Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг долоо хоногийн өмнө хойшлуулшгүй ажиллагаагаар хуулийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлсэн билээ. "Туулын хурдны зам"-ын төсөлтэй холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн албанаас Т.Даваадалайн орон сууцанд нэгжлэг хийж, 48 цагийн хугацаанд баривчлаад сулласан юм. Түүний эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Иймд тухайн хэргийг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлж, улмаар тус газраас Т.Даваадалайг яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах, 17.4 дүгээр зүйл буюу хөрөнгө завших гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
