Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокуророос гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцээд хүсэлтийг хангажээ. Ингэснээр түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорьж байгаа аж. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, Т.Даваадалайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “…хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх…” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзжээ.
