүх 2014 оны хоёрдугаар сарын 27-нд шинээр баригдсан барилга хөршийн орон сууцны нарны тусгалыг хэт ихээр хаасан бол хууль зөрчсөн гэж үзэж болох шийдвэр гаргажээ. Барилгын ажил тухайн үеийн нормыг хангасан байсан ч нарны тусгалын бодит хохирол хүлээн зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хохирсон иргэд нөхөн төлбөр шаардах эрхтэй байдаг. Иймээс БНСУ-ын барилгын компаниуд зэргэлдээ барилгынхаа нарыг хаахгүй байхын тулд зураг төслөө анхнаасаа маш нягт гаргадаг жишиг тогтжээ.


Мөн 2025 онд Лондоны шүүх хөршийн орон сууцны байгалийн гэрэл тусах эрх зөрчигдсөн маргааныг хэлэлцэж, зарим орон сууцны өмчлөгчид тус бүр 500,000 болон 350,000 фунт стерлингийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн тохиолдол гарсан байна. Гэхдээ энэ жишиг зөвхөн гадаадад хэрэгждэг зүйл биш. Манай улсад хохирлын үнэлгээний мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд хохирлыг зөвхөн осол, гамшгаар хязгаарлалгүй иргэний болон захиргааны маргаанд ч үнэлүүлэх боломжтой. Цаг өнгөрөх тусам нотлох баримт бүдгэрэх эрсдэлтэй тул хохирлын үнэлгээг цаг алдалгүй мэргэшсэн үнэлгээчнээр хийлгэх нь чухал юм.

Өнөөдөр манай улсад 68 сая гаруй төгрөгөөр халхлагдсан нарныхаа үнэ цэнийг нөхөн төлбөрөөр үнэлүүлсэн шүүхийн жишиг тогтсон ч цаашид иргэд нарыг “худалдаж” авах хэмжээнд хүргэлгүй, амьдрах орчноо хамгаалж чаддаг нийгмийг бүрдүүлэхийн тулд иргэд өөрсдийн оролцоо маш чухал болохыг хүний эрхийн хамгаалагчид сануулж байна. Нэг иргэний оролцоо ч ямар үр дүнд хүрч болохыг Польшийн алдарт шог зураач Павел Кучинский "Нар" бүтээлээрээ нийгмийг сэрээж чадсан юм. 


Төлөвлөлтгүй барилгажилт, бодит шийдэл дутагдаж буй нөхцөлд өнгөц шийдвэр гаргадаг төрийн байгууллагуудын хандлагыг Польшийн алдарт зураач Павел Кучински “Нар” бүтээлээрээ хурц егөөдөн дүрсэлжээ. Тэрээр утаа, бохирдлоор тэнгэр бүрхэгдсэн үед харанхуй дунд шар будгаар нар зурж буй хүнийг дүрсэлснээр “Байгалийн нар халхлагдахад бидэнд зурсан нар үлддэг” хэмээх санааг гаргаж, хурц асуудалд олон нийтийн анхаарал, дуу хоолойг сэрээхэд ямар хүчтэй нөлөөтэй болохыг харуулсан юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд honh.mn хариуцлага хүлээхгүй болно. honh.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг honh.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.


Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=

0 Сэтгэгдэл

ШИНЭ МЭДЭЭ