2025 онд унадаг дугуй, цахилгаан скүүтер, мопед, мотоциклтой холбоотой нийт 420 осол бүртгэгдэж, 730 хүн гэмтэж бэртсэнээс цахилгаан мопедтой холбоотой 191, цахилгаан мотоциклтой холбоотой 164, цахилгаан скүүтертэй холбоотой 65 осол тус тус гарчээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээр осолд өртөгсдийн дийлэнх нь хүүхдүүд бөгөөд гавал тархи, нуруу нугасны хүнд гэмтэл зонхилж байна. Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдүүддээ өндөр хүчин чадалтай цахилгаан мотоцикл авч өгөх нь нэмэгдсэн нь эрсдэлийг дагуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд ийм төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой хоёр хүүхэд амь насаа алдсан хэрэг бүртгэгджээ. Мөн бага насны хүүхдийг урдаа зогсоон цахилгаан скүүтерээр зорчих зөрчил түгээмэл байгаа тул хяналтыг чангатгах аж. Дөрөвдүгээр сараас эхлэн 16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан скүүтер, мопед түрээслэхийг хориглох эрх зүйн зохицуулалт хэрэгжиж, зөрчил гаргасан тохиолдолд торгууль ногдуулна. Тээврийн цагдаагийн албаныхан эцэг эхчүүдийг хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, насанд тохироогүй тээврийн хэрэгсэл ашиглуулахгүй байхыг зөвлөсөн бөгөөд бага насныхны оролцсон осол, зөрчил Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэгт хамгийн их бүртгэгдэж, хоёр дугуйт тээврийн хэрэгслийг буруу ашиглах нь явган зорчигчдод ч аюул учруулж байгааг анхаарууллаа.
